0102

272 35 9
                                    

Суурингаас зайдуухан цомхон оршуулах ёслол үйлдээд буцахдаа эмчийн гараас хөтлөн явах хоёр жаалхан ихэр, ард нь хэрэндээ толгой гудайлгүй хөлөө өндөр өндөр өргөн түүртэлгүй алхах дөрвийг тоож харсан хүн байсангүй. Угаас энд өдөр бүр шахуу хүн үхэж байдаг хагацалд дөжирсөн газар. Харин одоо эмчийн толгойд ганц л зүйл бодогдох нь өнчирч хоцорсон энэ гурвыг яадаг ч байсан хөсөр орхихгүй гэх бодол байлаа. Тэднийг хуучин гэрт нь энэ чигээр нь үлдээчихвэл зөвхөн өлбөрч үхэх аюул бус өөр олон аймшиг хүлээж буйг тэр гадарлана. Ах, дүү хоёроосоо илүү эрүүл саруул Гоны хувь заяа түүнийг улам ч зовооно. Одоо дөрвөн настай, илэрхий өвчин эмгэг үгүй тул түүнийг хэн нэгэн Гэрэлт хот руу авч яваад зарчихаж мэдэх бөгөөд өнчирч хоцорсон түүнийг хамгаалж авч үлдэх хүн Чан байж чадахгүйг тэр сайн мэднэ. Чан, эмч хоёрт нэг зүйл ижилхэн байсан нь тэд хоёул Гоныг яадаг ч байсан усаар арилжахгүй гэх бат нут үзэл бодол ажээ. Ингээд л тэр хүүхдүүдийг асран хамгаалахаар шийдэн гэртээ дагуулж ирсэн билээ.

Эмч болон хүүхдүүдийн энгийн амьдрал ийн огтлолцсоноос хойш тэд нэгэн гэр бүл болоход хугацаа шаардсангүй. Залуухан эмч хүүхдэд дэндүү хайртай нэгэн байлаа. Энгийн үед ямаршуухан хүн гэдгийг нь дүрслэх амархан. Анх түүнийг хүн эмнэнэ гэхэд эндхийн хэн ч итгэхээргүй тийм л залуухан, хар юүдэнтэй томдсон хүрэмнээс өөр юм өмсдөггүй нэвсгэр, хүнтэй харьцахаас илүүтэй цахилгаан машин тэрэг засаж суувал барав гэмээр хөө тортогтойгоо холилдсон байдаг л нэг залуу хөвгүүн байсан ч гэлээ үзсэн ганц нэг хүн санаанд оромгүйгээр сайжирч байсан тул бага багаар хүмүүс түүнийг эмч гэж нэрлэх болсон юм. Түүнээс өмнө энд бүтэн цагийг өвчтөнд зарцуулдаг эмч сувилагч ховорхон байлаа. Бүгд л биеэ эмнүүлэх цагаа химийн бодис цэвэрлэж өнгөрүүлбэл илүү амжиргаанд нь хэрэгтэй гэж боддог тул хүн эмчилдэг мэргэжлийн эмч гэж байдаггүй, харин хэдэн робот л сувилах үйлчилгээ үзүүлж өгнө. Хүмүүс цаашид ажил хийж чадахааргүй болсон үедээ л робот сувилагч дээр очиж тусламж авна. Түүнээс наана эмнэлэг бол тэдний хувьд цагийн гарз байсан юм. Харин залуу эмчийг гарч ирснээс хойш юмс бага багаар өөрчлөгдөж эхэлжээ. Хүмүүс түүн дээр зорьж ирэхгүйг тэр мэдэх тул өөрөө байнга айлуудаар орж үзлэг хийнэ. Зарим нь энэхүү шинэхэн дадал зуршлаас төвөгшөөх бол зарим нь баярлан хүлээн авна. Биечлэн ирж үзүүлдэг түүний байнгын өвчтнүүд нь харин хүүхдүүд ажээ. Эцэг эхчүүд, томчуул өөрсдийгөө үзүүлэхээс илүү хүүхдүүдээ жаахан ч болов өөрсдөөс нь урт наслаг гэсэндээ залуу эмчид даатгах нь тэдний хувьд хамгийн том чухал алхам болсон гэхэд хилсдэхгүй.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 11, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

A friendWhere stories live. Discover now