"Жонгүг, ямар ч хайр сэтгэл байх ёсгүй!"
Намайг жаргалтай нь аргагүй гэртээ орж иртэл авга ах миний өглөөхөн оёж суусан сахиусан уутны илүү гарсан торгоны өөдөс, мөн хэдийнээ хоосорсон хаш чулууны савыг урдаа тавьчихсан сууж байлаа. Түүний үгнээс багахан цочисхийж, юу хэлэх гээд байгааг нь огт ойлгоогүй ч хэсэг хугацааны дараа хэний талаар ярьж буйг нь ойлгов.
"Яагаад байж болохгүй гэж? Эргэн тойрныхон бүгд л хайр сэтгэлээр амьдралаа эхлүүлж байна!"
Би үл үзэгдэх анхаарлын тэмдэгтэй ярьж байлаа. Түүний өөдөөс илэрхий уцаарлана гэдэг бол эцгийнхээ ар нуруунаас хутга далайсандаа өөрцгүй.
"Нэгдүгээрт чи бол Чусон улсын Жонжүн хааны хамгийн хайртай Чонан хатнаас төрсөн ууган хүү нь. Чи энэ их гүрний ирээдүйн хаан нь болох учиртай. Хоёрдугаарт алтан ургийн хүн харц ардтай, тэр нь бүр эрэгтэй хүн бол хэзээ ч! Хэзээ ч болохгүй!"
Тэр босч зогсон, дөнгөж бууралтаж эхлэсэн сахлаа илж, хөмсгөө зангидах нь надад таалагдсангүй. Намайг хааны хүү гэдгийг энэ улсын нэг ч хүн мэддэггүй байдаг атал, би заавал түүний залгамж халааг үргэлжлүүлэх ёстой гэж. Хаясан бол тэр чигтээ хаях хэрэгтэй биз дээ! Арван есөн жилийн өмнө хамгаалж чадахгүй хөөсөн юм бол одоо чадна гэж үү? Дотор дүүрэн хачин гомдмоор бодлууд эргэлдэж нулимс минь цийлгэнэнэ.
"Ахаа, би хаан болмооргүй байна. Болохыг хүсэх ч үгүй байна. Намайг байдаг гэдгийг мэдэх цагт төр үймнэ гэдгийг надаас илүү мэдэх нь хаан аав та хоёр биз дээ. Үймсэн төрийг намжаахын тулд хэдэн мянган цус горхи шиг урсдагийг та ч, би ч мэднэ. Тэгэн байж энэ улсын удирдагч болох шаардлага надад алга. Надаас өөр ханхүү байхгүй биш, байгаа шүү дээ. Илүү ухаалаг, дайчин, чадвартай, бас эцэг нэгт дүүтэйгээ гэрлэж чадах хэмжээний мулгуу."
Хацар халуу оргин хорсож, намайг алгадсан гар нь чичирхийлэн зогсох ахын зүг гомдолтой нь аргагүй харц чулуудлаа. Би алтан ургийн ёс заншлыг тэр чигт нь үзэн яддаг. Хааны суудлыг өвлөж авах ханхүү цус нэгт гүнжтэйгээ гэрлэнэ гэдэг байж болшгүй хачин зүйлс. Тэдний амьдралын хачин зүйлс дуусашгүй. Харин өөрийнхөө амьдралыг тийм болгоно гэдэг, үгээр хэлэмгүй аймшигтай.
"Сая хэлсэн үг бүрээ эцгийнхээ урд өчиж чадна гэж найдъя!"
Анх удаа л түүнийг ийм хүйтэн хөндий, басхүү заналтай байхыг харсан миний гэдэс яг л хэн нэгэн гараараа базаад мушгиж байгаа мэт муухай өвдөлт өгч, цээжээр дүүрэн ус байгаа мэт хүнд оргин зовуурлана.
Би модон хаалгыг саван гарч, хар хилэн азаргаа сундлан хаашаа ч хамаагүй давхилаа. Гэхдээ хаашаа ч хамаагүй биш, ордны араар орох агуй руу явдаг зам гэдгийг би хэнээс ч илүүтэй мэдэж байсан юм...
---
Ээж намайг хэзээ ч ирж магад хэмээгээд өргөөндөө нэг ч шивэгчин байлгадаггүй. Гагц ээжийн хүүхэд байхаас нь хамт байсан хөгшин ахайтан л хамт байна. Би шуудхан ээжийн өргөөний хаалгаар орж үгийн зөрөөгүй энгэрт нь шигдэн цурхиртал уйллаа. Нуугдмал ч гэсэн би түүний хүү биз дээ? Хамт өсч чадаагүйн төлөө надад ингэж уйлах эрх хангалттай бий.
Түүний гар нурууг минь энхрийлэн илж, нөгөө гарынх нь хуруунууд салхинд арзайсан урт үсийг минь зөөлнөөр самнана.
"Ээж ээ, би хаан болмооргүй байна."
|Bi bas haal bolgomoorgv l wainjvvv
YOU ARE READING
•Naughty BF•||Taekook\Completed\
Historia Corta-Чи хүүхэд нь юм уу? -Тийм, би хүүхэд нь