Хажуугаар минь сүлжилдэн өнгөрөх олон машин, шөнийн Сөүлийн төрх юу юунаас илүү үзэсгэлэнтэй харагдана.
Намхан ултай цагаан кетний минь ард тал нухаад хөл минь холгочихсон байсан ч би ээжтэйгээ уулзана гэхээс баярлан өвчнөө ч умартаж явлаа.Дүү бид хоёрыг явсны дараа хажуу өрөө түрээслэн сууж байгаа гэж сонссон ч би яг ямар хуу амьдарч байгааг нь огтхон ч мэдээгүй яваа нэгэн.
Байрных нь гадна тал энгийн агаад чамин содон онц зүйлгүй ажээ.
Гаднаас авч орж ирсэн гоймон, кимбаб хоёроо цүнхнээсээ гаргахдаа өрөөг нь тойруулан нэг сайн ажлаа.
Жижигхэн ч ганцхан хүн амьдрахад боломжийн гэмээр нэг өрөө."Ээж нь өлсөхгүй байна, чи ид" хэмээх түүнийг ажихдаа би авчирсан зүйлсээ идэж чадалгүй ширээн дээр орхин орон дээр суулаа.
Бид ингэж ч амьдрах гэж. Сайхан байсан гэр бүлээ ийм болгочхоод тал тал газар хагарсан аяганы хэлтэрхий шиг, яг л бутарсан зүрх шиг аз жаргалгүй хөндий амьдрах гэж."Энд байгаад байж яахав маргааш шууд Дэгү буц. Тэр Гуансугийнд байх хэцүү байгаа биз дээ. Гэлээ гээд энд ч байж болохгүй. Хий дэмий мөнгө үрээд байлгүй маргааш хурдхан буцаарай." гэх ээжийнхээ үгийг сонсоход нүдэнд минь учир зүггүй ихээр нулимс цийлгэнээд эхлэв.
Хэдэн сар барааг нь хараа ч үгүй охин нь холоос зориод ирж байхад эх хүн байж хүүхдээ ирсэн даруйд нь хөөнө гэдэг миний хувьд дэндүү сэтгэл шимширмээр санагдаж байлаа.
Арван найман жил амьдрахдаа төрсөн эхдээ ч хөөгдөж үзнэ гэж зүүдлээ ч үгүй явж.Үүр хаяарахын алдад би зам даган алхлаа. Гэхдээ дотроо нэг зүйлийг өөртөө тангарагласан юм. Ахиж хэзээ ч Дэгүд ирэхгүй гэж.
Ирээд ч орогнох газар үгүй, хайрлуулах ээж ч үгүй.Гагцхүү ирэх ганц шалтгаан минь миний найзууд л байх болно.
Амьдрал гэдэг хэтэрхий хатуу биш гэж үү?
Ядарч зүдэрч яваа нэгэндээ хэтэрхий их ачаа үүрүүлчхээд, задарч, бялхаж яваа нэгэнд нь хэтэрхий их хөнгөн хандах юм.Хамгийн эхний тасалбарыг захиалсан учир гадуур цөөхөн хүн явах агаад ачаагаа тээшний бүхээгт хийчхээд би суудалдаа суухаар зэхлээ.
Цонхоор ширтэж суухдаа хий дэмий л санаа алдана.
Үүрийн гэгээ татаад тэнгэр газрын заагаар нар багтаж ядан гарч ирэх шиг зугуухан харагдах агаад өндөр өндөр барилгын дээгүүр туяа нь гийж, зарим газар сүүдэрлэн харагдах нь яг л уран зураг мэт үзэсгэлэнтэй харагдана.
Чихэвчээр сонсогдох дуу минь намайг гадаад орчноос тусгаарлах агаад би яг л тэнгэрээр ганцаараа эрх дураараа элэн халин нисэж яваа өчүүхэн гэхэд дэндүү өчүүхэн атлаа тууштай нисэх шувуу шиг санагдана.
Зах хязгааргүй их мэдрэмжийн оргилоос намайг татан буулгасаар хэн нэгэн огцом чихэвчийг минь татахад би бодлоосоо саллаа.
Хажуу талын минь суудалд нэгэн залуу суух бөгөөд нэг л танил харагдсаныг нуух юун.