Дахиад л тэр зүүд...
Шөнө болохоор ёс юм шиг цонхоор нь ганцаараа торойн гялалзаж харагдах тэр ганцхан одыг харваад байхгүй болчихлоо гэсэн зүүд.
Од харвах үзэгдлээс ингэтлээ төвөгшөөж байсан удаа Юнгид байхгүй ч тэр ганцхан одыг харвалаа гэж зүүдлээд сэрэхдээ чээж нь хүндрэхийг мэдрээд гайхдаг юм.
Дэлгээтэй орхисон хөшигнийх нь завсраар нарны шаргал дулаан илч цонхыг нь тогшиж, гадуур машинуудын дуут дохио яршигтайгаар хангиналдан хүүхдүүд шуугилдах нь сонсогдоно.
Сөүл хотын дахин нэг өдөр эхэлжээ.
Юнги ихэвчлэн хөшгөө хааж унтдаг боловч урьд шөнө цонхоор нь байнга харагддаг тэр ганцхан одыг унтахынхаа өмнө ширтэнгээ бодлоо бэлчээдэг болоод 4 жилийг үдэж байна. Төгсөх курсын хичээлийн стресс, ирээдүйдээ санаа зовних зовинолдоо бие сэтгэл нь алжааж хөшгөө ч хаалгүй зүүдний орон луугаа одсон нь тэр. Хэнд ч нээж үзээгүй сэтгэл, чангаар хэлж зүрхлээгүй үгс болгоноо Юнги ганцхан тэр одонд л хэлдэг юм.
Тюлний завсраар тусах нарны хурц гэрлээс түвэгшээн хөнжлөөрөө толгойгоо хучаад орондоо хөрвөөн хэвтэхдээ өнөөдөр юу хийх тухайгаа бодлоо.
Намжүнтай уулзаж студиэр нэг шагайсан нь дээр байх. Дахиад л студид ажиллаж өнжих нь үү гэж загнуулах юм болов уу? Гэхдээ сүүлийн 2 өдөр студиэр үзэгдээгүй учраас олон юм яншихгүй ч байж магадгүй юм.
Намжүн бол Юнгигийн сайн найзаа гэж тооцдог 5 залуусынх нь нэг. Тэрбээр найзууд дундаасаа Согжин, Намжүн хоёрыг бусдаасаа илүү хүндэлдэг нь хэзээд түүний бодлыг зоригтой үгсээр газарт уяж; хэцүү үед нь ухаалаг үгс, алиа хошигнолоор сэхээрүүлж ирсэнд нь Юнги дотроо талархаж явдаг юм. Мөн Юнгигийн Намжүнтай илүү дотно байдгийг шалтгаан нь хоёр залуус хоёулаа нэг ижил хүсэл сонирхолтойд учир оршино. Сэтгэл дотроо мэдрэх болсон хоосон зайн мэдрэмжээ хөгжим, залуу нас, найзуудаараа дүүргэх гэж өдөр хоногийг аргацаасаар хэдэн жилийг ардаа үджээ.
Хэзээ ч ганцаараа амьдралын шуурган дундуур бүдчиж явахгүй гэдэгтээ найзуудыгаа харах тэр агшинд бат итгэлтэй болдог юм.
Хэд хэдэн удаа хөрвөөсний эцэст эргэж унтаж чадахгүйгээ мэдсэн тул алгуурханаар хөнжлөө хуулан өндийж, шөнөжин нэг байрлалаараа унтсаар чилсэн биеийнхээ хөшөөг гаргахаар гараа өргөн нуруугаа хотойлгон муур шиг суниах зуураа угаалгынхаа өрөө лүү алхав.
YOU ARE READING
Send your wish upon a star
FanfictionТа энэ хорвоо ертөнц дээр яг ямар утга учиртайгаар амьдарч байгаагаа гайхаж байсан уу? Ердөө л маргааш болгоны нарыг үзэн ядаж шөнө болгоны сарыг хүлээхийн төлөө юу? Эсвэл амиа бодож хөгийн аашилсаар шуналын сэдэлдээ дийлдсэн төрөл нэгтнүүд дундаа...