Chap, 007 : The feeling that i can't understand.
"Би хүнтэй болзож байгаа. "
Яагаад ч юм би тэр дороо л гацаж хүний урманд ганц авиа ч унагаж чадсангүй. Юу гэж нэрлэх ёстойг нь мэдэхгүй ч, зүрхэнд минь нүүрлэж сэтгэлд минь тулсан энэ мэдрэмжийг гайхсан эсвэл баярласан мэдрэмж биш гэдгийг л хамгийн сайн мэдэж байв.
Бодолдоо өөрийгөө ямар нэгэн зүйл хэлэх ёстой гэж шахан шаардаж байсан ч, хэлэхийг хүссэн бүх зүйл минь хэлний үзүүр дээрээс буцчхаад байсан юм.
Өөрийгөө хэр удаан нүдээ ч цавчилгүй суусныг тооцоолж чадахгүй ч, Жимин сандран намайг сэгсчин дуудтал л удсан бололтойдог."Юнми! Зүгээр үү?"
"Айн? Тийм ээ, зүгээр... Нээрэн болзож байгаад чинь баяр хүргэе. "
Тэр үнэхээр чин сэтгэлээсээ аз жаргалтай буй нь инээмсэглэлээс нь харагдаж байсанд би тийм зүйл мэдэрч буйдаа өөрийгөө ихээр буруутгав. Юм хэлэхгүй удвал санаа нь зовчихож магадгүй хэмээн бодоод болзож буй "тэр" нэгэн нь яг ямар хүн болох талаар асууж, харин удалгүй би асуусан зүйлдээ харамссан юм.
Жимин тэр хүнийхээ талаар ярихад үнэхээр хорвоогийн хамгийн сайхан үгс ч багадаж буй болтой хааяа хааяахан үгээ сонгож ядан гацна.
Түүний яриагаар бол болзож буй нэгэн нь үнэхээр л Жиминд төгс тохирсон "төгс" нэгэн байлаа.
Харин би түүнийх нь хажууд жинхэнэ азгүй амьтан, шавьж хорхой шиг байх даа гэх бодол өөрийн эрхгүй бодогдон инээд алдчихав. Тэнэг бодолдоо өөрийгөө дооглож, хөгжилтэйгөөр инээсэн инээд биш, бодит байдал миний төсөөлснөөс өөр байсанд өөрийгөө өрөвдөн шоолсон инээдээр инээсэн.Харин Жимин инээдийг минь сонсох ч сөхөөгүй үргэлжлүүлэн ярьсаар байлаа.
"Тэр үнэхээр миний амьдрал, амьсгал, агаар, нар, сар- Юнми юу болсон бэ?"
Цээжинд нэг бул чулуу шигдчихсэн аятай хүндэрч, амьсгалахад хэцүү болон нүд бүртэлзээд ирэхэд би шууд өндийсөн юм. Тэр харин гайхсан харцаар юу болсныг минь асууж буй нь."Даараад байна орлоо. Чи ч гэсэн харь даа. " Би цааш явсаар ийн хэлэхэд тэр хэсэг чимээгүй байснаа надад сонсогдохуйц чангаар "За тэгвэл баяртай! Сайхан амраарай!" гэх нь дуулдав. Би эргэн хараагүй ч тэр үгээ дуусгатлаа гараа өндөрт өргөн даллаад, цааш машин руугаа явж буйг нь мэдэрлээ.
Намайг байрныхаа хаалгаар орж амжаагүй байтал, түүний машин асч, тэгээд цаашлах нь сонстов. "Байр луугаа ортол минь хүлээлгүй явсан анх удаагийн тохиолдол. "
Машины дуу сонсогдохоо больмогц нүднээс минь ямар нэг зүйл урсах нь мэдэгдэж нулимсаа чанга гэгч нь арчаад "Ингэж болохгүй шүү дээ. " гэж шивнэчхээд гэртээ орлоо.
Энэ үдшээс хойш тэр надтай уулзах зав багассанаас гадна би ч мөн адил түүнээс зугтдаг болсон юм.
Царайг нь л харахгүй байвал энэ бүхэн мэдрэмж минь мартагдана гэж бодсон хэрэг. Гэвч байдал харин ч эсэргээрээ эргэж, бодох төдийд үгүйлж хажууд минь л байвал болчих юм шиг тийм хувиа хичээсэн бодол дотроос минь малтахад би өөрийгөө үзэн ядаад эхэлчихсэн байлаа.
Түүнтэй таарч магадгүй гэсэн найдлагаар хичээлгүй ч, Жиминий хичээл орж буй танхимын үүдээр, кампусаар хөлний чилээ хийж баахан алхсаар эцэст нь тарах цаг нь боллоо. Өөрийн эрхгүй баярлаж танхимаас гарч ирэх олон олон оюутнууд дундаас Жиминийг нүдээрээ хайж байтал түүний шаргал хөвсгөр үс харагдахад өөрийн эрхгүй томоор инээмсэглэн түүний зүг хурдтай алхсан ч хажууд нь яваа нэгнийг хараад шууд л тэдний хажуугаар зөрлөө. Тэд хамтдаа ихэд дотно инээлдэн ямар нэг зүйл ярилцаж байсан ч тэр охин өнөөх ярьж байсан найз охин нь биш байсан юм. Эмэгтэй найз нь бололтой.
Дотор бугларч, хачин гэмээр ганцаардлыг мэдэрч, өөрийгөө Жиминий хувьд "хэн ч биш" гэдгээр төсөөлөөд ирэхэд бэлдээд тавьчихсан аятай нулимс минь юу юугүй урсчих гээд ирсэнд уруулаа тас хазав.
Зөрөн өнгөрөхөд Жимин намайг харан араас дуудсан ч, би сонсоогүй дүр эсгэхээр шийдэн чихэвчээ гаргаж ирэн зүүгээд алхаагаа хурдасгалаа.
Бараг л сургуулиас гардгийн даваан дээр хэн нэгний гар мөрнөөс минь атгаж буй мэдрэгдэн эргэн харвал Жимин байдгаараа амьсгаадчихсан нэрийг минь бувтнасаар байв.
Царай руу нь эгцэлвэл, танил үнэр ханхийж, үзэсгэлэнг нь биширдэг хоёр нүд намайг цоо ширтэн, цаг үргэлж дулаахан байдаг гар нь мөрөн дээр минь байхыг үзээд саяхныг хүртэл тэвчсэн нулимс минь урсахад би ямар том алдаа хийснээ ухаарч үг ч дуугарч чадалгүй зогсоно.