Хүндэт найздаа

2 1 0
                                    

Сайн уу хүндэт найз минь. Энэ захиа хэзээ чамд очихыг мэдэхгүй ч энэ өдрийн мэндийг хүргэе. Уг нь чамд л зориулж бичсэн боловч унших шаардлага гарахгүй байвал сайн сан.

Анх танилцсан өдрөө санадаг уу? Тэр үеийн би хорвоо ертөнцийн давчууг хараан зүхэж булан л олдвол шигдээд суучихдаг хүүхэд байсан сан. Тэгтэл эрх дураараа, дүүлэн нисэх мэт гүйх чамайг олж хараад толгой дундуур минь "эрх чөлөө" гэх үг цохиод авах шиг л болж билээ. Чамтай хэчнээн тоглохыг хүссэн ч түрүүлж алхам хийх нь миний хувьд боломжгүй байсан тул ширтэн суухаас өөрийг үл хийнэ. Тэр хэнд ч харагдах ёсгүй байсан жаалыг чи олж харан, хамтдаа өдийг хүртэл олон сайхан, муухай дурсамж бүтээлцжээ. Гэхдээ юу гээч... Тэр үед чи надад гараа сунгах хэрэггүй байсан юм. Үгүй ээ, сунгасан гараас чинь атгасан миний л буруу юм байна.

Над шиг хог чамтай найзлах эрхгүй байсныг мэднэ ээ. Гэхдээ чамтай байхаар би жаргалтай байдаг байсан. Тэр жаргал нэртэй эмийг амсаад л орхиё гэж бодсон ч шунасан хэрэг. Зөвхөн чамаас л хүртэж болох, зөвхөн чамаас л мэдэрч чадах тэр жаргалыг би өшөө илүү мэдэрмээр байсан тул өөрийгөө чамтай гавлачихсан юм.

Он удаан жил найзалжээ хоёулаа. Тийм өөр чи бид хоёр өдийг хүртэл хамтдаа байж чадсан гэж бодохоор хорвоогийн бүх амийг золиосолсон ч багадахаар хэмжээний үнэ цэнтэй харилцаа мэт санагдана. Жаргалтай байна. Магад намайг үхлээ сонго гэвэл би энэ жаргалдаа живж үхэхийг хүсэх сэн.

Нэг л өдөр чи надад өөрийн найзаа танилцуулсан. Зөвхөн бид хоёрынх гэж боддог байсан яриа, тоглоом, кино, хоолны газар гээд бүгдийг нь тэр найз гэх пайзтай хүнтэйгээ хуваалцаж байхыг чинь хараад надад үгээр илэрхийлэх боломжгүй мэдрэмж төрсөн тул би үйлдлээр илэрхийлэхээр шийдсэн юм. Гэмтчих болов уу гэсэндээ чамд үл хүрдэг байсан байхад тэр нэгэн харин чамайг өлхөн тэврээд авсан. Өглөөнийхөө цайг ууж буй мэт, цэвэр агаар амьсгалж байгаа мэт, өмхий хийгээ гаргаж байгаа мэт тийм л амархнаар чамайг тэврээд авсан гэж байна.

Хэдэн өдрийн дараа чи ихэд гунигласан харагдана. Чиний тэр төрхийг би магад хэзээ ч мартахгүй байх. Дэм болж чадахгүй ч дэргэд чинь байя гэж бодон сууж байхад чи түрүүлэн ам нээлээ. Саяхан чамайг тэврэн хөхрөлдөж байсан найз чинь өнгөрчихөж гэнэ.

Харамсалтай байна найз минь, тэр найз чинь өнгөрсөнд. Бас уучлаарай найз минь, тэр хүнийг чинь алчихсанд.

Чамтай өнгөрүүлэх секунд, мөч бүр хайран байхад чи тэр үнэтэй цаг хугацааг түүнд л зориулж байсан. Чамайг л гэвэл үхэхэд ч бэлэн байх надаас илүүтэйгээр чи тэр найз нэрт рүүгээ очдог байсан. Тэгсээр миний тэвчээр хязгаартаа тулсан хэрэг. Гэмгүй царайгаар халхлагдсан миний дотор ийм араатан нуугдаж байсныг би төсөөлөөгүй ч надад таалагдсан. Миний ганцхан хөдөлгөөн түүний бүтэн ертөнцийг шийдэх дээр тулсан тэр мөчийн тэр мэдрэмж...Тэр араатныг гаргахдаа би эрх чөлөөг мэдрэх шиг болж билээ.

Эрх чөлөө.

Анх энэ үг толгойг минь цохиод л өнгөрсөн бол энэ удаад биед минь нэвчин шингэсэн. Чамаас бусдаас мэдэрч чаддаггүй байсан тэр жаргал гэгчийг би үүнээс мэдэрсэн. Чи байхгүй байсан ч жаргалтай байж чадна гэдгээ ухаарахдаа их баяртай байсан юм. Эцэст нь чамаас өөр намайг татдаг зүйлээ олсон.

Өдөр бүр гуниглах чи минь надад зовлонтой харагдана. Болдогсон бол амыг чинь татан оёод байнга гаргадаг тэр үзэсгэлэн төгөлдөр инээмсэглэлийг чинь үргэлж харах сан. Гэвч тэр гуниг шаналлын чинь хариу би байсныг хожуу ухаарсан нь харамсалтай. Аргагүй шүү дээ. Арай гэж нэгийг нь алга болгонгуут дахиад л нэгийг гаргаад ирдэг байсан чамд дургүй хүрээд байсан юм.

Надтай өнгөрүүлэх цаг чинь нэмэгдсэн ч гаванд минь гавлагдсан чамайг хараад нэлээн их бодсоон. Чамайг тавьж явуулах талаараа. Гэтэл чи тэр бодлыг минь үгүй хийчихсэн. Тэгтлээ чамд мэдэгдмээргүй нууцыг маань чи мэдчихсэн. Тэрхэн агшинд надад хэдэн зуун бодол бодогдож байсныг мэдэх үү? Бүгдийг тайлбарлах уу? Чи яаж хүлээж авах бол? Эсвэл зүгээр л чамайг алчих уу?

Бодол дундаа төөрөлдөн зогссон намайг чиний бөглүү хоолой сэрээлээ. Хоёр гарыг минь хоолойноосоо холдуулахыг хичээн тийчлэн хэвтэх чамайг би харсан. Хүрэхээс ч эмээдэг байсан чамайгаа би алахыг завдлаа. Өөрөөсөө айн гараа суллах тэр мөчид боломжийг ашиглан зугтсан чамд жоохон гомдсон шүү. Жаргалаа тэтгэх өөрийн нөгөө аргыг хэдэн удаа хэрэглэсэн боловч бүтсэнгүй. Олон төрлийн аргаар туршиж үзсэн ч нэмэр болоогүй юм. Адаг сүүлд нь энэ бүхэн амь таслахдаа биш, чамайг зовоохдоо жаргалын утга учир байсныг мэдсэн. Чиний хувьд би ингээд дууслаа. Чиний хувьд дууссан би миний хувьд ч дууссан.

Харин одоо би энэ захидлаа чам руу харангаа бичиж байна. Гэрэлтэх нүд, ягаарах хацар, инээмсэглэх уруул... Урьдын адил биш болжээ чи. Зэвхий царай, хоосон нүд, хөрсөн бие... Над руу ширтэх харц чинь намайг тайтгаруулах авч амьгүй нүд чинь гуниглуулмаар юм. Тиймээс ч чамдаа хэлж чадаагүй эцсийн үгээ энэ цаасан дээр сийлэн үлдээж байгаа минь энэ. Угаас чиний байгаа газарт би очиж чадахгүйгээс хойш ингээд ч болов сэтгэлээ амарлиулъя.

Баярлалаа найз минь надад амьдрал бэлэглэсэнд. Бас уучлаарай найз минь чиний амьдралыг авсанд.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jun 26 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Найздаа бичсэн захидалWhere stories live. Discover now