[6 сарын 20 Бямба гараг 21:05]
Ногоон талд нар жаргалаа.
Тэнгэрийг атгасан үүлс хоёр гурваараа салхинд туугдахад, тэнгэр бид хоёр хагас дутуу цэлмэв.
Бороо дөнгөж зогсоод байсан учраас байгал өнгөө засч, үзэсгэлэн гоог тольдуулах нь хичнээн таатай.
Цаахна байх уулын тэртээ өтгөн манан татсан харагдана. Гүн ногоон туяа татуулж айдас мэдрүүлсэн нууцлаг ой дөнгөж дэргэдүүр минь өнгөрөх нь, нэг бодлын нүдээ аниад явмаар санагдуулав.
Бороо зогсож, тэнгэр цэлмэсэн ч гэлээ өнгийн солонго татахыг би олж харсангүй.Би санаа алдсаар, суудалдаа шигдлээ.
Зөөлөн том сандал, туйлын тухтай бөгөөд хормын дотор ор болдог шидтэй билээ.
Гэхдээ би одоогоор унтахыг хүсэхгүй байна. Эргэн тойрноо нэг харахад минь эгц өөдөөс харсан суудал хоосон байх юм.
Хэн ч захиалаагүй бололтой.
Гэтэл эсрэг талын тасалгаанд бяцхан хүүхдүүдийн шуугилдах цовоо дуу цангинах бөгөөд, ээж нь хүмүүсээс санаа зовох мэт хүүхдүүдээ чимээгүй байхыг ятгах нь тодхон дуулдав.
Тэрхэн хэсгийн инээд хөөр галт тэргийг бүхэлд нь баяр баясалд автуулахад, би жаахан инээмсэглээд дэвтрээ хаалаа.Галт тэрэгний их донсолгоонд гар минь салгалаад бичиж чадахгүй нь.
Удалгүй үйлчлэгч бүсгүй ирээд, тавцан дээр өрсөн халуун кофенуудаас авч өмнө минь нэгийг тавилаа.
"Энэ аягатайг уучихвал өнөө шөнө лав унтахгүй нь дээ" хэмээн бодогдсон хэр нь хоёр талаас нь атгаад, удаан гэгч нь оочиж эхлэв.Өнөө дуу ихтэй багачууд ядраад унтсан уу яасан, чимээгүй байх агаад, харин хаа нэг хөхрөлдөн ярилцах залуус хөгшдийн дуу сонорт минь шингэх ажээ.
Хэдэн мөч өнгөрөхөд, дараагийн буудал дээр ирэх дөхөж буйг илтгэж галт тэрэгний машинист залуу цээлхэн хоолойгоор ярив.
-Халцгай!
Галт тэрэг зогсохын өмнөх айхавтар донсолгоонд аягатай кофеныхаа хагасыг асгачхаад, амандаа үглэн арчиж эхэлнэ.
- Дөрөв.
Би цочин өндийхөд, хүсэж байсан ч хүрч чадаагүй тэр хүн зогсож байх нь тэр.
Намайг юу ч дугарахгүй хараад суугаад байсанд тэр хоолойгоо засаад,
-Дөрөв дугаартай суудлыг хайж байна. Хараад байхад, энэ мөн бололтой хэмээгээд хоосон байсан өмнөх суудалд лагхийн суулаа."Чи энд юу хийж яваа юм бэ?"

YOU ARE READING
《The train》
Short StoryУг бичвэрт гарах дүрүүдийн зан араншин зуун хувь хийсвэр тул, ямар нэгэн шүүмж хүлээж авахгүйг анхаарна уу.