Seven

83 10 2
                                    

Дээд өнцөгтөө сүм бололтой улаан тоосгон барилга харагдах агаад нэг л машин багтах зайтай гудмаар өгссөөр түүний хэлсэн хаяган дээр ирлээ. Түрүүхэн залгасан дугаар луу нь залгахад утас нь дуудаж байсан ч хариу өгсөнгүй. Гэвч төд удалгүй хашааны хаалга түжигнэсээр тэр гарч ирлээ. Гадуурх хүрмээ л өмсөж амжаагүй болохоос анх харахад өмссөн байсан хувцастайгаа байх нь тэр. Нөгөө гайтай хар малгай хүртэл...

"Ороод ир" гэчихээд цаашаа зүглэхэд нь би араас нь дагасаар будаг нь халцарчихсан бор хаалгаар босго даван орлоо. Хоёр жижигхэн сараалжин цонхоор муухан гэгээ туссан, цөөн бүлтэй нэг айл нэгэн дээрээ дэвсчихгүйхэн шиг амьдарч болохоор хавчиг сууц байлаа. Эд хогшил ихтэй гэх үү, эмхлэх аргаа олоогүй гэх үү шалнаас тааз өгсүүлээд есөн бусын зүйлс л үзэгдэнэ. Урагш нэг алхахад л нүсэр биш алхаан дор минь шал хотолзох нь ч мэдрэгдэж амжив.

Тэр цаашаа яван нөгөө хар хүрмээ сандал дээрээс авч өмсөөд, аль хэдийн бэлдчихсэн бололтой хөх чемоданаа аваад, үүргэвчээ ч үүрлээ. Дурдатгал яриа хүлээн тас гөлрөн зогсоход минь тэр над руу харснаа барьсан чемоданаа гарнаасаа алдчихаад "Чамайг зөвшөөрсөн болохоор ирсэн гэж бодсон юмсан." гэх бол би зүгээр л ганцхан ч болтугай үг хэлэхийг нь л хүлээснээ бодон "Хэлэх юм байхгүй юм уу?"

" Гуйж гувшхыг хүсэхгүй байна. Чамд ч гэсэн тусламж хэрэгтэй гэсэн болохоор... Хоёулаа харилцан адил, эрх тэгш. Хэн нь ч хэндээ илүү сэтгэл гаргаагүй."

"За яахав." Би удаанаар толгой дохичихоод урагш очин чемоданыг нь аван үүд рүү зүглэлээ. Гэрийн хаалгаар гарав уу, үгүй юу? Хоёр эр машиныг минь тойрч алхан долоочих шахам сонирхох нь үзэгдэнэ. Ард "Хараал ид" хэмээн үглэх сонстох бөгөөд тэр их л айсан, тэгээд айж буйдаа цухалдсан харцаар "Чи арай эрт шийдвэрээ гаргачихсан бол бид мэлмийг чинь булингартуулж, сонорыг чинь бузартуулахгүйгээр явчихаж чадах байлаа" хэмээгээд хажуугаар зөрөн хашааны хаалга руу зүглэв. Наашаа машинаа хөдөлгөхдөө секунд ч эргэлзээгүй юмсан.

Хашаагаар гарч амжаагүй байтал өнөөх хоёр эр урдаас ороод ирэв. Нэг нь бор хилэн өмдөн дээр саарал тамирын цамцны захыг нь босгоод өмсчихсөн, хоёр ханцуйгаа тохой хүртлээ шамлачихсан дөчөөс хол давчихсан гэмээр дундаж нуруутай эр байх бол нөгөө эрийг нь харвал өөлсөн хүнд бол дөчтэй гээд хэлчихсэн ч айхтар зөрөөтэй санагдахгүй ч яалт ч үгүй хорь гаран насны эр байлаа. Ахимаг настай эрийнх нь царай нь хөөж бамбайгаад, жигтэйхэн харлачихсан, үс нь ч аяа ололгүй навтайгаад уначихсан байх бол энэ эрийн үс байдгаараа арзайчихжээ.

Smile empty soulWhere stories live. Discover now