Профессор Бү химичээс гадна зохион бүтээгч хүн байлаа. Үндсэн ажил нь элдэв янзын эмийн бодис, химийн гаралтай бусад бүтээгдэхүүнийг лабораторид өсгөн гаргаж авах буюу энэ хотын хамгийн хэрэгцээтэй ажил мэргэжлүүдийн нэг байсан ба түүнийхээ хажуугаар хүүдээ бэлэглэдэг байсан робот машин, техникүүдийг задалж, буцаан эвлүүлсээр яваандаа бага оврын робот хийдэг болжээ. Гэрэлт хотын сая сая хүн түүнийг алтан гарт, мэргэн санаат эрдэмтэн Бү гэдэг нэрээр нь танина. Профессор өөрийн гэсэн лаборатори бүхий эмнэлэгтэй, тэр нь хотын оргил хэсэгт байрлана. Гаднаасаа харахад тийм ч томгүй капсул барилга байх боловч дотроо арван давхар, олон тасалгаа тэнхимүүдтэй, дахиад тав орчим давхар газар доорх бүстэй асар том байгууламж ажээ. Хүний биеийг шинэ дэлхийд дасгах, ингэхийн тулд эмчилгээ, эмийн жор хүртэл өөр болжээ. Хүмүүс хувьсаж байв. Гадаах ертөнцийн хүмүүсийн наслалт нэлээн буурсан бол гэрэлт хотынхны дундаж наслалт зууд хүржээ. Зуун гуч, зуун дөч, бүр зуун тавь наслах нь тийм ч ховор үзэгдэл байхаа болив. Энэ бүхэн шинэ үеийн эм, химийн бэлдмэлийн үр дүн, хими физик эмчилгээний дэвшлийн ач байлаа.
Саяхнаас профессор нэгэн шинэ төсөл эхлүүлсэн нь Шинжлэх Ухааны цогцолбор сургууль байгуулах явдал ажээ. Тэрээр зөвхөн эмнэлэг, лаборатори ажиллуулаад зогсохгүй хойч ирээдүйгээ шууд гар дороо бэлтгэх тогтолцоо бүхий маш том санаачилга гаргажээ. Түүндээ зориулж барилгаа ч өргөтгөж, нэг ёсондоо энэ хотын хамгийн том Эрүүл мэнд, шинжлэх ухааны төвийг байгуулж байв. Мөн нэг онцлог нь уг сургуульд нэг ч робот багш, робот ажилчин ажиллуулахгүй байхаар төлөвлөжээ. Үүний шалтгаан тодорхой байлаа. Хүүгээ эргээд сургуульд явуулах, гэрээр сурах боломжгүй бусад бүх зүйлсийг танин мэдүүлэх, мөн ажилтай нь шууд танилцаж, суралцуулах хүсэл эрмэлзэл үүний ард нуугдаж байсан нь мэдээж. Төслөө "Хурдасгуур" гэж нэрлээд энэ цаг мөчөөс эхлэн нээгдэж буй сургууль ч мөн энэ нэр дор ажиллах ажээ. Энэ сургуульд Гэрэлт хотын нийт айл өрхийн гуравны нэгийнх нь хүүхэд суралцах боломжтой байв. Мөн түүнээс гадна уг сургуульдаа суралцуулахаар профессор Бү гаднаас олон тооны хүүхэд үрчилж авч байсан юм. Тэднийгээ сургуулийн хажууд дотуур байранд суулган асран хүмүүжүүлээд хэдийн эхэлсэн байлаа. Тухайн цагт бараг үгүй болсон байсан хүүхдийн асрамжийн газрыг сэргээн нээсэн нь энэ байв.
Тун удалгүй "Хурдасгуур" лаборатори, эрдэм шинжилгээний хүрээлэн хүүхдийн хөлөөр дүүрч, шинэ өнгө төрхөөр гийж эхэлжээ. Урьд нь зөвхөн өвчтөн, робот ажилчдаар дүүрэн байсан хүрээлэнгийн өргөтгөлд нэг ч робот үгүй, харин цав цагаан үргэлж хослолоор жигдэрсэн охид, хөвгүүд гүйлдэх боллоо. Гурав, дөрөвхөн настай балчруудаас авхуулаад арван тав, зургаатай өсвөрийнхөн ч энд суралцана. Тэд бүр багаасаа шинжлэх ухаан, түмэн бодис, техник, технологитой танилцан, хамт өсөж, сонирхсон чиглэлийнхээ ангид суралцан цааш тэмүүлэх болно. Хүрээлэнд анги, бүлгийн ялгаа үл оршино. Хэдэн ч настай, хаанаас ч ирсэн хамаагүй бүгд нэг ижил түвшинд суралцаж, хүссэн түвшний мэдлэгээ сонгож болдог чөлөөт тогтолцоо тэнд оршиж байлаа.
YOU ARE READING
A friend
Ficção Científica...Царайг нь үл санах тэр нэгний хоолой тархинд минь тэнүүчилнэ. Яг л зүүд зэргэлээ мэт...