1.

200 24 3
                                    

"Хөөе! Чи чинь яагаад уйлаад сууж байдаг билээ?"

"Дейзи, зүгээр үү?"

Цамцныхаа ханцуйг сунгаад нулимсаар дүүрсэн нүдээ арчив. Урд эгнээний үзэгчид арагш эргэж харцгаан, дургүйцлээ илэрхийлнэ.

"Яасан бэ, Дэйзи?"

Харанхуй танхимын том дэлгэцэн дээр эртний тансаг хувцастай эрхмүүд цэнгээн дээр инээлдэн бүжих ихэд жаргалтай үзэгдэл гарч байв. Гэхдээ гэнэт л уйлмаар санагдсан өөрийгөө ойлгохгүй нь. Дарстай хундаганууд, дэрвэгэр хээнцэр даашинз, эгц боловсон ноёд, үлгэрт л эгшиглэдэг төгөлдөр хуурын аяс. Энэ бүхэн үргэлж л миний сэтгэлд нэг зүйл хийж орхидог. Амархан уйлдаггүй намайг хүний өмнө уйлахад хүргэдэг. Үгүй ээ, амархан уйлдаггүй биш угаас уйланхай бололтой.

"Уучлаарай"

Хагас дутуу ийн хэлчхээд хүний хөлд бүдрэх шахам кино танхимыг орхив. Аа, юу болчхов доо?

Нусаа татсаар угаалгын өрөө рүү орон толинд урвагар царайгаа хараад өөрийгөө дотроо шоолов. Кино талдаа ч ороогүй байхад, бүр гунигтай кино ч биш байхад яагаад тийм олон хүний дунд уйлж орхидог байна аа.

Гаднаас Хэрён орж ирэн "Юу болоо вэ?" гэхэд Ина ч бас түүний араас хүрч ирлээ.

Би цамцныхаа ханцуйгаар нулимсаа арчсаар "Мэдэхгүй ээ. Өмнөх насандаа гунигт амьдрал туулсан гэх хошигнол тоглоом биш бололтой" гээд хөхрөв.

Ина миний мөр лүү зөөлөн цохиод "Инээдтэй гэдэг нь" хэмээн намайг шоолох бол Хэрёны царай барайсаар "Чамд дээр үеийн сүнс шүглээгүй биз? Хааяа түүхийн лекц дээр хүртэл хачин царайлаад сууж байдаг"

Би дахиад л нусаа татан "Битгий айлгаад бай"

"Чи өөрөө аймаар"

"За за. Та хоёр орж киногоо үз ээ. Би харилаа"

"Оройн хоол идье гэчхээд"

"Дараа болъё оо"

Автобусанд харих замдаа цонх дэрлээд дахиад л өнөөх гуниг намайг бүрхээд буйг хүлээн зөвшөөрлөө. Үе үе ийм болчихдог юм. Арван есдүгээр зууны эрхэмсэг ёс, бие биетэйгээ мэндлэхдээ маягтай гэх чинь өвдөг нугалан ёсолж байгааг хараад л сэтгэлд нэгэн бараан үүл хурагддаг. Юу гэдгийг мэдэхгүй ч ямар нэгэн утга учиртай зүйл эргэн дурсагдаж, хэлэх учрал тохиогдоогүй үгс амнаас гарахыг хүсэв ч тохирох үг олдохгүй. Мэдэхгүй ээ, би зүгээр л аймшигтайгаар гуньж орхидог. Энэ мэдрэмж ирэхэд тайвшрал олох хэцүү, хэдэн хоногоор үхэл ирсэн хүн мэт шалтгаангүй уйлахаас өөр хүсэлгүй болно.

MoonBoyWhere stories live. Discover now