Цагаан өнгөөр тохижуулсан цэлгэр том өрөөний голд гялалзсан хар төгөлдөр хуур байх ба урдах суудал дээр нь хар үстэй, цагаан царайтай нэгэн залуу суух ажээ. Залуу нүдээ анин нарийхан хуруунуудаа төгөлдөр хуурын даралтан дээгүүр зөөлхөн гүйлгэн уянгалаг ая эгшиглүүлнэ. Тэр аяз яруу тансаг бөгөөд содон нууцлаг ажээ. Яг л тоглож буй эзэн шигээ. Сэтгэлийг татаж зүрхийг уяраасан гайхалтай аялгуу зогсоход залууг ширтэн суусан охин сая л нэг ухаан орон алга ташин эв хавгүйхэн инээв.
Охин: Хөөх багшаа та үнэхээр гайхалтай байлаа.
Охин инээд алдсаар ийнхүү хэлэв.
Залуу охин руу инээмсэглэн харна. Залуугийн инээмсэглэл нь цаанаа л нэг нууцлаг аж.
Залуу: Ямар чиглэлээр явахаа сонгосон уу Ами-ши.
Ами: Хараахан үгүй ээ. Энэ их хэцүү юм.
Залуу: Зүгээр дээ багш нь чамд туслах болно. Хамтдаа хичээцгээе.
Залуу өнөөх чамин инээмсэглэлээ тодруулсаар охиныг өрөөнөөс үдэн гаргав.
Араас нь жихүүцмээр ширтэх нэгнийг ч анзааралгүй инээд алдан хаалгаар гарах энэ бяцхан охиныг Рю Ами гэдэг аж. Тэрээр хүссэн сургуульдаа сурахын тулд гэрээ орхин Японоос Солонгос хүртэл ирсэн юм. Харин түүний тасралтгүй ширтэж байсан залууг Мин Юнги гэдэг. Тэрээр Ами охины сурж буй томоохон урлагийн сургуулийн хөгжмийн багш юм.
Ами сургуулийн коридороор нүүрэндээ мишээл тодруулсаар алхана.
Сүүлийн цаг дуусаж хонх жингэнэн дуугарахад хүүхдүүд ангиасаа гүйлдэн гарцгаана. Ами сайн найзыхаа хамтаар сургуулиасаа гаран алхана. Тэд автобусны буудал дээрээс салан өөр өөр зүг рүү явцгаав. Ами автобусанд суун гэрийнхээ ойролцоох буудал дээр буун алхлаа. Урт сормуус нь хааяахан чичирхийлж, нарны гэрэлд цагаахан арьс нь гялалзаж, хар үс нь онгорхой цонхоор орж ирэх хаврын дэггүй салхинд намилзаж, сүмбэн хуруу нь төгөлдөр хуурын даралтыг аяархан илбэхэд хэрвээ би төгөлдөр хуур байсан бол гэх гэнэн бодолдоо автан хэдэн хором харц үл салган сууснаа бодон тэр өөрийгөө шоолно. Мэдээж энэ бодлын эзэн бол царайлаг хөгжмийн багш нь юм. Тэр хайрт залуугийнхаа тухай бодол болон явахдаа аль хэдийн гэрийнхээ үүдэнд ирсэнээ анзаарав. Ами нэгэн орон сууцны 7н давхарт 2 өрөө байранд ганцаараа амьдардаг. Тэр гэртээ орж ирэн хувцсаа ч тайлалгүй шууд л хөргөгч нээн үзлээ. Хөргөгчинд хэдэн савтай ус болон улаан лоолийн сүмснээс өөр юм байсангүй. Ами буцан дэлгүүр гарахаар шийджээ.
⏩Амигийн талаас⏪
Гэрт идэх юм байсангүй тул дэлгүүр гаран хүнс цуглуулахаар хэтэвч болон түлхүүрээ аваад гарлаа. Хэдий хаврын улирал дулаахан байгаа ч оройн сэрүү орсон тул хүйтэн салхи нимгэн цамц богино банзалыг минь дэрвэлзүүлэн жиндүүлж байлаа. Хурдан алхсаар байрны буланд байх дэлгүүр рүү орох гэтэл хаалттай байв. Санаа алдсаар хажуугийн хотхоны том дэлгүүр рүү орохоор зүглэв. Ногоо, мах, дүпү, багахан амттан бас хөнгөн зуушнууд аваад кассан дээр дараалалд орон зогслоо. Авсан юмаа бичүүлэн зогсохдоо энэ сарын хэрэгцээнд тооцсон мөнгө минь бараг л дуусаж буйг анзаарав. Зарим нэг асуудлаас болж сургуулиас мөнгө шаардсаныг санахдаа би дотроо хараав. Дахиад л цуглуулж буй мөнгөнөөсөө авах нь гэж бодоход л хүндээр санаа алдав. Дэлгүүрээс тортой зүйлсээ барин гараад гэрийнхээ зүг алхлаа. Миний мөрөөдөл бол зохиолч, кино найруулагч. Үүний тулд л эх орон гэр бүлээ орхин харь нутагт ирсэн боловч хичээлийн эхний өдөр л зорилго минь өөр зүгт хазайчихсан юм. Эхний өдөр индэр дээр өөрийгөө хөгжмийн багш хэмээн танилцуулсан царайлаг нэгнээс болж. Түүнийг харах мөчид зүрх минь хурдалж, хацар минь халуу дүүгэн, харцаа салгаж чадаагүй. Хэр удаан түүнийг ширтсэнээ мэдэхгүй ч тэр над руу харахад л би ухаан орсон юм. Ичсэндээ харцаа буруулахаасаа өмнө би түүний гайхалтай үзэсгэлэнтэй инээмсэглэлийг харсан юм. Нэг тийм содон мэдрэмж төрүүлэм. Яг л тансаг амттан мэт. Чихэрлэг. Үүнээс болж би сонгох хичээлдээ хөгжмийн хичээлийг заавал оруулсан юм. Би хөгжимд дуртай ч тоглож чаддаггүй байсан. Анх хөгжмийн хичээл дээр намайг энэ тухайгаа хэлэхэд түүнийг намайг загинах байх гэж бодон салганан зогстол тэр толгойг минь зөөлхөн илээд сурахыг хүссэн хөгжмийг минь асуугаад өнөөх гайхалтай инээмсэглэлээ тодруулсан юм. Намайг дурлуулсан тэр инээмсэглэлээ. Үүнээс хойш би ганц ч удаа хичээлээ таслаагүй. Өдөр болгон түүнийг харахын тулд өвдсөн байсан ч эрч хүчтэйгээр очдог. Энэ хугацаанд би төгөлдөр хуурыг өөрийнхөө хэмжээнд тоглодог болсон. Гэхдээ үүнд нэг асуудал бий. Энэ жил их сургуулийн минь анхны жил тул мэргэжлээрээ сурахгүй үндсэн урлагийн мэдэгдэхүүнийг бүгдийг нь суралцдаг. Харин 2 дох жилээс нь мэргэжлийн хичээлээ үздэг. Тийм болохоор би дараа жил хайртай болсон нэгнээсээ холдох хэрэгтэй болно. Учир нь би хөгжим биш кино урлагт илүү хайртай. Би түүнд чиглэлдээ итгэлтэй бус сонгож чадахгүй байгаа гэхэд тэр надад туслахаа амлаж тусалж дэмжсээр ирсэн. Гэхдээ долоо хоногийн дараа гэхэд зуны амралт болж бид дараа жилээс хамт байж чадахгүй болно гэдэг намайг зовоосоор. Манай сургууль Америк системээр явдаг тул 8 сард хичээл орж 5 сард амардаг. Бодолдоо дарагдан хүндээр санаа алдан явахдаа урдах замаа харалгүй хэн нэгнийг мөргөж орхив.
-: What the…
Би сандарсаар бөхийн уучлал гуйхад өнөөх хүн хэлэх гэж байсан үгээ таслаад дуугүй байж байснаа гэнэт миний нэрийг дуудав. Гайхан дээш хартал өдрийн бодол шөнийн зүүд минь болсон нэгэн зогсож байх нь тэр.
Би: Юнги сэнсэй.
Юнги багш: Гэр чин энд байдаг юм уу?
Тэр ийнхүү асуухад нь би ухаан орон эргэн тойрноо хартал гэрээсээ нилээн хол байдаг баячуудын хотхон руу ороод ирсэн байв. Би сандран юу гэж хэлэхээ үл мэдэн бүлтгэнэн зогсоно. Таныг бодож байгаад энэ хүртэл алхчихжээ гэлтэй нь биш. Зүгээр юм бодож байгаад нэг мэдсэн энд ирчихэж гэж ч болохгүй. Намайг ухаан мэдрэлгүй тэнэг амьтан гээд бодчихвол яах юм.
Би: Х-харин энэ хавьд юмаа гээчихээд хайж байсан юм.
Юнги багш: Юугаа?
Би: Гэрийнхээ түлхүүрийг.
Өөрийн мэдэлгүй л худал үгс амнаас гарж орхиход барих гэсэн ч нэгэнт ам алдаж орхисон хойно хийсэн зүйлдээ гэмшин зогсоно.
Юнги багш: Өө тийм үү. Багш нь цуг хайлцах уу?
Би: Яах юм бэ багшаа. Би өөрөө болчихно. Та яв даа.
Юнги багш: Яаж ийм орой охин хүүхдийг тэгээд бүүр багш байж сурагчаа орхиод явах юм. Энэ багш бөгөөд эр хүний хувьд миний зарчимд нийцэхгүй.
Түүний хэлсэн үгэнд ичин доош харан толгой дохилоо. Тэр утасныхаа гэрлийг газар тусган ойр хавийг анхааралтайгаар ажиглан түлхүүр хайх ба би түүнийг ажиглан зогсоно. Тэр сургууль дээр байдгаасаа өөр харагдаж байна. Хар хоолойтой цамц, уранхай хар женс, хар пүүз, хар савхи өмссөн байх ба гялалзсан хар үс нь саарал өнгөтэй болчихсон байв. Түүнтэй гадуур анх удаа таарж буй тул сандарч догдолсондоо анзаараагүй байж. Гэсэн ч тэр үнэхээр дэгжин бөгөөд карисма харагдаж байлаа.
Удаан хайсны эцэст олоогүй бололтой тэр санаа алдсаар над дээр ирэв. Юу гэж олох вэ дээ. Миний халаасанд байгаа юм чинь.
Юнги багш: Олдохгүй бололтой. Гэрт чинь өөр хүн байхгүй юу?
Би: Би ганцаараа амьдардаг болохоор…
Юнги багш: Гэрийнхэн чин яасан юм? Би чамайг гэр бүлээрээ энд ирсэн юм байх гэж бодсон.
Би: Японд байгаа. Би ганцаараа ирсэн юм.
Би энэ өгүүлбэртээ гуниглаж орхив. Ээж маань эсэргүүцсэн ч аав маань зөвшөөрөн намайг явуулж нууцаар сар бүр надад мөнгө явуулдаг юм. Аавтай бараг өдөр болгон ярьдаг ч ээжийнхээ хоолойг сонсолгүй жил болж байна.
Юнги багш: Хмм. Тэгвэл өнөөдөртөө манайд хонох уу?
Би: Юу?
Түүний асуултанд балмагдсандаа би ангайж орхив. Сэнсэй-н гэр. Миний зүрхний эзэн намайг гэртээ урьж байна шүү дээ. Гэсэн ч тэр бол нас биед хүрсэн эрэгтэй хүн...
Юнги багш: Муу зүйл битгий бодоорой багш нь чамайг яах ч үгүй.
Би: Үгүй ээ багшаа тийм биш. Та санаа зоволтгүй би найзындаа очоод хоночихьё.
Би түүний хэлсэн үгэнд сандран хурдан толгой сэгсэрсээр хэлэхэд тэр толгой дохив.
Юнги багш: Тэгвэл багш нь хүргээд өгье.
Би: Хэрэггүй дээ. Би автобусаар явчихна.
Юнги багш: Гэхдээ одоо автобус зогсчихсон. Нэрэлхэлгүй зүгээр л хүргүүл за юу. Чамайг эсэргүүцээд байвал багш нь гомдоно шүү.
Аргагүйн эрхэнд түүнээр хүргүүлэхээр болон бид түүний машиныг авахаар гэр рүү нь явав. Тэр өнөөх баячуудын хотхонд байрлах 2 давхар хаусанд амьдардаг аж. Хашаагаар ороход байшин ардаа цэцэрлэгтэй ба гэрийн үүдээр ороход л чамин эд гэрээр нь дүүрэн байв. Бид доош граж руу нь буухад тэнд хэд хэдэн үнэтэй спорт машин байх бол наана нь түүний ажилдаа унаж ирдэг даруухан саарал жижиг тэрэг үзэгдэнэ. Гэхдээ би гайхаж байна. Багшийн цалин ийм байшин бас машинууд авахад хүрэх нь юу л бол. Тэгээд ч тэр өмнө жил л ирсэн шинэ багш шүү дээ. Намайг гайхан байх зуур багш намайг дуудав.
Багш: Энэ бидний нууц шүү. Хэнд ч битгий хэлээрэй за.
Түүнийг өнөөх чихэрлэг инээмсэглэлээ гаргахад нь би зүгээр л толгой дохив. Зүрх минь хэт их хурдан цохилсондоо өөр үйлдэл хийж чадсангүй. Бидний нууц.
Багш: Би нэг юм орхичихож. Чи түр хүлээж байгаарай за.
Тэр миний үсийг сэгсийлгээд дээш шатаар гарав. Миний хацар улайн туяа татаж, хоосон гражинд миний зүрхний цохилт цуурайтах нь холгүй сонсогдоно. Өөрийгөө барьж чадалгүй инээн зогсоход надаас холгүйхэн ямар нэг зүйл дуугарав. Гайхсан ч элдэв зүйл бодохгүйг хичээтэл дахин чимээ гарав. Юу гэдэг нь мэдэгдэхгүй бөглүү дууг сонсон айж байсан ч өөрийн эрхгүй хөл минь урагшлан ойртоход гражны нэг буланд нүдэнд өртөхөөргүй хаалга байв. Чимээ чагнатал дахин тэр зүйл сонсогдсонгүйд гайхан зогстол хаалганы буланд ганц дусал улаан зүйл байх нь саарал өнгийн шалнаас ялгаран харагдана. Бие минь арзас хийн яагаад ч юм цус хэмээн бодогдож хэдхэн өдрийн өмнө уншсан Thriller төрлийн ном зохиол бодогдоно. Зөв харсан үгүйгээ шалгахаар өнөөх хаалганд илүү ойртож байтал хэн нэгэн ард минь зогсох нь мэдрэгдэж амьсгал нь хүзүү рүү үлээнэ. Бушуухан шиг эргэн харахад энэ Юнги багш байлаа.
Би: Бурхан минь та намайг цочоочихлоо.
Багш: Юу хийж байгаа юм?
Түүний нүд хоосон харагдах ба хоолойны өнгө нь хүйтэн сонсогдоно.
Би: Т-тойроод л юм үзэж байсан юм.
Гайхалтай. Дахин нэг худал. Гэхдээ яагаад ч юм совин минь худал ярихыг шаардаад байсан тул албаар ингэж хэллээ.
Багш: Мм.
Багш: Нилээн орой болчихож. Хурдан явцгаая.
Би толгой дохин түүнийг даган машинд суухаар араар нь тойрон явахдаа нэг машины цаадах зүйлийг харан гацаж орхив. Улаан өнгийн машины хагас онгойлттой тээшнээс хэн нэгний хуруугүй гар цусанд будагдан цухуйж байв. Яахаа үл мэдэн байсан газраа харцаа салгаж үл чадан зогсоход чихэнд минь халуун амьсгал мэдрэгдэв.
Багш: Харчихсан уу?
Тэр зөөлхөнөөр шивнэх ба түүний хоолойны өнгө биеийг минь тавгүйтүүлж байлаа. Би аажуухнаар толгойгоо эргүүлэн харахдаа түүний улаанаараа эргэлдэх нүд, галзуу мэт инээмсэглэх жихүүцэм инээдтэй тулах нь тэр. Яг л алуурчин шиг…
![](https://img.wattpad.com/cover/96133637-288-k864772.jpg)
YOU ARE READING
✖Twenty shades of Mr.Gray✖
Mystery / ThrillerХэн ч мэдэхгүй... Түүний сүүдрийг хэн ч хараагүй... Хэн ч мэдэхгүй... Хаа гэдэг нь үл мэдэгдэх газар өтөнд баригдсан амьгүй цогцоснууд л түүний гэрч... Хэн ч мэдэхгүй... Амьтай амьсгалтай гэрч түүнд үгүй... Харамсалтайгаар би түүнийг харж түүний хар...