Урд шөнө үнэхээр чанга хоносон бололтой. Чанга гэдэг нь хүйтэн гэсэн үг л дээ. Энэ жилийн өвөл миний санах бусад жилүүдийн өвлөөс илүүтэй хүйтэн эхэлж байгаа юм. Уг нь бол хонь мал, хашаа хороо, худаг ус гэхгүй хот газрын бидэнд өвлийн хүйтэн, зуны бороо, хаврын хавсрага нэг их хамаагүй мэт. Гэхдээ надад бол хамаараад байгаа юмаа. Яагаад гэвэл би нэг хуучивтар тэрэгтэй. Түүгээрээ халтуур хийдэг ухаантай. Жаахан давруулбал таксины үйлчилгээ гэх үү дээ. Манай такси бааз нь нэг машинтай, нэг жолоочтой, нэг засварчинтай. Тэр нь би. Харин өөр нэг даргатай. Тэр нь манай эхнэр. За нэг иймэрхүү төсөрхөн байгууллага даа. Хааяахан, сэтгэл хөдлөл нааштай үедээ би ингэж хошигнодог юм. Үнэндээ бол манай өнөөгийн нийгэмд олон гэр бүл иймэрхүү маягаар амьдарч байгаа. Тэдний нэг нь манайх.
Гэрээсээ аажуу уужуухан гарсан хүн чинь нэг их холгүйхэн байх дулаан граж руу чихээ ойр ойрхон даран, гүйх шогшихын завсар очив. Хүйтний эрч, тэр тусмаа өглөө үүр цайхаас өмнөх үнэгэн харанхуйн жавар тачигнаж байгаа нь энэ аж. Гражны хаалгыг чадлаараа балбавал нилээд удсаны эцэст манаач залуу хаалгаа нээхэд хаалганы завсраар саагих ууран дунд зогсох түүний өрвийсөн үснээс нь хүртэл халуу дүүгэн байх шиг. Тэр сэрсэн эсэхдээ итгэхгүй байгаа бололтой хир шигсэн хумстай гараараа хоёр нүдээ ээлжлэн нухлана. Би тэрүүхэн хооронд хөлдөж үхэх гэж байгаагаа мэдэхгүй зүүд зэрэглээ шиг харагдах түүнийг бас шоолон жуумагнав. Тэр залууг хэлэлтгүй би ч гэсэн нойрондоо харам л даа. Гражнаас бензин тосны юмуудаа, нэг тийм техникийн гэмээр үнэр ханх тавина. Гэхдээ энэ үнэрт би аль хэдийн дасаад бүр эергүү санагдах болчихож дээ. Манаач залуу маань гэнэт нэг юм санав бололтой шалавхан хөдөлж, том хаалгыг нээлээ. Бодвол намайг хурдхан шиг гаргах гэж яарсан байх. Гаднаас өглөөний тас хийсэн жавар хуйрагнаж гогцоорон орж ирэх нь гражны жижигхэн ёлтгор гэрэлд сүртэйеэ харагдана. Угаас өглөө эртлэн гардаг байсан болохоор миний тэрэг үүдэнд шахуу байсан хэрэг. Би ч гэсэндээ тэр залууг умгар өрөөнийхөө богинохон ханзан дээр хэсэгхэн ч болов хэвтээд аваг гэсэндээ тэргээ асаан хурдхан шиг гарлаа. Дулаан гражны давуу тал энэнд л байгаа юм даа. Хөөрхий, гадаа хоносон машинуудыг асаах гэж хүчлэхэд ёолох мэт ёнгинохыг хараад яагаад ч юм шээсээ савиртал чихдүүлсэн унага сарваа санаанд ороод байдаг юм. Өрөвдмөөр шүү.
Ингээд гражнаас нэг л гарлаа бол миний баяр хөөртэй эсвэл уйтгар гунигтай нэгэн өдөр эхэлдэг юм даа. Тэрэг чарга гайгүй, орлого дажгүйвтэр бол тэр өдөр сэтгэл тэнүүн, зовхи өөдөө. Харин хүн хар багахан олдоод, тоолдог хэд нь шалихгүй бол цаагуураа гундуу. За тэгээд машин эвдэрвэл ч бүүр нормойж гүйцдэг гэж байгаа. Ялангуяа өвлийн хүйтэнд машинаа түрэх шиг гуниг ер нь байдаг болов уу. За, за тийм өдөр л битгий болоосой.