Note: Эхлэл. Цоо шинэ зүйлийн эхлэл, миний дотроос ундран гарч буй өөр нэг өнгө, өөр нэг ертөнцийн эхлэл.
---
Төгөлдөр хуур тоглож сурах нь миний аль багаасаа л мөрөөдсөн зүйл байлаа. Өөрөөр бол, төгөлдөр хуур гэдэг хөгжим байдгийг мэдсэн цагаасаа хүссэн зүйл минь юм. Энэ хөгжмийг анх надад танилцуулж, зааж байсан багшийгаа би хэзээ ч мартахгүй. Миний багш бол төгөлдөр хуур хэмээх ид шидийн хөгжимтэй намайг холбосон гүүр, мөн хувь хүнийхээ хувьд надад хамгийн онцгой содон сэтгэгдэл төрүүлсэн хүмүүсийн нэг юм.
Миний бичих гэж буй эхний хүн бол тэр. Чухамдаа, миний нүдэнд харагддаг, миний мэддэг багш минь юм.
Анхны өдрөө би сандарсан уу гэвэл, тийм ээ. Багштайгаа анх уулзаж танилцдаг өдөр би хэвлийдээ эрвээхийний үүр тээсээр хүнд модон хаалгаар явж орсон билээ. Тэр үеийн зүрхний түг түгхийх цохилт, цэв хүйтэн болчихсон гар минь хаалга чихран дуугарах үед жирвэс жирвэсхийн мэдрэгдэж байсан сан. Одоо ч дурсан санахад тухайн үеийн мэдрэмж хамаг биеэр минь гүйх шиг болж байна.
Багшийн маань өрөө том ч биш, жижиг ч биш, гэхдээ дулаахан, нэг л таатай энергитэй байлаа. Энэ нь өрөөний зүүн буланд байх хүрэн бор өнгийн хуучин төгөлдөр хуураас болж байсныг сүүлд нь би анзаарсан юм. Тэр төгөлдөр хуур! Анх хараад л шууд дурлах шиг болж, хурууныхаа өндгийг хүргэхээс ч сүрдэн эмээхээр тийм л үзэсгэлэнтэй, тийм л ихэмсэг бардам харагдсан сан! Хэдэн жилийн дараа удаан эдэлгээнээс болж хэд хэдэн даралт нь эвдэрч, дуугарахаа больсон ч, үзэсгэлэн гоо нь хэвээрээ л байсан. Яг тэр төгөлдөр хуур дээр анх багш минь намайг суулгасан юм. Мөн яг тэр төгөлдөр хуур багш бид хоёрын нөхөрлөлийн үндсийг тавьсан билээ.
Цэл хүйтэн болчихсон гараа чанга атгасаар өрөөний голоор хөндлөн гулд явахад төгөлдөр хуурын хажуудахь ширээн дээрээ сууж байсан багш минь миний зүг зөөлнөөр ширтэж байсныг би санаж байна. Яг үнэндээ энэ өрөөнд орж ирсэн шалтгаан минь төгөлдөр хуур сурах биш, төгөлдөр хуурын дугуйланд явж болох эсэхээ шалгуулах байсан. Жаахан хачирхалтай санагдаж байж магадгүй. Гэхдээ би шалгуулсаан. Тэгээд эцэст нь шинэ хичээлдээ явж эхэлсэн юм.
Багш минь надтай уриалгахнаар мэндлээд хамгийн эхэнд гарыг минь өөрийнхөө гаран дээр дэлгэн тавьж байгаад сайтар ажиглав. Түүний гар хичнээн сайхан байсныг ярих юм биш! Үл мэдэг үрчлээ сууж эхэлсэн гарынх нь савхан хуруунууд атаархмаар хараа булаам харагдаж байсан сан! Тэрхэн хугацаанд би багшийнхаа гарыг хараад алмайрч орхисон байсан тул сандралаа ч түрхэн зуур мартсан юм. Нэг л мэдэхэд тэр надаас,
YOU ARE READING
Ones
RandomӨдийг хүртэл амьдрахдаа бид олон ч хүнтэй уулзаж, танилцаж, заримтай нь хамт байсаар байдаг билээ. Зохиолч миний бие энд тэр бүхэн дундаас хамгийн өвөрмөц, хамгийн онцгой гэсэн сэтгэгдлийг үлдээсэн тэр нэгэн хүмүүсийн тухай бичихээр шийдсэн юм. Цааш...