Is this all real? Or just happening in my head?

18 5 0
                                    

"Алис, би өнөөдрийг их удаан хүлээсэн. Болох ёстой зүйлсээс чи бултаж чадахгүй."

Сүйх тэргэнд ээж бас би. Яг одоо миний хүсээгүй хуримыг хийхээр хотын хамгийн нэр хүнд муутай тайжын эдлэн рүү явна. Ээж бараг хорин минутын өмнөөс яагаад өнөөдрийн хуримын ёслолыг хийх хэрэгтэйг чалчиж байна. Би зүгээр л ойлгохгүй нь. Мартью тайжын ганц хүү Жоржын гажиг амьтан гэдгийг гудамжны нохой ч андахгүй мэднэ шүү дээ.

"Эцгийг чинь нас барснаас хойш эрх мэдэлтнүүд биднийг хүн гэж үзэхээ больсон. Харин энэ гэрлэлтээр бид өөрсдийн байр суурийг хэр бат бөх болохыг тэдэнд батлах болно."

Эсэргүүцэж хариу хэлэхийг хүссэн ч зүгээр л түүнийг үл тоон нүдээ аниад суудлаа налахыг илүүд үзэв. Бид энэ асуудлаар сүүлийн хэдэн долоо хоногийн турш маргасны эцэст ээж намайг хуримлахгүй бол амиа хорлоно гэсэн шийдэлд хүрснээр бидний маргаан төгсгөл болсон юм. Зөв гэж бодсоноосоо эргэж буцдаггүй занг нь өвлөж авсныхаа хувьд худал яриагүй гэдгийг нь мэдэж байна аа. Учир нь ээжийн хувьд нэр хүнд, эд хөрөнгө ганц охиноос нь ч илүү чухал аж.

Эхэндээ ээжид дүр үзүүлэх төдий байсан ч аяндаа жинхэнээсээ нойр минь хүрч, Мартью тайжын эдлэнд хүрэх уртаас урт замыг зүүдний ертөнцөд өнгөрүүлэхээр шийдлээ. Тэнд л би амьд оршдог.

Би модны үнэр ханхалсан буйдхан өрөөнд зогсоогоороо нүд нээв. Эхний хэдэн хоромд эргэн тойрноо шинжин харж, урагш алхалан өмнө минь харагдах онгорхой цонх руу дөхөн очлоо.

"Сарнайн дэлбээ салхинд туугдаад ирчихжээ."

Энэхүү хоёр давхар модон байшингийн эзэн арын цэцэрлэгтээ цагаан сарнайн бут их олныг тарьжээ. Эндхийн бүхий л зүйлд диваажин дүрээ шингээчихсэн аятай байшингаас холгүйхэн үзэгдэх гүн ногоон ойгоос шувуудын дуу ганганаж, ойрхоноос голын чимээ шаагина.

Бүх юмс хэтийдсэн ид шидийн байгаагаас нэг л зүйл буруугаар эргэсэн мэт зөн совин намайг хучина.

Тэгэхээр эндээс учир явдлыг тайлбарлая. Би анх долоон настайдаа өөрийн онцгой авьяасыг нээж олсон нь зүүдээ удирдах юм. Балчир байхад эхэндээ зугаатай санагдаж, зөвхөн хөгжилдөх зорилгоор ашигладаг байсан ч хэдэн жилийн өмнөөс бодит ертөнцөөс зугтаж тайвшралыг эрэх орон зай минь болж хувирсан. Яагаад гэвэл хар дарсан зүүдээр зочилж ирээд айж цочин сэрэхэд тэвэрч өгдөг аав гэх хүн миний амьдралаас үүрд үгүй болсон билээ.

Alice In WonderlandWhere stories live. Discover now