He

852 69 45
                                    

Хүний амьдрал гэдэг сонин зүйл шүү... Нэгэн цагт би өөрийгөө хэзээ ч аз жаргалтай болохгүй гэдэгт итгэж явсан. Уйтгар гунигт дарагдсан намайг инээлгэх хүн, зовлон шаналлаас минь намайг татаж гаргаж ирэх хүн хэзээ ч гарч ирэхгүй гэсэн бодолтой байсан... Гэвч энэ бодол минь худал байсныг тэр хүнтэй учраад л мэдсэн. Миний бяцхан амьдралд ямар ч зөвшөөрөлгүйгээр орж ирсэн тэр хүнтэй учирсан өдрийг эргэн дурсъя.

Босох болсныг минь илтгэн сэрүүлэг гэх зүйл гуай дуугарч намайг нойрноос минь сэрээж орхив. Гараа явуулсаар сэрүүлгээ унтраагаад хэсэг тааз ширтэн хэвтлээ. Дахин нэгэн хоосон мэдрэмжээр дүүрсэн гунигтай өдөр эхэлж байх шив. Ингээд л зөөлөн орон дээрээ дулаахан хөнжлөө нөмрөөд хэвтээд л байх юмсан. Одоо босохгүй бол хоцорно гэдгийг мэдэж байгаа болохоор хүссэн хүсээгүй хүчээр бослоо.

Сурсан ёсоороо орноосоо өндийн гэрийн шаахайгаа углаад ариун цэврийн өрөө орж өглөө болгон хийдэг зүйлсээ хийнэ. Дүрэмт хувцсаа өмсчхөөд урт хар үсээ боон хичээлдээ явахад бэлэн болсон тул цүнхээ шүүрч аваад гутлаа угласаар шууд гарлаа. Өлсөж байсан ч өглөөний цайгаа уухыг хүсээгүй юм. Үнэндээ хүсээгүйдээ биш тэр эмэгтэйг хармааргүй байна. Үгүй ээ, зүгээр л тэр эмэгтэйн хатуу үгсийг сонсохыг хүсээгүйдээ ингэж явна.

Би хичээлд дургүй, ер нь яаж ч намайг стрессдүүлж ядраадаг зүйлд дуртай байх вэ дээ? Хэдий дургүй байлаа ч очихоос өөр сонголт надад байгаа гэж үү? Хэрвээ хичээл тасалсан гэдгийг тэр эмэгтэй мэдвэл намайг ална даа. Магадгзй хэд хоног оройн хоолгүй явна, эсвэл бүр гэрээс хөөгдөнө биз. Яагаад намайг тэгж их үзэн яддаг болохыг мэдэхгүй, яаж ч хичээсэн ойлгодоггүй юм. Би түүний өөрийнх нь хүүхэд байтал хамаг уураа надад гаргаж мөн намайг харах бүртээ намайг хараадаг.

Хааяа надад би энэ хорвоод мэндлээгүй байсан бол бүх зүйлс илүү дээр, хамаагүй сайхан байх байсан гэсэн бодол төрдөг юм. Гэхдээ хорвоо ямар миний хүслээр болох биш. Амьдрал үнэхээр шударга бус биш гэж үү? Надаас энэ хорвоод ирмээр байгаа үгүйг минь асуулгүйгээр аваад ирсэн байж дараа нь ирсэнд минь дургүйцэх нь дэндүү шударга бус юм.

Өнөөдөр ч бас урьдын адил байдаг л нэг нэгэн хэвийн хичээлийн өдөр байна. Ангидаа орж ирчхээд хамгийн ард цонхны хажууд байрлах суудалдаа очиж суугаад дэвтэр номоо гаргаж тавилаа. Хичээл эхлэхийг хүлээнгээ ийш тийш харсаат чихэнд минь эгшиглэх аялгууг шимтэн сонсоно. Харин ангийн хүүхдүүд хоорондоо юм ярих нь ярьж, зарим нь нэгнээ хөөн шуугилдах бол үлдсэн хэдэн нөхдүүд унтацгаах аж.

Teardrops Where stories live. Discover now