2. Хамгийн бүтэлгүй нь чи.

531 98 11
                                    

"Та сая юу гэсэн бэ?" хэмээн бараг л орилох шахам хэлээд, суудлаасаа үсэрч босч ирж байхад Ду багш ямар ч царайны хувирал үзүүлсэнгүй.

Энэ багш чинь надаар даажигнаад байна уу? Аль эсвэл ямар нэгэн янзын шийтгэл үү?

Ду багш өнөөх төв царай, үл өөрчлөгдөх хоолойныхоо өнгөөр "Сонсоогүй хэрэг үү? Ким Хэми ангийн дарга болох болно оо гэж байна." хэмээн хэдхэн хормын өмнө хэлсэн зүйлээ давтан хэллээ.

Би үнэхээр буруу сонсоогүй байна. Аль эсвэл би галзуурчихаад хий юм сонсоод байгаа юм болов уу? Яаж бодохоороо намайг ангийн дарга болж чадна гэж боддог байна аа? Өчигдөрхөн л намайг ямар бүтэхгүй сурагч болох талаар анги даяар зарлаад байсан юм байж.

Багшийн энэ шийдвэрийг сонсоод зөвхөн би гэлтгүй бусад сурагчид ч гайхсан харагдана. Болж бүтэхгүй зүйлс хийж явдгаараа алдартай Ким Хэми ангийн дарга болно гэдэг үг тэдэнд яаж ч хичээгээд итгэж чадахаар зүйл биш байлаа. Мэдээж шүү дээ, би өөрөө ч итгэж чадахгүй байхад.

"Гэхдээ багш аа, ангийн даргаа олонхийн саналаар шийдэх хэрэгтэй юм биш үү?" хэмээн нэг сурагч ам нээлээ.

Зарим нэг сурагчид түүний хэлсэн үгтэй санал нийлэн толгой дохицгоох бол заримд нь ямар ч хамаагүй бололтой үл тооцгооно.

"Миний яриа тийм сул байна уу? Ким Хэми ангийн дарга болно гэж хэлснийг минь сонсохгүй байгаа хэрэг үү? Аль эсвэл та нар бүгдээрээ солонгос хэл ойлгохоо больчихсон юм уу?"

Энэ удаад Ду багшийн ярианы өнгө арай илүү ширүүн мөн ууртай сонсогдсон тул дахиж хэн ч түүнийг эсэргүүцэж үг хэлсэнгүй. Чив чимээгүйд автсан ангид бараг ялаа дүнгэнэх чимээ ч сонсогдохоор байв. Энэ аниргүйг эвдэн Жэхён их л чанга мөн цоглог хоолойгоор "Хэмидээ баяр хүргэе." гэж хэлээд алга ташихад бусад сурагчид ч дуртай дургүй алга ташицгааж байв.

Багшийг байгаа болохоор л хэн ч дургүйцлээ ил гаргахгүй байгаа ч тэд бараг л бүгдээрээ намайг ангийн дарга болсонд дургүй байгаа нь мэдээж. Ангийн хамгийн онц сурлагатан ч биш, нийгмийн идэвхитэн ч биш, аль эсвэл сайхан ааштай сайн охин ч биш байхад яалаа гэж Ким Хэми ангийн дарга болдог юм гэж гайхаж байгаа биз?

Ангийн дарга гэдэг сонсоход тийм ч сүртэй биш ч гэлээ их сургуулийн өргөдөл явуулахад хичээлээс гадуурх үйл ажиллагаа гэдгээр тооцогдон бага ч болов нэмэр болдог юм л даа. Тэгэхээр Сөүлийн их сургууль мөрөөддөг сурагчдын хувьд авахыг хүссэн зүйлийн нэг нь мөнөөсөө мөн. Гэтэл Сөүлийн их сургууль байтугай их сургуульд орж чадах эсэх нь ч эргэлзээтэй над шиг сурагч ангийн дарга болсон нь үнэхээр хачин тохиолдол гэхээс өөр юу гэх билээ?

"Багш аа, надтай болзооч?" | dksWhere stories live. Discover now