"Та хоёр бүр ингэх байсан юм уу?"
Хүлээн авалт ид дундаа орж, зочид чөлөөт цагтаа шилжин бужигнаж байх зуур Дүгэрэг Буржгарыг том танхимаас дагуулан гарч харанхуй хонгилд хүрч ирээд бүхий л хорслоо тайлан дэлбэрсэн нь энэ байлаа.
"Яагаад заавал энэ өдөр гэж? Яагаад жилдээ ганцхан удаа тохиодог энэ өдрөөр миний тэгтэл дургүй байсан төсөлшүү юмаа олон нийтэд цацаж байгаа юм? Ингэх байсан юм бол өөрийнхөө төрсөн өдрөөр л хийхгүй заавал яах гэж..." хэмээн үргэлжлүүлэн бахирахад түрүүнээс хойш чимээгүй хүлцэнгүй харж зогссон Буржгар гэнэт хөмсөг зангидан "Төсөлшүү юм аа? Яаж чадаж байна гэнэ ээ? Чи энэ төслийг, энэ том нээлтийг хийх гэж хэчнээн хүн нойр хоолоо хасаж, хэчнээн хүүхэд цус хөлсөө гаргасныг мэдэх юм уу? Чи ядаж жаахан ч атугай анхаарал хандуулж үзсэн юм уу? Яагаад энэ бүхнийг хийх гэж тэгтэл улайран зүтгэх болсон шалтгааныг чи асуусан юм уу? Чи уурлаж бухимдахаас өөр юм хийсэн юм уу?" гэж урьд хожид баймгүй өндөр дуугаар дүрсхийн уурссан нь Дүгэрэгийг цочоож орхилоо. Урьд нь ороо хураасангүй, гэрээ цэвэрлэсэнгүй гэх мэт аж ахуйн хөнгөн хэрүүл дээр өөрийг нь зэмлээд л өнгөрдөг байсан найз нь энэ удаад чин үнэнээсээ догшрон уурлахын чинь ээ зүүдлээгүй явжээ.
"Ч-чи над уруу хашхичаад байгаа юм уу? Одоо бүр миний буруу болж таарч байна уу? Чи хэзээ ийм болчихсон юм бэ? Би чамайг танихгүй байна." хэмээн хорсол, гомдлыг хослуулан уйлан дуугарахад сая найз уруугаа хэтрүүлэн дайрснаа ойлгосон Буржгар хөмсөг зангиран цоо ширтэх харцаа буулгаад, газар дээр хойш нэг алхам ухарч "Намайг уучлаарай. Уулаасаа эцэст нь хэзээд миний буруу л болдог. Дахиж маргалдахаа больцгооё. Өнөөдрийг битгий бусниулаарай." гэж аядуухан боловч хүйтэн хөндий хэлчхээд танхим руу эргэн зүглэвэй.
Хөөрхий Дүгэрэгийн сэтгэл шархлах гуниад, найздаа гомдох сэтгэл нь улам олон шалтаг хайж олоод, эцгийгээ нэг нүдээрээ ч үзэхийг хүсээгүйдээ нэг л мэдэхэд хүрээлэнгийн арван давхарт гараад ирчихсэн профессорын өрөө рүү зүглэж явлаа. Бөөрөнхий хоёр нүднээс нь бөмбөлгөн нулимс бөн бөн урсах агаад гоёлын хүрэмнийхээ торгон ханцуйгаар шудран шудран алхана. Нулимстай нүд нь бүрэлзэн бүрэлзэн алхсаар нэг л мэдэхэд аавынхаа өрөөний үүдэнд ирчихсэн дугаарыг нь тайлж зогсов. Дугаар зөв орсныг илтгэн хөнгөхөн хонх жингэнэхэд Дүгэрэг хаалгаар явж ороод эргэн тойрноо харвал аавын нь өрөөний бүх юм автомат, хиймэл оюун ухаанаар тоноглогдсон байна. Өрөөний нууц дугаарыг л мэдэхээс урьд хэзээ ч орж үзээгүй тул ихэд айж ширвэсэн хэдий ч явсаар ажлын ширээн дээр нь очвол хэд хэдэн шилэн дэлгэц байна. Дүгэрэг асаах товчлуур хайсан боловч хиймэл оюун ухаант шилэн дэлгэцэнд ямар ч товч, оролт, гаралт байсангүй. Тэгэхээр нь санаанд орсноороо "Компьютер, дэлгэцийг асаана уу." хэмээн тушаав. Тэгмэгц ханын том чанга яригчаар "Хоолойг таньсангүй. Өгөгдлийг цуцаллаа." гэх эмэгтэй хүний нэгэн хэмийн хоолой ачаалан дуугарав. Дүгэрэг ямар нэгэн арга сүвэгчлэхээр бодож бодож гар утсан дээрээ хурааж авсан аавынхаа хоолойг хувиргагч руу шилжүүлэн авч, утасныхаа чанга яригч руу дахин "Компьютер, дэлгэцийг асаана уу." хэмээн хэлэхэд хувиргагч төхөөрөмж хэлсэн үгийг нь даруй аавынх нь хоолойтой нийлүүлэн хувиргаж орхилоо.
YOU ARE READING
A friend
Science Fiction...Царайг нь үл санах тэр нэгний хоолой тархинд минь тэнүүчилнэ. Яг л зүүд зэргэлээ мэт...