// Hiii, mash udaan huleelgesend uuchlaaraii. Ene zohiol maani THE GOD zohioliin urgeljlel buguud part-1iig ni unshaagui bol, 1ees ni zaaval unshaarai gej huchtei zuvulj bnaa hhe. Ugui bol sain oilgohgui shuu.
Minii zohoiliig unshdagt zunduu ih bayrllaa :)))
Раяли
Их дэлгүүрийн дээд давхарт би сүүлийн удаа Робиныг үдсэнээс хойш нэг жил өнгөрсөн. Харамсалтай нь би түүнийг дахиад нэг ч удаа хараагүй. Байшингийн дээвэр дээр, кофе шопын цонхны цаанаас эсвэл улаан мухлагийн саравчинд гээд дахин нэг ч удаа тааралдаагүй.
Би хэсэгтээ л уулзана гэдэг горьдлогоо тавиагүй юм. Бороо орох болгонд, автусанд явж байсан ч хамаагүй автобус зогсоолгуулаад гадагшаа гарж, эргэн тойронд түүнийг нүдээрээ хайна. Гэвч бүхий л горьдлогууд маань норсон зурам шиг дааран чичирч, үсээ мушгих явдлаар л өндөрлөдөг байлаа.
Жэймсийн тухайд чи магадгүй гадарлаж байгаа байх. Бидний үерхэл жилийн өмнө, тэр болор бугуйвчтай хамт хагаран алга болсон.
Тэр өдөр юу болсон бэ гэвэл би зогсоо зайгүй их дэлгүүрийн орхигдсон байшин шиг хэсэгт тоосгон ханыг налаад уйлаад л байсан. Төд удалгүй Жэймс, тэр газрыг яаж олсоныг мэдэхгүй, намайг татан босгоод гэрт аваачсан. Түүнд юу болсоныг тайлбарлах үг болон чадал надад аль аль нь байгаагүй юм. Эхлээд Жэймс намайг аргадаж, баахан асуултаар булаад, дараа нь тэвчээр нь барагдсан юм байлгүй уур нь халиж эхэллээ.
"Надад чамайг ингээд байхаар хэцүү байна, за юу. Ер нь чиний энэ өвчнийг ойлгох гэж би ямар их хүч зарцуулдагийг мэдэх үү?' гэж хашхирлаа. Би түүний хэлж байгаа үгсийг ойлгоё ч гэж бодоогүй. Тэгээд удалгүй уурлаж уурлаж "Маяглахаа боль" гэж хэлээд хаалга тас саваад гарлаа. Тэр өдөр би бас бугуйвчаа алдчихсан. Дараа нь гэрээ орвонгоор нь эргэтэл хоёр өдөр хайгаад хайгаад олоогүй. Нэгэнт хагарсан болохоор өөрөө ууршаад алга болчихдог юм байхдаа л гэж бодоод итгэхээс өөр арга үлдээгүй юм.
Жэймс хэдэн өдрийн дараа надаас уучлал гуйж ирэхдээ машины багажийг дангаараа дүүргэхээр асар том цэцгийн баглаа явуулсан байлаа. Гэхдээ надад энэ мэт toxic зан чанарууд үнэндээ таалагдсангүй.
Би сүүлд Жэймсийн тухай их сургуулийнхаа өрөөний найзтайгаа ярьж байгаад үүнийг "өвчин намдаагчийн арга" гэж нэрлэсэн юм. Өвчин намдаагч хэзээ ч өвчин үүсгэж байгаа хэсгүүдтэй ажилладаггүй, зүгээр л хүний биеийг хэсэгтээ мэдрэхгүй болгож өөрчилдөг. Жэймс хэзээ ч өөрийнхөө болохгүй байгаа зантайгаа ажиллая гэж бодоогүй, харин алдаа гаргасныхаа дараа ямар нэгэн сэтгэл хөдлөх зүйлээр даръя гэж оролддог байсан юм билээ. Өвчин намдаагч хоёр цагийн дараа үйлчилгээ нь гардагтай адил сэтгэл хөдлөл дарагдаад хэвийн байдалд орох үед гомдсон гомдол, өвдсөн өдвөлт буглаа болоод байж л байна шүү дээ.
Би Жэймстэй харилцаагаа бүрэн дуусгахаар бат шийдсэн байсан. Харин Жэймс яг л ангаа агнаж байж л санаа нь амардаг улайрсан анч нохой шиг намайг өөрийн болгоно гэж хэдэн сар зүтгэсэн. Элдэв бэлэг сэлт явуулахаас эхлээд надтай холбоотой байх гэж байнга хичээнэ. Нэг удаа бүүр кампус дээр ирээд миний өрөөнөөс гарахгүй гэж зөрүүдлээд л байсан. Эцэст нь бид хоёр хоёулаа уйлаад дууссан.
'Би чамайг үнэхээр их санаж байна, Раяли' гэж тэр дахин дахин хэлээд би ч толгой дохиод уйлаад л байсан. Маргааш өглөө нь түүнийг кампусаас явахад
'Баяртай, магадгүй холын ирээдүйд хоёулаа таарч магадгүй л юм' гэж хэллээ. Ингээд бид албан ёсоор салсан юм.
Хоёр жил үргэлжилсэн үерхэлийг дуусгана гэдэг сонирхолтой нь надад хачин хэцүү байсныг үгүйсгэхгүй ээ. Би түүний бүхий л муухай чанаруудыг мэдэх боловч, түргэн ууртайг нь, хэзээ ч буулт хийдэггүйг нь, маш их эго-тай агаад ангасан газар борооны усаар цангаж байгаа юм шиг, надаар эгогоо тэжээлгэх дуртайг гээд бүгдийг мэдэх боловч сэтгэл гэдэг хачин их дасдаг юм билээ.
Ер нь одоо хэлэх зүйл жаахан муухай сонсогдож магадгүй. Гэхдээ үнэн гэвэл, Жэймс үнэхээр гайхалтай хүн болохоороо миний хувьд үнэ цэнэтэй байгаагүй. Зүгээр л би маш их цаг хугацааг, түүнийг бодож, анхаарч, санаа зовж, эсвэл хайрлаж өнгөрөөсөн болохоор л миний хувьд үнэ цэнэтэй байсан юм билээ. Үүнийг би хожим ухаарсан юм.