Гурав
Очир, хурандаатай улаан нүүрээр уулзаад хятад дин буудалд хоёр хоног дугжрахдаа алжаасан биеийн чилээг гаргаж, хөх царайгаа цайлгаж гэгээ оруулахыг мэрийлээ. Тэгээд үсээ ургуулах эм тун тунгаар уугаад, хүн орхойдойтой тос нүүрэндээ нялаад нойрны эм хэд хэдийг гударлаа. Буудлын эзэнд өндөр үнэ төлж, ацаг хөлсөөр ам хэлийг нь сайн багласан Очир, гэгээ муутай шавар нүхэнд нойр аваад өндийтөл сэтгэл сэрхийлгэсэн бодол гэнэт төржээ.
...Арван хоёр жилийн өмнө өртөө зангиас огцруулсан Магсаржавт эчнээ өшөөрхөж, шүд зуусан Жудаг сэтгэлдээ “Зангиас дээгүүр, ядаж сул тайж байсан бол халх жасааны түшмэлтэн намайг гоочлох, санаа өвөрлөхгүй байсан! Магсаржавыг амаар нь шороо үмхүүлчих аз дайрдаг болов уу?” гэдэг орь хүслэнд захирагдсан тэр үед “амбаны сангаас хишиг хүртэх” тавилан заяасан. Чингээд мөр үлдээлгүй оргож явах хугацаандаа Ташкентын ойролцоо нутагладаг цахаруудын нэгэн баянтай танилцаад охинд нь хоргодож, сээтэн хаях болов. Тэрээр энэ завшааныг тунгааж, хэдэнтээ эргэцүүлээд “Үжнээтэй суувал ямар ашиг гарах вэ? Цахарууд малаар л баярхана! Зудтайхан жилийн дорвитойхон шуурганд мал нь хиарчихвал эд модоо барина! Тийм гарз дайрахгүй бол яах вэ? Алт... алт! Алтны эзэн бол хүний сэтгэл санааг байтугай хорвоог хөрвүүлж хөлдөө сөгтгөдөг жамтай! Тэгэхээр цахаруудыг ямар ч үед гартаа оруулж захирч болох нь. Ингээд зогсохгүй Ижил мөрний Халимгуудын ноёдыг өөртөө татвал уу! Санасандаа хүрэх зам аяндаа нээгдэнэ” гэж бодсоны эцэст гэрлэх аяа бодсон. Харин Үжнээг сэтгэлдээ мөрөөдөж явдаг нэгэн залуу эл учрыг гадарлаад далдуур сэм бэлдэж, замыг нь отдог болсныг Жудаг гадарлаагүй. Тэрээр нэгэн удаа үүр шөнөөр алтаа дарсан агуйг зүглэхдээ хойноосоо дагасан хэсэг хүмүүсийг анзаарсангүй. Чингээд түүний бодол талаар өнгөрч, цахар залууст бөөрөлхүүлж, нүдүүлээд зогссонгүй дарсан алт, эрдэнэсээ алджээ. Жудаг муу санаагаар эрдэнэсээ хоёр хувааж дарсан учраас ихэнх хэсгээ цахар залууст алдаад өчүүхэн хувьтай үлдэж, улаан голтой хоцорсондоо баярладаг билээ. Жудаг, цахаруудаас өшөө барахын тул нутгийнхантай хуйвалдаж дээрэм хийж түйвээсэн атал хүний нутагт хүчин мөхөсдөж баригдаад нарсанд түгжүүлжээ. Гэсэн ч тэрээр Дундат Азийн халуун элс, Алтайн сүрлэг уулсын тэсгэм жавар, Сибирийн намагт байгуулсан Хаант Оросын шоронгийн хүйтэн чийгэнд хэдэн жилийг авахдаа гутарч гуних, айж эмээх зэрэг сэтгэлийн шаналгааг тоолгүй, эр зоригондоо эрдэж явсан. Гэтэл Хүрээнд хөл тавьснаас хойш цээж давчдан, айх сэтгэл төрж, он жил санаанд буугаагүй бодлууд оюун ухаанд харваж, сэтгэл түгшээсэн төдийгүй далдын лай даллах шиг санагдана.