Ганцхан тэр л зүйлийг хийж байвал хорвоо ертөнц тэр чигтээ анир чимээгүйд автаад, бусдын дуу хоолой мартагдаад, бүхнийг үл тооно...
Үнэндээ, өдийг хүртэл мэдэрч үзсэн хэдэн мэдрэмжээс минь миний хамгийн дуртай нь, хайрлаж дурлахаас илүүтэй гойд тансаг амар амгаланг бэлэглэгч тэр зүйлээс холдож, хөндийрөөд уджээ. Нэг их олигтой сайн бичдэг биш ч, байдаг л эгэл жирийн хэрнээ толгой дотор нь сагсны талбайн хажууханд хэнд ч үл тоогдон, үхлээ хүлээн хэвтэх бяцхан шувуухайн бяцхан үхлийн тухай бодол хөрвүүлэн суудаг байсан өсвөр насны охин ахин үзэг цаас нийлүүлэхгүй хэмээн дутуу сэтгэж, шийдээд 2 жилийн дараа нас нь нэмэгдсэнээс өөр юу ч битгий өөрчлөгдсөн байгаасай хэмээх бяцхан найдвар тээж буй одоогийн би, ирээдүйд юу хийхээ мэдэхгүй дэмий самгардан, санаа зовох зүйлгүй гүйн дэгдэж асан хүүхэд насаа санагалзан суугаа онц гойд мөрөөдөл, зорилгогүй өнгөрсөн дэх би учирах цэг магад энэ биз.
Тийм байна. Нас нь нэмэгдсэн ч бичихээс өөр юм мэдэхгүй, үсгэн доторх ертөнцөд оршин тогтнолоо мэдрэхээс өөрөөр чин сэтгэлээсээ өөр юунд ч тэгтлээ шунан дурлаж үзээгүй би хэвээрээ байна. Өөрчлөгдсөн зүйл огт алга.Магад дахиад бичээд эхэлвэл хамгийн сүүлд бодлоос минь үсэрсэн оч, бүх хүн төрөлхтний дундаас гарч болох хамгийн тэнэг санаа дахин цогоо улайсган дүрэлзэж магад.
Магад дахиад бичээд эхэлвэл энэ зүйл намайг урьд аварсан шигээ маргаашд итгэх итгэл бэлэглэж магад.
2018.04.11