Нүцгэн Гоо...

1.6K 119 4
                                    

 Сар уйтгартайяа мэлтийж, оддын бяцхан гялбаа мөхөс хүчээ шавхан мэрийвч үзэгдэхүйг гийгүүлж үл дөнгөх, хүйтэн жавар тэнгэрт хүч мэдэн тачигнасан арван хоёрдугаар сарын зэврүүхэн үдэш тохион байна.

Гудамжаар алхах зон олон дэргэд шахуу зөрж өнгөрөх нэгнээ үл анзаарах хэдий ч тачигнах эрүү, ард ардаасаа ирийн жагсах машины дохиог тодхон сонсох их хотын амьдрал нэгэн хэмнэлээр урсан өнгөрнө.

Холхилдох зөрөлцөх олны биесээ үл анзаарах харцыг гэнэтхэн л өөр нэгний гайхширал тээн уулга алдах хоолой цочроож эргэн тойрноо анзаарах сэхээ олголоо.

Ажин түжин олны хөл ихтэй төв талбайн баруунтаа үзэгдэх захаас нүв нүцгэн бүсгүй өөрийг нь ажих бусдын харцыг үл ажран алхалан байна. Нүүр өөд нь урсах хэсэгхэн үсний долгион цаанаас  цэнгэлдээ умбаж ханаад саатан алжаах хос хунг санагдуулам амирлангүй нүд эрхшээж, чанх харалдаа доохон нь дөнө өвлийг өнтэй давсаны дараахан уужим дэлхийд өнгө нэмэн цэцэглэсэн интоорын ягаахан цэцгийн дэлбээг санагдуулам уруул юу нь тодорч, бэлхүүсийг нь даван урсах гил хархан үнснийх нь үзүүр хондрогныхон дээхэнтээ тусчихаа д жиндүү салхинд урагш түрэгдэн хийсэхдээ хэвлий хийгээд тархи бүрэлддэг ижий алтан сав умай юуг нь халхалсан тачирхан үстэй холилдон урсана. Өөгүй цав цагаахан арьс нь хасын сарны тусгалыг өөртөө татан ойлгох тунгалаг толь лугаа адилтгаж болмоор, нарийн гуалиг бэлхүүс, чилгэр өргөн ташаа, савх шиг урт тэгшхэн хөл хорвоо дэлхий эм хүнд заяаж болох бүх л үзэсгэлэн түүнд бүрэлдэн тогтож гэмээр ажээ.

Бүх л хүний харц түүнд тусч хүйтэн илч энэрэхийг үл мэдэн хуйлран байхад эхээс төрснөөрөө нүв нүцгэн алхах нь олны гайхширалыг түрүүлэх ажээ. Зөрөн алсрахдаа хүртэл дахин дахин эргэн эргэн шагайвчилан нүд алдам гоог нь бишрэх нэгэн байхад тэнэг мангуу ухаан дутуу юм уу? хэмээн халаглаж ойртохоос цэрвэх нэгэн ч байна. Эрс нь харц хийгээд хүсэл алдаж, эмс нь атаа хийгээд шуналд автана.

Нэргүй нүцгэн бүсгүй өөрийг нь тойрох түмэн харцнаас огтхон ч халгасан шинжгүй хүйтэн цас дагтаршсан гудманд нүцгэн хөлийн халуун илчээрээ мөр үлдээн алхах ч зэвхий салхи хормын дараа хөлдөөж орхино.

Бүсгүйн турьхан биеийг өвлийн жавар эрээ цээргүй таалан соёрхохдоо энэрэх сэтгэл бүлээн илчээ олны харцтай хоршин гээж орхижээ.

Бүсгүй урагш алхсан хэвээр.

Өргөн замд улаан гэрэл хүлээзнэн саатсан машинуудын голд утаа суунаглуулан янжуур зуусан нэгэн урдах машинаа явс хий хэмээн захирангуй үг урсган ихэд бухимдсан чигтээ дуут дохиогоо хангинуулан байх ахуйд гэнэтхэн яг хажуугаар нь өнөөх гоо бүсгүй зөрж өнгөрөхийг ажлаа.

Нүцгэн ГооWhere stories live. Discover now