0001

797 64 6
                                    

Бараан үүлс тэнгэр бүрхээд удлаа. Өдөр шөнийн баримжаа, өнөө маргаашийн ялгаа харагдахаа байжээ. Үүлэн чөлөөгөөр нар тусдаг олон өнгөөр туяаран гэрэлтэх соёл иргэншилт ертөнц тэртээ алсад харагдана. Харин энд түнэр харанхуй ноёлно. Түнэр харанхуйд дасан зохицсон сүүдрийн амьдрал харин үүлэн давхаргын дор үй түмэн шавж мэт буцална. Хав хар хувцас, сэмэрхий нөмрөг, аль чадахаараа зузаалсан харагдах бээрсэн хүмүүс. Тэд үүнээс өөр амьдрал мэдэхгүй, тэд дулаан мэдэрч өнгөрсөнгүй. Энд үргэлж бараан хар үүлнээс хүчлийн бороо асгана. Хүчлийн борооноос улбаалж ургамал ногоо ч ургахаа байсан үржил шимгүй шаварлаг хөрсөн дээгүүр хаа нэг хогийн ургамлын хатсан түрүү үзэгддэг билээ. Үй түмэн лангийн хорт бодисоос ууршсан хүчлийн борооны дусалд байнга өртсөнөөс болж эндхийн хүмүүсийн арьс эрээн цоог, зэвхий саарал болжээ. Уух ус нь үйлдвэрийн бохир уснаас эх аван, замдаа шүүлтүүр далангаар орж ирдэг тул энд төрсөн ихэнх хүмүүс цэвэр цэнгэг ус гэж мэдэхгүй. Арай дориухан амьдралтай нэг нь цахилгаан тэргээрээ соёлт хот руу долоо хоног зүтгэн хүрээд далайн давстай уснаас ялгаж авсан уснаас амталж үзнэ. Амсах төдий л хүртэж чадахын учир нь нэг литр усны үнэ харанхуй хотынхны жилийн зардалтай дүйх. Нэгэн жилийн амьдралаа нэг литр цэвэр усаар солих жаргалдаа ташуурсан хүн хараахан энэ хотод амьдардаггүйн учир энэ мэт газрын хүмүүс барагтай их хотыг эс зүглэнэ.

Ужиг бүрэнхий, өвчилж гундсан энэ сууринг шинэ хүнээр сэлбэнэ гэдэг туйлын ховор үзэгдэл. Өвчтэй эцэг эхээс амьгүй эхэс гарна, үгүйдээ л удамшлын гоц өвчтэй хүүхэд мэндэлнэ ээ.  Хаа нэг өвсөн дундаас зүү сугалах мэт эрүүл саруул хүүхэд төрөх нь мянгад нэг тохиох гайхамшиг гэлтэй агаад түүнийг бусдаасаа өөр хувь заяа угтана. Эдгэшгүй өвчтэй хүүхдүүд үлдсэн тачирхан амьдралынхаа туршид энэ мэт бараан үүлсийн доорх хотод дөрвөн мөч нь бүрэн бол ажил хийн амь зууж, өрөөл датуу аваас гудамжны тэнэмэл амьтан лугаа адил хог дээр, эсвэл урцны мухарт үхлээ хүлээн амьдардаг бол эрүүл хүүхдийг аав ээж нь ухаан ороогүй нялх байхад нь, аль эсвэл таван наснаас хэтрүүлэлгүй бага балчир ахуйд нь соёл иргэншилт хотод дагуулж ирэн дээд зиндааны чинээлэг гэр бүлд үрчлүүлдэг байлаа. Үрчлүүлэх юу байх вэ, худалддаг гэвэл илүү дөхөх биз. Эрүүл хүүхдийнхээ төлбөрт хэдэн жилдээ цэвэр ус авч хүрэлцэх эрхийн бичиг авдаг байв. Тэр цагт энэ нь маш шударга хийгээд нигүүлсэнгүй наймаа, энэрэнгүй үйлдэлд тооцогддог байсан юм. Эрүүл хүүхдийн амьдралын чадамжийг харанхуй хот улам бүр идсээр байх тул соёл иргэншилт хот тэдний хувьд диваажин ажээ. Үр хүүхдээ сайхан газарт хүргэж, сайн бүхнээр тэтгүүлэх боломжийг олгож буй эцэг эхчүүдэд ч цэвэр усан төлбөр гарцаагүй амьдралын шагнал мөн.

A friendWhere stories live. Discover now