Тэр өдрөөс хойш долоо хоног өнгөрсний хойно гэнэт Буржгарын бие зовуурилж эхэлжээ. Шөнөдөө гучин найман хэм хүртэл халуурч, хар хөлс нь цуван, байсхийгээд л дотор нь муухайрч огиулах болсныг өрөөний анд Дүгэрэг илтэд анзаарах болов. Эхлээд найзыгаа хүнд өвчин тусчихаж гэж бодоод түргэн тусламж дуудсан хэдий ч түргэний эмч үзлэг хийгээд хөнгөн ханиад гэхээс өөр онш тавьж чадсангүй. Хоёр, гурав хоносон ч найз нь шөнөдөө халуурч хоносоор байсанд Дүгэрэг арга буюу аавдаа учрыг хэлжээ. Гэтэл хачирхалтай нь профессор Буржгарыг үзээд хэдэн амин дэм өгсний дараахан хүү халуурахаа больж, бие нь тавиран, тайван унтаж эхэллээ. Ингэж хэд хоног хоёр хүү нэг нь өвчиндөө шаналан, нөгөөх нь өвдсөн найздаа санаа зовсоор нойргүй явсны эцэст хоёул бүтэн нойртой шөнөтэй золговой. Буржгарын бие маргаашаас нь овоо дориун болж, хичээл сургуульдаа явах тэнхээ орсон тул хөвгүүд тун баяртай сургуулийн зүг явцгаана.
"Үгүй ингэхэд ийм сайхан цаг агаартайд ханиад хүрчихдэг, чи ч мөн бие султай болж байна аа?"
"Хэт их хичээл хийгээд дархлаа муудсан бололтой. Бас чиний жимсгэнэ бэх ч нөлөөлсөн дөг өө."
"Хордлогонд орсон гэх гээ юу? Өдөр бүр шахуу уудаг миний бие зүгээр л байна даг."
"Хэн мэдэх вэ. Миний биед зохицохгүй байгаа бололтой."
"Хайран юм. Чамд хулууны шүүстэйг хийж өгье гэж бодож байсан юм. Одоо тэгвэл болихоос доо."
Тэдний хөнгөн яриа, хөгжилтэй өдрүүд удаан үргэлжилсэнгүй. Их завсарлагаанаар найзтайгаа хамт хооллохоор таарахад Буржгарын царай нэг л тавгүй, хувхай цайчихсан, уруул нь омголтон хөхөрсөн харагдах тул Дүгэрэгийн санаа чилээрхэн амин дэмээ уусан эсэхийг нь асуулаа. Буржгар уусан уусан хэмээн толгойгоо дохиод санаа зовох шаардлагагүйг тайлбарлахын хамт хоолны ширээнд суув. Өдрийн хоолондоо тэд хүчилтөрөгчөөр баяжуулсан хулууны зутан, хүлэмжинд өсгөсөн цэцэгт байцааны салад зэрэг амин дэмээр баялаг органик хоолнуудыг сонгоно. Дүгэрэг угийн жимс, ногоонд дуртай бол Буржгар ногоон хоолны төрлийн хүн яав ч биш. Гэхдээ цагаа тулвал хоол голдоггүй, ялгадаггүй хүүхэд байсан тул ойрын хэд хоног зөвхөн органик ногоон хүнс хэрэглэж байгаа билээ. Энэ удаад ч мөн шар хулууны зутангаа нэг халбагадан амандаа хүргэв үү үгүй юу царай нь зэвхийрч байснаа дотор нь муухайрч сүр сархийн босоод ариун цэврийн өрөө рүү амаа даран гүйлээ. Энд тэнд шаагилдаж байсан сурагчид сүр сархийх чимээнээр бүгд түүний зүг харцгаав. Тэдэн дундаас Дүгэрэг савхаа чулуудаад найзынхаа араас ариун цэврийн өрөөний рүү хамаг хурдаараа жирийн очиход цаанаасаа хоёр дахь тасалгаанаас Буржгарын хий огиулах чимээ дуулдах авч хоолгүй хоосон ходоодноос нь уснаас өөр юу ч эс гарахыг гадаа хүлээх найз нь даанч мэдсэнгүй. "Хүүе, чи зүгээр үү? Эмч дуудах уу?" гэж Дүгэрэг хаалгыг нь тогшин сандачвал дотроос Буржгар сулхан "Хэрэггүй ээ. Би одоохон гарлаа." гэж сөөнгөтөн хариулав. Дүгэрэг хүлээж хүлээж тэсгэл алдаад хаалгыг түлхвэл түгжээгүй байна. "Чи чинь яачхав аа?" гээд уцаарлан нээтэл Буржгар найз нь шалан дээр ухаангүй хэвтэж байлаа. Дүгэрэг ухаангүй найзаасаа үнхэлцгээ хагартал цочоод даруй гарч гүйн түргэний тасагт хүрээд ариун цэврийн өрөөнд суралцагч ухаангүй буйг ам мөлтөс дуулгаж амжив. Түргэний эмч яаруухан чагнуураа аваад сургуулийн танхимын зүг шогшиход араас нь хоёр сувилагч дамнуурга аван гэлдэрлээ. Дүгэрэг араас нь санд мэнд харайлган очвол эмч хэт авианы аппаратаараа ухаангүй хэвтэх найзын нь биеийг дурандсаны дараа олон таван үггүй дамнуурга дээр аваад яваад өгөв. Харин сурагчид энэ хооронд хэдийн бөөгнөрч шаваад, хэн юу яав ийв гэсэн шиг ариун цэврийн өрөөний үүдэнд буман олноороо цугласныг Дүгэрэг анзаарах ч сөхөө байсангүй. Нүдэнд нь зөвхөн найзын нь сул унжих гар л харагдана.
YOU ARE READING
A friend
Science Fiction...Царайг нь үл санах тэр нэгний хоолой тархинд минь тэнүүчилнэ. Яг л зүүд зэргэлээ мэт...