1-р хэсэг

10 1 0
                                    

Сэтгэл түгшүүр. Айдас. Өвдөлт. Уйтгар гуниг. Хорсол. Атаархал. Цөхрөл эцэст нь ганцаардал.

Аз жаргалтай өнгөрөөсөн бидний мөч бүрийг сүйтгэхээр гарч ирсэн хэн нэгэн одоо түүний минь гарыг атгаж байгаа гэдэг миний мэдэрч болох хамгийн гаслантай зүйл аж. Хүн аливаа зүйлийг тийм биш байгаасай гэж хүсдэг хэр нь дотроо мянга мянга удаа төсөөлж, ургуулан бодож өөрөө өөрийгөө зовоох гашуун тавиланд зуун зууны тэртэйгээс холдогдож ирсэн нь дамжиггүй. Оюун ухаант хүн болсон цагаасаа л бид хэтэрхий ихийг тархиндаа дүрсэлж, эргээд тэрэндээ шаналан суусан гэдэгт би итгэдэг. Бас би тэдний нэг.

Галзууртлаа дурлаж, амьдралынхаа үлдсэн амьсгал бүрээ түүний төлөө зориулахад бэлэн байсан би нэг л өдөр түүнийг алдчихсандаа л харин итгэж чадаагүй. Яагаад?

Яагаад?

Өглөөний шаргал нарны туяатай цэрэгцэн, үдшийн бүрий хүртэлх хугацаанд бодолд минь оршдог оршихуй миний дэргэд, яг хажууд минь байсан атал одоо надад ердөө яагаад гэдэг асуултаас өөр зүйл юу ч үлдсэнгүй. Түүнийг байсан гэх дурсамж бидний хоорондоо бичсэн хэдхэн зурвасанд л хадгалагдан үлдэж.

Бие минь хоосрох мэт гуниг намайг бүчин авахад сэтгэл өвдөхийн зэрэгцээ бие хүртэл тавгүйрхэнэ. Зүрх дэлсэн, гар хөл салганаж тогтож сууж чадахгүй болтлоо би түгшиж байлаа. Яагаад гэх бодол надад амралт өгөлгүй тархинд минь эргэлдэж, түүнд тохирсон хариулт олох хүртэлээ би сэтгэлийн мухраас эсвэл бодлын үзүүрээс ямар нэгэн зүйлийн учигийг тасралтгүй, цөхрөн унан унатлаа хайхаа би мэдэж байв.

Тэр зүгээр л алга болчихсон. Явчихсан. Хэдхэн хоногийн өмнө бид инээмсэглэл дүүрэн болзоонд явчихаад хөтлөлцөн хариад салсан хэр нь одоо тэр хэзээ ч энэ ертөнцийн нэгээхэн хэсэг биш байсан мэт алга болсон нь намайг байж ядахад хүргэж байлаа. Тэр огтхон ч хариу өгөөгүй. Энэ бүхэн ердөө зүүд байсан аятай би, бас надад харъяалагдах бүхэн түүнд утга учиргүй байсан мэт орхиж явсан нь магадгүй надад хайргүй гэдгийн илрэл байсан ч байж мэдэх юм.

Гэхдээ тэр миний яриаг сонсох дуртай байсан. Амьдралдаа ганц хоёрхон найзтай, гэрийнхэнтэйгээ ярихгүй гэж өрөөнөөсөө гардаггүй, ганцаардлаас аз жаргалаа олдог миний хачирхалтай залуу надтай кино үзэх гэж хүн ихтэй автобусанд суугаад ирнэ. Шөнө дундад гэрт минь хүргэж өгчихөөд өөрөө гэрлүүгээ гүйчихнэдээ гээд инээд цацруулаад алга болдогсон. Утга учиргүй, үйл явдал нь энд тэндээ орсон миний хүүхэд шиг яриаг сонсоод сууж байхдаа түүний харц надаас огтхон ч салахгүй. Заримдаа бүр нүдээ цавчих ч үгүй. Тэврэлтэн дунд минь орчихоод нүүрээ цээжинд минь наагаад уртаас урт санаа алдаад " тав тух гэж үүнийг л хэлэх байх " гэж хэлээд намайг ичээнэ.

SillageWhere stories live. Discover now