...

488 44 0
                                    


Хоосон өрөөнд бичгийн машины товчлуур товших чимээнээс өөр юу ч үл сонстоно. Бүдэгхэн дэнгийн гэрэл хожуу жаргах нарны туяаг санагдуулам улаан шаргал өнгөөр анивчин байна. Дутуу хаасан цонхны хөшиг салхины илчинд нэг нааш, нэг цааш үе үехэн сэвэлзэж, ёлтойн үзэгдэх лааны ганц дөл түүнтэй хоршин наадах нь тааламжтайяа...

Зохиолч энэ нам гүмээр хэр удаан хоосон ширээ ширтэж суусаныг үл мэднэ. Ууц нуруу нь хөшиж, хонго нь халуу оргин жирвэлзэж эхлэхэд л сая өөрийгөө бүх л шөнийн турш бичгийн ширээний ард суусан гэдгээ анзаарлаа.Хавирган сар бөөвийчихөөд нүүж дуусаагүй үүлний цаанаас үе үехэн түүнийг ажиглаж байгаа мэт санагдсанд алгуурхан босч ганцхан шорт хийлгэн хөшгөө хаалаа. 

Умгар өрөөний баруун буланг тэр чигт нь эзлэн байрласан саяхан ард нь сууж байсан эл бичгийн ширээ өсөж хүн болгосон буурал эмээгээс нь үлдсэн ганц зүйл. Ухаан орсон цагаас л эмээгийн гэрийн хойморт өрөөтэй олон номуудыг сүндэрлүүлчхээд ганц ч удаа гар  хүргэдэггүй байсан ширээ одоо түүний өмч .Нэг талын буланд нь багахан халцарсан ч ястай хуучны эд гэсэн шиг огтоосоо өөрөөр хэмхрээгүй, дэрлээд түрхэн хажуулдахад тухтай гэж жигтэйхэн... эмээгийн ширээнээс эмээ үнэртдэг. Борцтой цай, бэх, өгөршөж хуучирсан даавууны үнэр, хааяахан хатуу чихэр...гэж бодчихоод зохиолч зузаан хүрмээ хэдрэн гарлаа.

Намар оройн хааяахан таардаг дулаан салхи энэ үдэш тохиожээ. Хэдхэн цаг л өнгөрөхөд үүр цайна. Дахин нэг өдөр илчит нар хорвоог гийгүүлнэ. Тэр хүртэл шөнийн үзэмж төрхөө тодруулах биз ээ. Хаачихаа мэдсэнгүй. Хаашаа ч харсан ижилхэн үзэгдэх модод, навчис, хашаа, цемэнт, шавар байшин, хаа нэг улалзах зоогийн газрын хаяг, эзэнтэй ч гэрэлгүй цонхнууд, эзнээ хүлээсэн гэрэлтэй цонхнууд, хөшиг, хар сүүдэр, хунтлагны халаттай эмэгтэй . Хотын шөнө өнөөх л хэвээрээ...нам гүм...

Хувьдаа тэрээр ийм л нам гүм шөнүүдэд дуртай. Ийм л нам гүм шөнөөр эмээгийн үнэр шингэсэн өндөр том ширээнийхээ ард хөглөрсөн олон цаасан дунд суух хичнээн сайхан. Гэсэн ч нэг л өглөө сэрэхэд үзэг цаас, ном, бэхний сав, бичгийн хуучин машин бүх зүйл  хэвэндээ,эмээгийн ширээний үнэр хүртэл байх ч нэг л зүйл алга болчихсон мэт хоосон оргиж байлаа. Юу нь үл мэдэгдэх тэр алдагдан зүйл, хоосрол түүнийг гурван жилийн турш чилээжээ...

Гэнэт гарсан эрэгтэй хүний хоолойгоо засах чимээ цочоож орхилоо.Өөрөөс нь өөр хүн үгүй гэж  санасан гудамжинд  түүнээс хэдэн алхмын зайтай бөөгнөсөн хар сүүдрээс өнөөх дуу гарчээ. Харанхуй шөнө, тас хар юүдэнтэй богино хүрэм өмсөж, нугдайн суусан эр цуваанаасаа хоцорсон үүлсийн сүүлчийг санагдуулам аниргүй.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Feb 03, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Дурсамжийн тухай яриа...Where stories live. Discover now