Тэр нэгэн өдөр Вань Жүн охины хувьд яг л зүүдэлж байгаа мэт байлаа. Өглөө эрт ах дүү нар нь цуглан бужигналдаж гарав. Ээж нь нэгэн цэцгэн хатгамалтай улаан торгон хувцас авчирч, түүнд дасал болсон богино хүрэм, урт даашинзыг нь сольж өмсгөв. Тав зургаан хүн түүнийг тойрч зогсоод нүүрэнд нь оо энгэсэг түрхэж, сувдан хэлхээ зүүж өгөв. Тэгээд ээж нь нүдэндээ нулимс мэлтэгнүүлэн охиноо тэврээд "Вань Жүн минь, ээжээсээ хол оччихоод битгий урьдынх шиг хүүхэд зан гаргаад байгаарай. Тэднийд очоод том хүний янзтай байгаарай. Хүний үг сайн сонсож томоотой бай. Хадам аав, ээжээ сайн асарч хүндэлж сурдаг юм шүү , мэдэв үү" гэнэ. Вань Жүн уруулаа тас жимийн хүүхэлдэй адил хөдлөхгүй сууна. Дараа нь түүнийг хөшиг унжуулж элдвээр гоёсон хуримын жуузанд оруулав. Ёслолын буун дуу бөмбөрийн нижигнээн дунд жуузыг өргөж ирэх мөчид тэр гэнэт айдас түгшүүрт автан жуузны бариулаас зууран "аа аа..." хэмээн их дуу гарган уйлж ээжийгээ дуудахад ээжийнх нь царай жуузны хаалгаар нэг харагдан хачин зөөлөн дуугаар,
- Охин минь яв даа. Тэднийхэн бүгд чамд сайн байх болно. Битгий уйл. Уйлж байж будгаа урсгачихав гэж хэлэв.
Жуузыг өргөөд явахад ээжийнх царай үзэгдэхээ болилоо. Тэрээр жуузандаа нугдайн суугаад Ву-гийн гэр хүртэл нусаа татан явна. Дараа нь тэр учраа ч олсон юмгүй түшүүлэн байж жуузнаас буугаад, олон танихгүй хүмүүс түүнийг ажиглан харж сонжин ярилцаж байх зуур Ву-гийн гэрийн хаалгаар орлоо. Тэрээр нэг улаан хивсэн дээр хүнээр татуулан түшүүлэн, 14 орчим насны хүүтэй тэнгэр газарт мөргөж албан ёсоор Ву-гийн бэр болсноо огт мартдаггүй ажээ. Ёслолын танхимд түүнтэй хамт байсан сэргэлэн тэр жаалхүү бол түүний нөхөр болох хүн биш, харин нөхрийнх нь том дүү (яг доотлын дүү) И Фан байж гэдгийг тэр хожим нь мэдсэн юм. Түүний нөхөр Лу Хан тэр үед хэвтрийн өвчтэй байсан тул түүний оронд дүү нь хуримын ёслол үйлдсэн юм. Вань Жүнийг тэдний гэрийн хүн болсноос хойш Лу Ханы бие нэлээд сайжирч эхлэв. Тэр үед Вань Жүн охин дөнгөж 8 настай байж.
Олон он жилийн туршид тэрбээр анхны тэр өдрийг хэзээ ч мартаж чаддаггүй билээ. Тэрээр өвөг дээдэс, хадам эцэг эхдээ мөргөсний дараа энийг ч хар түүнийг ч хар гэх тушаалыг биелүүлж байх үед бүгд таньж мэдэхгүй хүмүүс байж билээ. Хуриманд зориулж зүүсэн гоёл толгойг нь өвтгөж, маш их айж сандран зөвхөн ээжийнхээ дэргэд л буцаж очихыг бодож байв. Эцэст нь түүнийг нэг авсаархан унтлагын өрөөнд хөтлүүлэн орж ирэхэд тэнд дунд хэрийн насны хэдэн авгай байв. Жүн аав ээжийгээ бас гэртээ орхисон даавуун хүүхэлдэйгээ санан элэг эмтрэн уйлж гарахад тэнд байсан авгайчууд сандарч тэвдэн чихэр ундаа юу ч өгсөн уйлсаар байв.
YOU ARE READING
+Quest+ //Completed//
Short StoryНэгэн охинд зэрэг дурласан ах дүү 3-ын адармаант түүх. 「Хятадын эрэл туужаас сэдэвлэн өөрчлөн бичсэн болно」