Би ер нь дуу хөгжимд их мэдрэг ханддаг хүн л дээ. Тэгээд энд нэг булан гаргасан юм. Энд чухам юу орох нь уу гэтэл хэдэн дууны шүлэг орох шинжтэй. Би дууны ая данд илүүтэй хандтай, чих тавин таашаал авдаг л төрлийн хүн юм л даа. Гэхдээ аливаа нэг дуу надад машид гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлбэл шүлгийг нь нэн шохоорхож эхэлдэг. Энэ хэсэгт чухамдаа миний зүрх сэтгэлд хэсэгхэн зай эзлээд одох гадаад хэл дээрх дууг монгол хэлнээ хөрвүүлэн оруулах бяцхан ажил өрнөх юм. Гадаад хэлнээс эх хэл рүүгээ дуу, шүлэг хөрвүүлнэ гэдэг бас ч нарийн мэдрэмж шаардсан ажил гэж бодном. Тэдгээр яруу сайхан мөр шадуудыг шуудхан үгчилж буулгах чухам учир дутагдалтай санагддаг тул аль болох утгачилж, утга санааг өөрийн хэл соёлын өвөрмөц онцлогт дүйцүүлэн орчуулж гэмээ нь яруу байдлаа хадгалсаар байх болов уу. Иймд миний бие онц сонирхолтой, олонд танигдаагүй өвөрмөц шүлгүүдийг аль болох утга дүйцүүлэн, мөн ядмагхан яруу найргийн мэдрэмжээ давс хужрыг нь тааруулах мэт хаялаад чадан ядан уншигч та бүхэнд сонирхуулахаар шулуудлаа. Болгооно уу.
12 parts