Ээжийгээ хаана байгааг мэдэх үү? ... Гэрэлд гарвал үхнэ. Гялбах төдий нарны гэрэл ээж дээр чинь тусахад л би араас нь очоод хөнөөчихнө
...
... Уртаас урт хонгил дундуур амьсгаадан гүйсээр л байлаа ЭЭЖ, ЭЭЖ тэнд байгаа. Ганцхан булан эргэчихвэл л олоод очлоо. Хэр удаан ингэж гүйснээ санахгүй нь ... хэдэн булан эргэснээ ч мэдэхгүй байна. Ямар ч л байсан утга учиргүй хөвөрсөн захидлууд, хаана хүрэхээ мэдэхгүй тэмүүллүүд ийм зүйлд хүргэчих нь гэж яаж мэдэх билээ дээ. Тэр өдөр л түүнд хариу биччихсэн бол бишээ анхнаасаа хариу бичээгүй бол аль эсвэл ангийн ваар хагараагүй бол энэ бүхэн болохгүй байсан.
Хойно юм хагарах чимээ гарахад хүүхдүүд тэр аяараа эргэж харав. Ангийнх нь багшийн харах болгондоо бахархалтай мишээл тодруулдаг үргэлж тэднээс арчиж цэвэрлэхийг шаардан төвөг удаж байдаг хөх ваарыг хэн нэгэн унагаад хагалчихлаа. Зарим нь ахин түүнийг цэвэрлэх хэрэггүй боллоо хэмээн баяссан ч ихэнх нь багшийг яах бол гэхээс нэлээд жийрхэж байсан юм. Удалгй багш ч орж ирлээ. Асуудал хурцдах нь ч тодорхой мэдээж хэрэг. Хамгийн хачин нь ваарыг хэн хагалсан нь тодорхойгүй хэвээр. Нэлээдгүй маргаан шуугиан өрнөсний эцэст хамгийн ард суудаг сурагчид хэрэг оногдож таарав. "Би яаагаа ч үгүй шүү дээ" гэж амандаа сулхан бувтнасан ч хэн ч түүнийг сонсоогүй юм.
Ингээд л хагархай ваарыг эвлүүлж наах, ангиа 7 хоног ганцаараа цэвэрлэх шийтгэл аваад хоцорсон нь тэр л дээ. Үнэндээ түүнд өөрийгөө өмөөрч хэдэн мянган аргумент дэвшүүлж ангийнхантайгаа бас багштайгаа мэтгэхээс энэ шийтгэлийг аваад үлдэх нь хавьгүй дээр сонголт байсан юм. Ямар ч л байсан цэвэрлэгээгээ дуусгаад хог асгахаар гарав. Сургуулийн ард цэцэрлэг дунд байрлах хогийн цэг дээр хогоо асгачихаад эргэх гэтэл нүдэнд нь хажуугийн агуулахын ханан дээр бичсэн "Хэн нэгэн харж байна уу?" гэсэн муруйлдсан бичээс туслаа. Очоод хартал нэг нь хадаасаар ч юм уу нэг үзүүртэй зүйлээр сийлээд орхисон харагдав. Яагаад ч юм хариулмаар санагдаад хармаандаа байгаа цаасанд боосон шохойг гаргаж ирээд "Харж байна" гэж биччихээд яваад өглөө.
Маргааш нь ч хичээл тарж мөн л ганцаараа ангиа цэвэрлэчихээд өнөөх хогийн цэг дээрээ очтол "Сайн уу" гэсэн бичиг дурайж байх нь тэр ...