Цав цагаанхан цасанд хучигдсан тал нүд гялбуулах авч холгүйхэн бүртэлзэх хон хэрээ илүүтэйгээр анхаарал татна. Хараа булаах цасан хөндийг харахыг хичнээн их хүсэвч өнөөх жигүүртэнлүү өөрийн эрхгүй гөлрөн " Сэг зэмэн дээр суугаа юм болов уу? Нартын хорвоогоос нэг амь дутаждээ" хэмээн бодолхийлэх. Тэгсэн атлаа гэнэтхэн л муу ёрын хар хэрээ түй түй хэмээн гурвантаа шивэгнэх аж. Гэвч яагаад? Түмэн өнгөөр алаглах энэхэн хорвоод өөрийн төрхөөс болж ад үзэгдэх хөөрхий шувууд бурхан ийм тавилан хувь болгон өгсөн нь цаанаа учиртай байлгүй. Хар цагааныг тэнцүүлэн, хатуу зөөлнийг дэнслэсэн тавилан ч юм билүү. Дөнгөж төрсөн нялх хурганы бүлтийх нүдийг ухан тоншихдоо хорвоогийн хэцүүг тольдож, сүү шиг тунгалаг сэтгэл нь сэвтэхвий хэмээдэг бол, өрөвчхөн сэтгэлээр ганц хоёр нулимс дуслуулан гунигтайгаар гуаглан хөх тэнгэрт сүнсийг нь замчилдаг байхыг ч үгүйсгэх аргагүй. Тортог шиг хар төрсөн хувь заяанаасаа болж амьтай бүхэнд ад үзэгдсэн ч үнсэнд хөрвөөж өнгөө өөрчлөхийг оролддог билүү дээ. Бас л нэгэн эх амьтны халуун хэвлийд бүрэлдэж, хар ч гэсэн сэтгэлийг нь зөөллөн төрсөн үр амьтан. Өөр өөртэйгээ зөрчилдөн ийнхүү бодсоор дөхөхөд цав цагаахан тал ганцаар дүнсийн үлдэв...
YOU ARE READING
Хэрээ
Short StoryЦав цагаанхан цасанд хучигдсан тал нүд гялбуулах авч холгүйхэн бүртэлзэх хон хэрээ илүүтэйгээр анхаарал татна. Хараа булаах цасан хөндийг харахыг хичнээн их хүсэвч өнөөх жигүүртэнлүү өөрийн эрхгүй гөлрөн " Сэг зэмэн дээр суугаа юм болов уу? Нартын...