Чамд хүрэх тавилангүй бодрол минь...
3 жил хагас. Чамгүйгээр өнгөрүүлсэн 3 жил хагас. Инээдтэй байгаа биз, анхнаасаа чи надад хэрэггүй мэт аягласан нь би өөрөө байтал, чамайг одоог хүртэл сэтгэлээсээ тавьж явуулж чадаагүй нь бас л би. Анзаараагүйг минь, ойлгоогүйг минь уулаарай. Энэ уучлал, уучлагдах эсэхийг нь мэдэхгүй ч уучлаарай. Чиний бас өөрийнхөө сэтгэлийг анзаарч ойлгоогүй намайг уучлаарай.
'Больё' гэдэг үгийг амнаасаа ясар амархан гаргадаг байсан юм бэ? би гэдэг хүн. Чиний сэтгэлийг энэ ганцхан үгээр хичнээн их шархлуулаа юм бэ дээ. Найм. Найм мөн үү, миний 'больё, больцгооё' гэж хэлсэн тоо. Өөрийн ч мэдэлгүй омгоороо хэлчихдэг үг бараг тоогоо алдаж дээ. Одоо л жоохон ч гэсэн ойлгож бөйх шиг байна. Тэр үед намайг гэсэн сэтгэлийг чинь бас өөрийнхөө чамайг гэсэн сэтгэлийг ч гэсэн. Үнэхээр одоо л амархан гэгч нь гарчихдаг байсан 'больё' гэдэг үгнээс эсрэгээрээ гарч өгдөггүй байсан 'хайртай' гэх үгний утгыг ойлгож жинг нь мэдэрч байна. Чамд сэтгэлийнхээ угаас хэлж чадаагүй 'хайртай' гэдэг үгийг нулимсаараа зүрхэндээ шигтгэж байна.
Жигшмээр байгаа биз. Чиний сэтгэлийг яг л надад өртэй юм шигээр, байх л зүйл юм шигээр харамгүй авчхаад одоо чамайг бодлоосоо салгаж чадахгүй байна гэдэг.
"Уучлаарай, би ядарч байна. Хоёулаа түр нэг нэгэндээ орон зай өгцгөөе" -чиний сүүлийн мэссеж.
Түр гэдэг хугацаа миний хувьд 1 сар л байсан. Гэхдээ чиний ядарсан зүрхний хувьд түр гэдэг хугацаа бүр мөсөн байсан. Би чамайг хүлээсэн. Чамд миний хүлээлт үнэ цэнэтэй байсан эсэхийг мэдэхгүй ч би хүлээсэн. Уур омог, бардам зантайгаа хамт. Чи ирээгүй. Би уурласан, яг л өмнөх шигээ, хайрыг чинь мэдэрсэн би итгэл төгс гэгч нь уурласан. Чамтай холбоо барьж болох бүхнийг, чамайг дурсгах бүх зүйлсийг би үгүйсгэсэн. Дараа нь харамссан, бас оройтсон.
3 жил бараг 4 жил боллоо, одоо мартаачдээ, март март гэж хэлэх хүмүүсийн тоо олширсон. Тэд мэдэхгүй ээ. 'Мартна аа, бодохоо болино оо' гэж хэлчхээд чиний төрхийг дурсамжаасаа бүдгэрүүлэхгүйн тулд улам ихээр бодож улам ихээр дурсамжаа уудлах намайг тэд мэдэхгүй, төсөөлөх ч үгүй.
Чамтай хамт даруулсан хэдхэн зургаа устгачхаад чамайг мартна гэж ам гарсан би өөрөө тэнэг байж. Чи мэдэх үү? Хичээлийн дараа ангид сууж байхад ангийн маань хүүхэд комьпютер дээрээ дуу тавьсан. Чиний надад байнга дуулж өгдөг байсан дуу. Уйлчихсан. Чамайг мартчихсан гэж бодсон миний тархи руу чанга цохиод авах шиг л болсон.
Одоо нэг амьсгаа аваад бодохоор би чамайг мартсан биш харин зугтаадаг байж. Чамтай хамт үзэж байсан кинонуудаа дахиж үзээгүй, хамт орсон кафе руугаа дахиж ороогүй, тэмдэглэлийн дэвтэр дээр минь бичсэн зүйлсийг чинь дэвтэртэйгээ хамт далд хийсэн. Мөн чамд хийж өгсөн хоолоо дахиж идсэн ч өөрийн гараар тэр хоолыг дахин хийгээгүй санагдана.
Түрүүн хэлсэн дээ. Чамайг хүлээсэн гэж. Одоо ч гэсэн чамайг хүлээсээр байгаа. Гэхдээ над руу дахиж битгий ирээрэй. Гомдоочих вий гэж айж байна. Шоглоомтой байгаа биз. Юу ч бодолгүй гомдоож гомдоосон хүн чинь, өөрөөсөө ч харамлах нандин нэгэн болно гэдэг.
Айдаг. Чиний сошиал хаягуудыг хайж үзэхээс, чамайг харахаас. Үгүй ээ, магадгүй... надгүй чи дэндүү аз жаргалтай байх вий гэхээс, тийм зүйл харахаас айдаг. Анхнаасаа чи надад хэрэггүй мэт аашилчхаад би чамд хэрэггүй нэгэн байхаас айдаг.
Миний чамаас хүсэх эцсийн хувиа хичээсэн гуйлт. Гуйя, намайг бэлэн болтол надтай битгий таараарай, надад битгий аз жаргалтай байгаагаа харуулаарай. Гуйя, намайг чамтай уулзахдаа нэрийг чинь дуудангаа сэтгэл амар мэнд мэдэж чадах хүртэл минь надад харагдалгүйгээр аз жаргалтай амьдраарай.
~oh_rasunrna