Ажлаасаа оройтож таран харанхуй гудамжинд ганцаар алхаж байхад надад бусдад төрдөг шиг айдас төрсөнгүй. Дээрээс нь чиний төсөөлж буй шиг тийм ч аймшигтай гэрэлгүй гудамж биш л дээ.
Амьдралд минь ганц ч удаа битгий хэл бүр огтхон ч огцом эргэлт, сайн муу нь хамаагүй уйтгартай амьдралыг минь өөрчлөх үйл явдал тохиож байгаагүй ба цаашдаа ч тохионо гэдэгт итгэлгүй тул надад айдаг зүйл байдаггүй юм.
Үнэндээ хэн нэгэн намайг хулгайлж эрхтнүүдийг минь зарвал сайн байхгүй юу гэж хэлээгүй ч ямар нэг зүйл тохиолдоосой гэж хүснэ. Багахан л догдлол, судсаар минь цус гүйж байгааг мэдрүүлэх зүйл хэрэгтэй байна. Ганцхан үүнийг л итгэхээ болиод удсан ч үргэлжлүүлэн залбирсаар буй бурхан гэгчээс өдөр бүр гуйна.
Удалгүй ард минь хөлийн чимээ сонсогдож эхлэхэд би бусад эмэгтэйчүүдийн хийх байсан шиг айж мэгдэн алхаагаа түргэсэсэнгүй. Харин ч догдлон гараа зүрхэн дээрээ тавиад нүүрэнд минь тодрох инээмсэглэлийг хүчилсээр арилган ахиад л залбирч гарав.
Нэг алхам. Надад дөхөж байна.
Хоёр алхам. Толгой руу минь цохих болов уу? Эсвэл нойрсуулагч үнэртүүлэх болов уу?
Гурван алхам. Гуйя улам ойртооч.
Дөрвөн алхам. Тийм ээ бараг л ард ирчихлээ.
Тав дах алхамыг нь тоолох гэтэл тэр намайг өнгөрөөд явчихав. Би санаа алдаад өөрийгөө юунд найдсан юм бол хэмээн зэмлэсээр бараг л ирчихээд буй гэрийнхээ цонхийг гэрэлтэй эсэхийг шалгахаар өндийсөн ч хар хурдаараа гүйн ирж намайг тэврэн авсан нөхрөөсөө болоод амжсангүй.
"Хааччихдаг юм бэ. Ямар их санаа зовсон гээч"
Гэмтэж бэртсэн эсэхийг минь эргүүлж тойруулан харж шалгасаар бүрэн бүтэн байгааг минь мэдсэн дариудаа духан дээр минь зөөлөн үнсэн ахиад л дулаахан тэврэлтэндээ татан оруулна. Би ч гараа нуруугаар нь явуулан түүнийг өөртөө улам татав.