Зүүдэндээ харсан ханхүүдээ зүрх сэтгэлээ өгч түүнийхээ хажууд байхын тулд далайн шуламтай тохиролцон хөлтэй болоод хүний ертөнц дээр амьдрахаар болдог лусын дагинын түүх. Хайрыг мэдэрсэн богинохон амьдралдаа цэг тавихдаа тэрээр инээмсэглэж байсан гэгдэх тэрхүү гунигтай бас гайхалтай хайрын түүхийн ард дарагдсан ахин нэг хайрын түүх. Тэнэгхэн хайртыгаа хамгаалж чадаагүй тэр нэгэн бүсгүйн тухай хэний ч мэдэхгүй, үнэн түүхийн ард нуугдсан бодит түүхийг өгүүлэх гэж буй.
...Хүйтэн байна, далайн усанд уусаж байгаа мэт. Үгүй ээ далайн ус миний байх ёстой газар шүү дээ гэтэл живж байгаа мэт санагдана. Эсвэл арай өөр, өнөөх дасан зохицох гэж хичээж байсан тэр агаартаа хөвж буй мэт. Гар руугаа хартал юу ч харагдсангүй би, би байхгүй болж байна. Хөөс болж буй мэт, мэт, мэт... тиймээ би тэгж байна, хөөс болж байна. Жаргаж буй нарны туяанд бага багаар идэгдэж өөрийн биеэ алдаж байна, зүрхээ алдаж байна, хайраа алдаж байна. Үгүй ээ минийх байгаагүй шүү дээ, минийх биш байсан. Тэгэхээр минийх биш байсан хайраа алдаж байна, үүрд...
Ахин учрах тавилангүй хэмээн санах сэтгэл минь намайг шаналгаж байна. Хөөс болж буй бие, хөөс болсон би, амьд биш, ямар нэгэн зүйл оршин байх боломжгүй энэ төлөв минь намайг өвтгөж байна. Зүрх минь хэдэн хэсэг болон урагдаж байна...
Миний хүсэл, гарыг чинь атгаад сүүлийн удаа ганцхан үг хэлэхийг хүссэн юмсан. Би чамд хайртай гэж. Гараас чинь атгаад сүүлийн удаа ганцхан зүйл сонсохыг хүссэн юмсан. Би ч бас чамд хайртай гэж. Үгүй болж буй энэ биеийнхээ өөрт байсан бүх л зүйлээ чиний төлөө зориулсан атал эцэст нь би юу ч үгүй бас өөрөө өөрөө ч үгүй хоцорлоо... Харамсахгүй байна, харамсахыг хүсэхгүй байна. Чиний төлөө хөөс болж, чиний дэргэдээс үүрд холдож буй энэ тавиландаа би уйлахгүй байна. Гэхдээ би өчүүхэн, бүүр жаахан шаналаж болно биз дээ...Явуулахыг хүсээгүй юмсан, гэтэл тэрийгээ хэлж чадаагүй. Далайн шулам руу зүглэх үед чинь болиулдаг л байж миний тэнэгхэн Седна. Би, би яах болж байнаа. Чиний байхгүй энэ далайн ус намайг гүн харанхуй руу татаж, төрснөөсөө өдий болтол туулж дассан газар атал би даарч байна, үнэхээр их даарч байна. Миний тэнэгхэн Седна...
Чиний байхгүй энэ далайд, чиний байхгүй энэ орчлонд би ганцаараа үлдэж чадахгүй нь. Хамтдаа баймаар байна, гарыг чинь атгаад хамтдаа далайн гүнд сэлмээр байна, ахиад нэг удаа...
Чи надаас явж байна, үүрд. Би чамайг алдаж байна үүрд... Бие сэтгэлээс минь чи холдож байна яг л хэзээ ч оршин байгаагүй мэтээр алга болох гэж байхдаа чи баярлаж байна.
Чамаас урвасан нэгний төлөө чи инээх юм. Биегүй хоосон, хүрэх битгий хэл үлээх төдийд юу ч үгүй бутраад унах хөөс болж байхдаа чи инээж байна. Өөрт чинь өгөөгүй хайрын төлөө чи өөрийгөө золиосолж буй даа жаргалтай байна. Чиний түүнээс аваагүй, авч чадаагүй тэр хайрыг би өгөх байсан шүү дээ. Би чадах байсан, чамайг хайрлаж, хамгаалж, халамжилж өдөр бүр, цаг бүр, минут, секунд бүр би хэлж чадах байсан "Би чамд хайртай" гэх үгийг. Гэхдээ би чадаагүй, өөрийгөө илэрхийлж зүрхлээгүй тэгээд энд, үгүй болж буй чамайгаа хараад уйлан дуулж цөхрөөд сууж байна. Боломж байгаа болов уу? Одоо чамтайгаа хамтдаа байх ямар нэгэн арга бий болов уу?... Хөөсийг бий болгодог ямар нэг зүйл юу байж болох уу? Үгүй ээ үгүй хөөсийг хөөргөж дагаж явах тийм нэгэн зүйл. Тиймээ намуухан, аядуу зөөлөн, маш зөөлөн шившээ салхи болъё. Хайрт чамайгаа хагалчихгүйн тулд хамгаалан үүл рүү, тэнгэр үү, сансар огторгуй руу хөтлөөд би нисье. Исгэрэх бүрдээ чамд шивнэж байя энэ үгийг "Би чамд хайртай". Миний Седна..., Седна, миний Седна...
Урт сайхан гэзгээ би түүнийхээ төлөө өргөсөн гэтэл түүнд минь хэрэггүй байж. Тэгвэл усанд дотор байх өөрийн амьдралаа тэр чигт нь би өргөе, гар хөл, бие гээд бүгдийг нь. Үүнийг аваад оронд нь намайг үлээх салхи болгож өгөөч. Гуйя бурхан минь намайг намуухан салхи болгож хайрлаач. Түүнийхээ эмзэгхэн биеийг эмтлэхгүйн тулд хамгаалах боломжийг надад өгөөч гуйж байна...
YOU ARE READING
Sedna & Meredith ☆Юүри☆ Дууссан
Romance...Бүтэн саран гэрлээ мэлтэлзүүлж бүүдгэр орчлонг гэгээгээр мялаах үдшийн шөнийн үзэсгэлэнт үзэмжээр, алгуур доошлон усанд шингэн хагарах гэж буй хөөсийг алсаас зөөлөн исгэрэн ирэх шившээ салхи хөөргөн алс хязгааргүй руу замчлан одно...