"Юууу?"
"Би үнэхээр диваажингийн шүүх рүү явмааргүй байна. Тэнд тарчилж үхсэнээс одоо үхчихсэн нь дээр. Миний гутлын уланд жижигхэн хутга байгаа. Тэрийг гаргаж ирээд шууд зүрхэвчийг минь хатгачих." гэж гуйлаа.
"Үгүй ээ."
"Тэг л дээ." гэсээр өнөө бурхан миний хажууд дөхөж ирж байгааг би мэдэрсэн. Тэгээд мөрөөрөө хажуунаас минь байн байн түлхээд гуйгаад л байлаа.
Би эцэст нь
"Тэнэгтээд байгаач дээ! Би үгүй гээд байна. Тэглээ ч би энд хүн алчихвал улам том хэрэгт ордог юм байгаа биз дээ." гэхэд
"Хаана тийм хүн байна?" гэснээ "Заа, охион. Битгий намайг бас хажуугаар нь доромжлоод бай л даа." гэв.
Энэ үед торхыг гаднаас нь хэн хэгэн хүчтэй цохилоо.
"Амаа татацгаагаарай! Дахиж үг сонсогдох юм бол торхонд ус оруулчихна шүү." гэж харуулын нэг нь хэллээ.
Үүний дараа зөвхөн миний чихэнд л сонсогдох аяарханаар өнөө сөөнгө бурхан
"Гуйж байна. Би зовохгүй үхмээр байна." гэж шивнэхэд уйлж байгааг нь би мэдсэн юм. Би хариу юу ч дуугарсангүй.
Диваажингийн шүүх гэж ямар газар байдаг болоод бурхад ингэтлээ айдгийг мэдэх юм алга. Гэхдээ миний зүрх одоо ч чичирч байлаа.
Бид дараагийн цаг орчим юу ч ярьсангүй. Хаяа нэг харанхуйд чимээ гарвал өнөө бурханы нусаа татах чимээ л байсан байх.
Хэсэг хугацааны дараа биднийг аварга том үүлэн хаалганы өмнө буулгалаа.
Цэргүүд биднийг бие биенээс минь салгаж тусгаарлаад хаалгаар гаргасан юм.
Би хаалгаар дөнгөж гараад л үүлэн дээрх цамхагийг олж харсан.
Тэр цамхагийн булан бүрд л цагаан харуулууд алхалдаж байлаа. Олон юм харж амжаа ч үгүй байхад харуулууд миний гарнаас чангаасаар баруун тийшээ эргэн цамхагийн хойд хаалганд очив.
Тэндээс газар доошоо орсон шат байсан. Газар доошоо гэж хэлэх нь зөв эсэхийг мэдэхгүй байна, гэхдээ шалнаас доошоо буусан харанхуй шат байсан юм.
Миний зүүн талын харуул дэнлүү асаахад бид шатны гишгүүрүүдийг харахтайгаа болов.
Доошоо эргэдэг шатаар явсаар харанхуй хонгилд хүрлээ. Тэнд мэдээж шорон байсан.
Тэд намайг нэг гяндангийнх нь хаалгыг онгойлгоод л, шуудайтай хогоо хаяж байгаа юм шиг шидчихлээ.
Би төмөр шалыг мөргөж унахтай зэрэгцэн, хаалга тас хийн хаагдаж түгжигдэх чимээ миний ард сонсогдсон. Тэдний барьж байсан дэнлүүний гэрэл ч бага багаар холдож, би тас харанхуй гянданд үлдсэн юм.
Даарч өлсөж байна гэж чигтэйхэн. Би гяндангийн ханыг налан суугаад хэн нэгэн ирэхийг хүлээгээд л хүлээгээд л байлаа.
Би ингэхэд ер нь яагаад энд байгаа юм болоо? Юунаас болоод би хэрэгтэн болчихов? Мэдэх юм алга.
Хоёр цаг орчмын дараа би байж суух аргаа олж ядаж эхлэв. Гэсэн ч хэн ч ирсэнгүй.
Ингээд бараг зургаан цагийн дараа гэрэл наашилж, хөлийн чимээ ойртож эхэлсэн ба тэр үед би бараг ангаж үхэх гэж байсан байх.
"Ус... ус" гэж намайг хэлэхэд харуулууд нэг нэгэн рүүгээ хэсэг харлаа.
"Энэ нэг хүний хүүхдэд ус аваад ирээч." гэж тэдний нэг нь санаа алдаад хэлэхэд
"Бид нар хоригдлуудыг хооллох ёсгүй." гэж нөгөөх нь зөрөв.
"Шүүх хурлаас өмнө энэ охин үхчихвэл яах юм?... Эцсийн эцэст энэ бурхан ч биш. Аягүй бол хоол ундгүй нэг өдөр ч тэсдэггүй биз." гэхэд нөгөөх нь аргагүй зөвшөөрөв.
Тэд надад аяга ус өгөөд гяндангаас авч гарсан.
Тэд намайг шүүхийн танхимд аваачсан ба тэр танхим үнэхээр сүрдмээр байлаа. Танхимыг тойруулаад бурхдын хөшөө босгосон байсан ба хэрэгтэн яг тэдгээр бурхдын голд зогсох ёстой байлаа.
Тэнд ороод л хамаг хүйтэн хөлс маань цувж эхэлсэн байх. Миний өмнө нь харж байсан шүүх өрөөнүүд үнэхээр гэрэлтэй байсан. Харин тэнд их харанхуй.
Шүүгчид аварга том чулуун сандал дээр тойрон сууцгаасан байсан ба танхимын хойморын сэнтийд дээд шүүгчээр хар нохой сууж байсан.
Яг ч нохой биш л дээ. Тэр мэдээж хүн шиг гар хөл цээжтэй, гэхдээ толгой нь эгиптийн фарон нохой. Урт хоёр чих нь эгц дээшээгээ, тэгээд алтан шар нүдтэй. Түүний нүдэнд харц эсвэл хүүхэн хараа гэж байгаагүй. Нүдний хэсэг нь тэр чигтээ хурц шар өнгөтэй.
Бас тас хар арьстай. Тэр огтхон ч шүтээний малгай өмссөн бурхан шиг харагдаагүй, харин шүтээн өөрөө амилаад бурхны биенд орчихсон юм шиг харагдсан.
Энэ бүхнийг алмайрч зогстол миний хойноос нэгэн танил хоолой дуудлаа.
"Раяли?"
"...Жэймс?"