Раяли
Ингээд салалтын асуудлуудаар дүүрэн хагас жил өнгөрөхөд миний дүнгүүд илт муудсан байлаа.
Хоёр дахь семестр ирэхэд надад дүнгээ аврах даалгавар оноогдсон доо. Голсон юм голд орж шилсэн юм шилд орно гэдэг шиг, энэ мэргэжлээр сурахгүй гэж онгироод байсан далай судлал руугаа би буцдаг юм байна. Биологи, далай судлал, цаг уур гээд надад тун амархан хичээлүүд сонгоод голч дүнгээ татахаар шийдсэн хэрэг.
Хичээлийн эхний хэдэн өдрөөс эхлээд л далай судлалын багшид миний бичсэн артиклууд их таалагдаж, багш маань намайг судалгааны багт нэгдэх үү гэж асууж эхлэв. Надад судалгааны сэдэв нь таалагдсан учраас би зөвшөөрчихөв. Ингээд тэр зунаа Пенсилваний судалгааны лабораторит үлдэж хиймэл шүрэн эрэг хийх туршилт судалгааг багийнхантай хамт хийх боллоо.
Үнэндээ би далай судлалд их дуртай юм. Үүнийг нуух арга алга. Багадаа судлаач болохгүй гэж бат шийдэж байсан ч би гэдэг хүн чинь ухаан орсон цагаасаа эхлээд л квартилуудын байрлал, далайн татлага түрлэг, усан доорх организмууд геологийн онцлог зэргээр эцэг эхээрээ бөмбөгдүүлж өссөн хүүхэд шүү дээ. Ингээд 3-р курстээ мэргэжил сонгох болоход би marine biologist болно гээд сонгочихлоо.
Нээрээ мартсанаас, ээж Мэйнд өөрийн гэсэн судалгааны хүрээлэнтэй болсон. Ээжийн насаараа мөрөөдсөн зүйл л дээ. Мужийн хэмжээний томоохон төсөл судалгаанууд ээжийн зөвшөөрлөөр, ээжийн оролцоотой явагдаж, шумбагч хөлөгнүүдээс эхлээд DNA сикүйнсүүд, ROV зэргээр лабораторио бүрэн тоноглосон юм.
Аа бас болоогүй ээ, ээж тэр жилээс Роё гэдэг нэг сэтгүүлч залуутай танилцаж эхэлсэн. Би үүнд маш их баяртай байгаа. Ээж уул нь л микроскоф, далайгаас авчирсан шинэ дээж, тэгээд лаборатори байхад л амьдралаас авж болох бүх аз жаргалыг авчихаж чаддаг сонирхолтой хүн. Гэтэл тэр хэн нэгэнтэй болзож, дахин догдолж байгааг нь харах надад сайхан байсан юм.
***
Харин миний хувьд би энэ бүх хугацаанд дахин хэнтэй ч үерхэл эхлүүлээгүй. Яахав гурван удаа болзоонд явсаныг эс тооцвол шүү дээ. Гэхдээ хэн нь ч таалагдсангүй. Би сүүлийнхийг нь бүүр яг санаж байна.
Манай сургуулийн хокэйн багт хаалгач хийдэг хүүхэдтэй хамт Пенсилванид нилээн алдартай стэйкхауст хоол идсэн юм. Бидний яриа хүүхэд нас, хөгжилтэй түүхүүд, ахлах сургууль, тэгээд нэг мэдэхэд ялгаварлан гадуурхалт руу гулсаад орчихлоо. Би түүнд ахлах ангид байхдаа дээрэлхүүлдэг байсан тухай дурдахад
"Ер нь бол өөрийгөө хамгаалж чаддаггүй, зориггүй хүүхдүүд дээрэлхүүлэгчдийн бай болдог юм шүү дээ." гэж хэлдэг юм байна.
"Үнэн байж болох л юм. Чи тэгээд миний оронд байсан бол яах байсан юм?" гэж асуухад
"Би эмэгтэй хүүхдэд ямар байдгийг сайн мэдэхгүй л байна л даа. Гэхдээ нэг цохиод авах л байсан байх." гэснээ инээлээ. Энэ жоохон ярианаас л би нэгт эго, хоёрт төлөвшөөгүй, жоохон хүүхэд шиг ааш үнэрлэсэн юм. Миний нөхцөл байдлыг лавлаж асуугаа ч үгүй байж дүгнэлт хийж байгаа нь, эсвэл өөрийнхөө яах байсныг хэлж байгаа нь гээд...
Үүний өмнөх болзоон дээр ч мөн адил зүйл болсон. Намайг 12 настайдаа далай судлалын мэргэжилтэнүүдийн яриаг төвөггүй ойлгодог байсан гэдгийг сонсоод
"Тэгэж яадаг байнаа, Надад бол хүүхэд насаа хүүхдээр нь өнгөрөөсөн нь л дээр санагддаг. Зүгээр л хөгжилдөөд, тоглоод..." гэж хэллээ. Би энэ хариултаас бараг л нэг юм гадарлаад байв. Цаашаа ярих тусам би түүнийг - өөрөө хүүхэд насандаа тийм их зүйлс хийж бүтээгээгүй болохоороо эрт амжилтанд хүрсэн хүмүүс уурыг нь хүргэдэг, хэцүү мэдрүүлдэг. Энэ мэдрэмжээс зугатахын тулд бусад хүмүүст, "шал мангар юм, хүүхэд насаа хүүхдээр нь л өнгөрөөх хэрэгтэй" гэдэг үзэл бодолтой юм шиг ярьдаг. Энэ нь түүнийг ялагдсан мэдрэмжээс жоохон ч болов чөлөөлдөг гэдгийг ойлгосон юм.
Би дотуур байрандаа очоод өрөөнийхөө охинд болзоон дээр болсон бүх зүйлсээ ярьсан.
"Раяли? Гүйэ тэгээд яахав дээ, хүн болгон л төгс биш. Зарим нь трауматай, зарим нь дутуугийн комплекстэй тэгээд яахав дээ? Зарим нь өөрсдөө ч тэрийгээ мэдэхгүй байгаа."
"Гэхдээ бид нар ямар тархины эргэцүүлэн бодох чадваргүй нохойнууд байгаа биш дээ. Би яагаад ийм үзэл бодолтой болчихов гэдгээ эргэцүүлэн бодож олоод, өөрчилдөггүй юмаа гэхэд хүлээн зөвшөөрч болноо доо. Зүгээр л хэтэрхий төлөвшөөгүй санагдаад байх юм, бүгдээрээ. Төлөвшөөгүй?" гэхэд өрөөний охин маань инээгээд л байлаа. Би үнэхээр ховорхон хүн хүсээд байгаагаа өөрөө ч мэдэж байсан юм. Бас хэн ийм өндөр стандарт тавиулсаныг ч бас мэдэж байлаа.
"Ойлголоо, ойлголоо.Чи арай дээр хүн хүсэж байгаа юм байна. Гэхдээ л...Эсвэл чи арай, тэнгэрээс Аполлон бурхан бууж ирээд чамд гэрлэх санал тавина гэж хүлээдэг юм биш биз?" гэснээ тас тас инээлээ.
Чин үнэндээ миний хариулт ТИЙМ байлаа. Тэнгэрээс биш, далайгаас; Аполлон бурхан биш Анкорагийн бурхан Робин.