Охиноо сүүлчийн замд нь үдэж өгөхдөө би уйлаагүй. Яагаад гэдгээ би өөрөө ч мэдэхгүй байсан юм. Оршуулганд ирсэн хүмүүс бүгд л нялхаараа өнгөрсөн охиныг минь өрөвдөн зарим нэг нь нулимс дуслуулах бол өөр бусад нь дор бүрнээ шивэр авир хийн ам уралдан ярьцгаана.
Харин би үүд рүү зогсолтгүй итгэл тээн ширтсээр байсан юм.
Дотор минь эргэлдэх сая сая бодол дунд би аль хэдийн төөрсөн байлаа."Зарим хүмүүс зүгээр л амьдрах эрхгүй хорвоо юм даа"
"Харин тиймээ, хэдий алт мөнгөн дунд живсэн ч арай гэж төрүүлсэн ганц охиноо ингээд алдчихдаг. Үнэхээр өрөвдөлтэй юм аа"
"Юу нь өрөвдөлтэй байхав дээ! Хар л даа! Тэр бүүр уйлах ч үгүй байна шүү дээ! Маргааш гэхэд л шинэ машин шинэ хувцас аваад л шинэ хүн болчихоор харагдаж байгаа биз дээ?"
"Харин тиймээ! Хүүхэд нь өнгөрчихөөд байхад арай л хүйтэн сэтгэлтэй юм аа! Хөөрхий охин, ийм ээжтэй их л хэцүү байсан байхдаа?"
"Угаасаа анхнаасаа л Дон Максимтай мөнгөнөөс болж гэрэлсэн шүү дээ! Хүүхэд бол зүгээр л гэрлэх шалтаг байсан юм"Тэдний хоорондоо шивнэлдэн ярих нь надад хангалттай сайн сонсогдож байсан нь тэд хэргээр надад сонсгох гэж ярьсных юм болов уу?
Тэдний хэлсэн үнэний ортой байх? Би үнэхээр муу ээж байсан гэж үү?
"Тэднийг тоох хэрэггүй дээ эзэгтэй? Тэд таныг мэдэхгүй болохоор л ингэж хэлж байгаа юм"
Оля гарнаас минь түшин намайг суудлаас өндийхөд туслан:"Та их ядарсан харагдаж байна. Жаахан ч болтугай унт л даа эзэгтэй? Та хэд хоног огт унтсангүй"
Суудлаас өндийн босох гэсэн ч бие минь маш хүнд санагдаж, өөртөө дийлдэн буцан суулаа.
"Та ядаж юм ид л дээ? Юм идэхгүй байлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ?"
Тэр гарт минь аягатай ус бариулахад гар минь дийлэлгүй газар унагалаа.
"Би ганцаараа баймаар байна"
Хатаж сөөнгөнөтсөн хоолойгоор арай ядан хэлэхэд Оля намайг түшин ахин босгон гадагш гарлаа.
Юу ч өөрчлөгдөөгүй байна.
Нар манддагаараа мандаж, жаргадгаараа жаргаж амьдрал үргэлжилсээр байгааг би харж байв.
Харшийн хашааны том хаалга онгойн 3 машин орж ирэн зогсоход л би түүнийг ирсэн гэдгийг мэдлээ.
Эцэст нь нэг юм ирэх шив?
Тэр машинаасаа бууж ирэн харшийн зүг алхахдаа над руу нэг ч удаа харалгүй хажуугаар минь зөрөн явлаа.
Энэ л үед би ойлгосон юм. Энэ харш, энэ мөнгө, мөн миний хайртай байсан залуу ямар хүйтэн гэдгийг.
Ухаанаа алдатлаа түүнд дурлахдаа би түүний ямар хүйтэн сэтгэлтэй нэгэн гэдгийг харах сэхээгүй байсан байж.
Түүний баргил хоолой, төгс царай, цэнхэр нүдэнд би сохортлоо дуралсан байж.
Сүүдрэвчинд ганцаар суухдаа би өөрийн бодлуудаа цэгцлэх гэж оролдож байсан ч түм буман бодол дундаа улам гүн живж байгаагаа мэдэрч байв.
Миний мэдэж байгаа цорын ганц зүйл бол надад байсан цор ганц дулаахан илчээ би үүрд алдсан гэдэг л байсан юм. Ахиж хэзээ ч тэвэрч, үнсэж, үнэрлэж чадахгүй гэдгээ би маш сайн мэдэж байна. Ахиж хэзээ ч чадахгүй.
Зүрх минь хүндүүрлэн өвдөхөд би гараа атган цээж рүүгээ чанга цохилоо. Хоолой чичирч, дээрээс минь асар хүнд зүйл тавьчихсан мэт л амьсгаа хүндэрч, хоолойд минь ямар нэгэн зүйл гацсан юм шиг санагдан ямар ч авиа гаргаж чадахгүй, яг л үхэж байгаа мэдрэмж дотор минь төрж байлаа. Газар сөхрөн унан энэ мэдрэмжийг зогсоох гэж оролдсон ч эцэст нь би орилж байсан юм.
Хамгийн чангаараа, гүнзгий амьсгаа аван улам чанга орилж байсан.
Дотор минь байгаа тэр зүйлийг гаргахын тулд хичнээн удаан орилсон ч тэр зүйл дотор минь улам гүн шигдэж хэзээ ч арилхааргүй толбыг зүрхэнд минь үлдээж байлаа.
Би яг юу буруу хийсэн болохоор охин минь үхсэн юм? Үр минь миний өмнө орох ямар нүгэл хийсэн юм бэ?
"Хэрвээ миний хайртай бүхнийг та авах юм бол...Эзэн минь би таньд амлъя...би ахиж хэнийг ч хайрлахгүй!"
Ro$e