Яг тэрхэн үед цонхны цаана нэг хүний сүүтэгнэх дүр үзэгдээд,
- Сүйд боллоо. Авраарай, туслаарай гэх нь Лу Ханы дуу болохыг ялгаж танилаа.
Хэдий хэр удсаныг ч бүү мэд, нэг л мэдэхэд тэр ухаан орчихсон өрөө дүүрэн хүн гар хөлийг нь барьж базлан, агаарыг нь сэвэн, хэдэн зуун янзын дуугаар түүнийг дуудаж байв. Тэр арай ядан нүдээ нээвэл бөлцийж улайтал уйлчихсан Таогын нүүр, гөлийн ширтсэн И Фаны нүд, Дусал ч цусгүй болсон Лу Ханы уруул ам харагдав. Түүнийг сэргэхэд хүмүүс бүгд,
- Сэргэлээ, сэргэлээ амь орлоо гэцгээв.
Ву авгай охины гараас барьж санаа алдан,
- Тэнэг ч хүүхэд болдоо. Ямар ч явдал тохиолдлоо гэсэн үхье гэж яаж
бодож болдог юм. Юу хэлмээр байна бүгдэнг нь хэл. Би чамайг загинахгүй, чиний хэлснээр л болгоё. Би охингүй хүн болохоор чамайг төрсөн охин шигээ л бодож том болгосон. Гэтэл чи харин амиа хорлох гэж байдаг. Хэрвээ жаахан л удсан бол... Ээжд чинь юу гэж хэлэх болж байна? Энэ гурван хүүхэд гурвуулаа чамд хайртай. Алинтай нь ч гэрлэсэн чиний дур. Би чамд хичнээн хайртай байдаг билээ. Гэтэл чи амиа хорлох гэж байдаг хэмээн Ву авгай охиныг нулимстай нүдээр харан заримдаа өрөвдөн заримдаа уурлан зогсолтгүй үглэж байв.
Вань Жүн ухаан сэргэхэд амиа хорлох нь бүтэлгүй болсныг мэдэн дотор нь зангирч Ву авгайн гомдоллохыг сонсохдоо улам эвгүйрхэж, яахаа үл мэдэх агаад нулимс нь булгийн ус мэт мэлмэрэн барьж дийлдэхгүй болоход мэгшин уйлж гарав. Ву авгай Жүний мөрийг элэн,
- Охин минь битгий уйлаад бай л даа. Хэлэх гэснээ хэлээд л болоо шүү дээ гэж санаа алдан хэлэхэд охин улам чангаар уйлав. Тэр юу ч хэлэх юм билээ дээ. Хэн Ву авгайг ийм 3 хүүтэй бол гэсэн юм яахаараа ч энэ 3 нь нэг охинд ингэж галзууртлаа дурлачихдаг хэрэг вэ? Ву авгай дахин санаа алдан орны хажууд модон хүүхэлдэй мэт зогсох өнөө 3т хандан,
- Та 3 түүнд хэлж ятга л даа. Битгий тэнэг юм шиг зогсоод бай гэснээ толгойгоо сэгсэрч бас хэсэг үглэж байснаа шивэгчин бүсгүйг дуудан баахан загнаж, бусад зарц асрагч нарыг ч хайхрамжгүй байлаа гэж зэмлэв. Тэрээр Жүнийг хэсэг аргадсанаа 3 хүүгээрээ охиныг тайтгаруулахаар үлдээгээд нулимсаа арчин яваад өгөв. Ву авгайг явсны
дараа өрөөнд нэг хэсэг нам гүм. Үлдсэн хүмүүс бүгд чимээгүй. Ах дүү 3 ч юу ч дугарсангүй. Зөвхөн Жүний ихэр татан уйлах дуу л хадна. Эцэст нь Лу Хан орны дэргэд ирж гараараа нулимсыг нь арчин, харин өөрөө нулимс гялтагнуулан байж,
- Өнөө орой ямар нэгэн юм болж магадгүй шиг санагдаад хойноос чинь санаа зовоод цонхруу чинь гүйж ирсэн нь аз боллоо. Тэгээгүйсэн бол... Гээд нулимсаа залгин хэсэг болсноо:
- Жүн ээ, ямар ч хэргийг ярьж хэлээд болно шүү дээ. Тийм биз дээ? Би чамайг албадахгүй. Би чамд хэрэггүй гэсэн ч би чамд гомдохгүй. Би чиний л санааг дагна. Анх надтай сүй тавьсан гэдгээр чамайг зовоохгүй. Чи надад уурлаж, харааж загнасан ч болно. Ганцхан л дахиж битгий ийм тэнэг хэрэг хийгээрэй гэв. Гэтэл И Фан бас хүрч ирээд Жүнийг ширтэж уруулаа хазалж зогссоноо,
- Бүх юм надаас боллоо. Хэрвээ би Жүнийг албадаагүйсэн бол тэр ахтай л гэрлэх байсан. Ямар ч асуудал гарахгүй байсан. Би дэндүү ухаангүй тэнэг юм хийж... Гээд санаа алдан хэлснээ нударгаа зангидан Жүнд гүн ёслол үйлдэн шийдэмгийгээр толгой хаялан,
- Жүн ээ, намайг уучлаарай. Хийсэн алдааны минь төлөө намайг хараавал хараа. Энэ цагаас эхлэн хайрлаж дурласан хүнтэйгээ аз жаргалтай амьдраарай гэчихээд эргэж ч харалгүй том том алхлан яваад өглөө.
Тао орны хажууд үг дуугаралгүй зогсоно. Жүн уйлсаар л байх тул Лу Хан түүнийг тайтгаруулахаар Таог түлхэн ойртуулахад Тао орны ирмэг дээр суугаад учир зүггүй уйлж гарлаа. Тэр хоёр өөд өөдөөсөө харан уйлна. Тэдний ингэж уйлахыг Лу Хан харж зогстол гэнэт олон жилийн өмнө тэр Жүний гараас барин түүний шүлгийг уншихыг нь сонсч байтал Тао модон морь унасаар давхин ирэхэд Жүн шүлгээ уншихаа болиод түүнийг гөлрөн харж зогссон тэр явдал нүдэнд нь харагдах шиг болов. Гэтэл одоо энэ хоёр ингэж өөд өөдөөсөө харан хүүхэд адил уйлалдах нь үнэхээр сэтгэл хөдөлмөөр байв. Тийм ээ, үнэхээр энэ хоёрын зөв юм байна. Ижилхэн зан араншинтай, хоёулаа шал хүүхдээрээ гэнэн тэнэгхэн. Лу Хан уртаар санаа алдсанаа,
- Бага дүү минь. Вань Жүнийг
би чамд хүлээлгэж өглөө. Чи түүнийг сайхан авч яваарай гэж нулимс гялтагнуулан хэлээд хүнд хүнд алхан явж үүдэнд хүрээд эргэж харвал Тао ханцуйгаараа Жүний нулимсыг арчин байхыг хараад инээмээр ч юм шиг, уйлмаар ч юм шиг болов. Босго даван гарах үедээ хөл нь нэг юманд бүдрэх шиг болоход нь авч харвал хулсан сагсан дотор торгон утас нэхэгч ялам модны эрвээхэйн авгалдай байх агаад сагсан дээр нь " Ядрах ч хөгшрөх завгүй торго нэхэгч, Ялам модны хорхой утсаа цувих нь , Яасан ч адилхан юм бэ дээ миний сэтгэлтэй, Янагхан түүнтэйгээ уулзах цаг буй болов уу" гэсэн шүлэг бичсэн цаас байв. Тэрээр сагсыг авч ширээн дээр тавив. Энэ сагсыг хэн хийснийг тэр ойлголоо. Тэгээд нулимстай нүдээрээ Тао, Жүн хоёрыг дахин нэг эргэж хараад энэ хоёр бол ёстой л хаш эрдэнийн шигтгээтэй шижир алтан бөгж шиг жинхэнэ хос юм байна даа гэж бодлоо.
Маргааш өглөө нь Лу Хан, И Фан хоёр нэг нэг бичиг үлдээгээд гэрээсээ явсан байлаа. И Фан захиандаа Гуандун орж цэргийн сургуульд сурах санаатай байна гээд Лу Хан, Жүн хоёрыг хурдан гэрлүүлэхийг хүссэн байв. Харин Лу Хан гадаадад гарч хорвоо ертөнцтэй танилцах хүсэлтэй байгаагаа бичээд Тао, Жүн хоёрыг нийлүүлээрэй гэж эцэг эх хоёртоо захижээ. Энэ явдал Ву овогтныхыг асар донсолгож, Ву авгай өглөөнөөс үдэш хүртэл бурхан тэнгэр, эцэг дээдсийн шүтээндээ гомдоллон уйлна. Ву өвгөн 4 зүг 8 зовхист хүн явуулж эрүүлэх агаад "Ийм ч улаан гай байх гэж" хэмээн газар дэвслэн Жүнийг хараана. Тао мөн ах нарыгаа эрэхээр явна гэсэн боловч эх нь түүнийг бас ах нар шигээ алга болчихно гэж айхдаа түүнээс зууралдаад салахгүй байв. Жүн өглөөнөөс үдэш хүртэл үхсэнгүйдээ харамсан уйлна. Зарц шивэгчингүүд болохоор Ву авгайг тайтгаруулах, Таог номын өрөөнөөс гарахыг ятгах, болон Жүнийг дахин амиа хорлох вий хэмээн сэрэмжлэх гээд өрөөнүүдээр огтхон ч завгүй гүйлдэн амгалан тайван байдаг энэ айлын амьдрал бүр уймж гүйцжээ.
Нэг сар өнгөрлөө. Лу Хан, И Фан 2 огт сураггүй. Эр хүн гэсэндээ Ву өвгөн хувь заяа ийм биз гэж сэтгэлээ тайтгаруулна. Ву авгай урьдын адил өглөөнөөс орой болтол уйлсаар. Тао өдөржин номын өрөөндөө сууж, Жүн ч өрөөнөөсөө цухуйхгүй хамаг толь шил, гоёл чимгээ бүгдийг хурааж, нулимсаараа нүүрээ угаана. Ийн байсаар хагас жил өнгөрөв. 2 хүүгээ мөд эргэж ирэхгүй гэдгийг мэдээд Ву авгай охины хойшдын амьдралыг шийдэхийн тулд Лу Ханы захьсанаар түүнийг Таотой гэрлүүлэх санал тавьлаа. Гэтэл энэ санал нь Тао, Жүн хоёрын зүгээс ширүүн эсэргүүцэлтэй тулгарна гэж хэн санах вэ. Тао,
- Жүн уг нь том ахын эхнэр байх ёстой. Хурим хийснээр нь болно гэвэл бага ахын эхнэр болж болно. Яаж ч бодсон минийх байж болохгүй. Өнөөдөр 2 ах маань хоёул Жүнээс болж яваад сураг тасарлаа. Тэгэхэд би яаж бусдын юмыг булааж болох вэ гэж шийдэмгий хэллээ. Жүн,
- Тэр 2 гадагш одож гэр бүл болоогүй цагт би Таотой гэрлэж яаж болох вэ. Би тэдний өмнө буруутай гэж гунигтай хэлэв. Удсан ч үгүй Тао бас ах нарыгаа олж ирэхгүй бол гэрийнхээ хаалгаар хэзээ ч буцаж
алхахгүй гэж тангаргалаад явж одлоо.
Энэ явдлаас хойш хаврыг үдэж намрыг угтсаар сар жил гэдэг харвасан сум шиг өнгөрөн, өтгөс нь халин одож, идэр залуус өтөлж хөгширнө. Энэ хашаан дотор нэгэн дунд хэрийн насны авгай өдөр бүр хашаа түшин алсыг ширтэн уйтгарлан сууна. Тэр эмэгтэй цагтаа ах дүү 3-аар дурлуулж явсан нь одоо зөвхөн дуусашгүй уйтгар цөхрөшгүй
хүлээлтээр л солигджээ. Ву өвгөн хөгшин 2 аль эрт ертөнцийн мөнх бусыг үзүүлж одоо зөвхөн тэр л хашаанд эзэн сууж үлджээ. Хэдийгээр тэр хэзээ ч хүнтэй суугахгүй ч энэ айлд ирж тэнгэр бурханд нь эцэг дээдэст нь мөргөсөн албан ёсны бэр нь мөн юм. Шивэгчин түүн дээр ирж,
- Эзэгтэй, их салхитай байна. Орохгүй юм уу гээд мөрөнд нь зөөлхөн хүрэхэд тэрбээр,
- Би зүгээр дээ, Би ганцаараа жаахан байя гээд хашаагаа налан зогсоно.
Цэцэрлэгийн дотор намрын салхинд навчис хийсэн унана. Тэнгэр бүүдийн бороошно. Жүн толгойгоо хашаанд наагаад энэ цэцэрлэг дотор Лу Хан түүний бяцхан гараас хөтлөн шүлэг цээжлүүлэн засч өгч байсныг санан, мөн Таотой хамт ууланд чулуун доороос хорхой шавж барьж авахаар ухаж байхад түүний толгой охиныхд тун ч ойрхон байсныг харах шиг болж, бас И Фан түүний хормойг өргөн хөлийнх нь шалбархай дахь бохир цусыг сорон авч байсан нь бүдэг бадаг санагдахад нулимс нь аяндаа нүдийг нь бүрхэнэ. Үдэш оройн жихүүнд толгой дээрээс хайлаас модны 2 ширхэг навч унаж ирэхийг тосч аван,
"Үлээх салхин үгүй атал шарласан навчис унана
Үүлэн намрын өдөр бүрхэг болоод чийгтэй
Үүдэн их тэнгэр сэтгэлтэй бол хөгширмөөр
Үйл лай хосолсон энэ хорвоод
Үймэрсэн гуниг сэтгэл эзлээд
Үүрд чамайгаа олохоо өнгөрсөн гэж үү" хэмээх шүлэг өөрийн эрхгүй санаанд оров.
![](https://img.wattpad.com/cover/152207256-288-k75003.jpg)
YOU ARE READING
+Quest+ //Completed//
Historia CortaНэгэн охинд зэрэг дурласан ах дүү 3-ын адармаант түүх. 「Хятадын эрэл туужаас сэдэвлэн өөрчлөн бичсэн болно」