Захын хорооллын хүйтэн автобусанд
Тачигнаж ангалзсан өвлийн хүйтэнд
Тарчигхан нэгэн жижигхэн жаал
Зай ч болохгүй гай ч болохгүй
Хүний хөлөөс
Хөгшдийн суудлаас зайтай
Хүйтэн шалан дээр
Хөлөө жийж суугаад
Хуучин муу хүрэмнийхээ товчийг тайлахад
Халтар годгор сүүл
Хүүгийн хүзүү эгдүүг гижигдээд
Хазгай буруу харснаа мэдээд
Тонгочиж түлхэж зүтгэсээр
Тас хар гөлөг
Танхил бяцхан эзнийхээ
Толгой дээр гарах шахан хөөрцөглөж
Туранхай хоёр гараас нь мултрах шахан хөрвөөж
Тэсэж ядсан хүү
Толгой чихийг нь илч маажин
Тэрүүхэндээ тэр хоёр
Тэнцүү тэнцүүхэн хайр хайраараа биесээ эрхлүүлнэ
Халтар хүү
Халтар гөлөг
Хүйтэн автобусанд суугаа
Хүн бүхэнд сонин биш
Захын хорооллын хүйтэн автобусанд
Заяа тавилан адил юм шиг
Зүдэрч ядарсан
Зүтгэж тэмцсэн хүмүүс зорчино
Дөрвөн дугуй өнхөрсөөр
Дөл нь бөхөж нар жаргана
Жаахан жаал
Чамд би одоо нэр өгнө
Чи одоо миний найз
Чамайг би одоо гэртээ аваачина
Чи одоо миний дүү гээд
Чихэнд нь чихэр шиг амтлаг
Чамин нэр шивнээд
Нэрээ битгий мартаарай гээд
Нэг хоёр илнэ
Хүүгийн буух буудал
Хүйтэн автобусанд чарлахад
Хүрмээ товчлоод
Хүний үр биш ч гэлээ дүүгээ өвөртлөөд босно
Хэдэн буудал цуг зорчсон
Тэр хүүг
Хэн хүнээс илүү би анхаарсан харсан ажсан
Түрүүнээс хойш намайг хараад байсан сонин ах гэж
Тэр хүү бодсон над руу харсан
Хаалга нээгдэхэд гараа зангидаад
Харгис гэх чинь над руу занасан
Цочсон би айсан
Цовоо хүү байна гээд өхөөрдсөн бодсон
Зангидсан жижиг гар нь лав над руу бишээ
Зочлоод ирэх амьдралын
Золигийн бүхний өөдөөс
Сөрөөд босно гээд зангидсан занасан биз
Захын хорооллын хүйтэн автобусанд
Заяа тавилан адил юм шиг
Зүдэрч ядарсан
Зүтгэж тэмцсэн хүмүүс зорчино
Дөрвөн дугуй өнхөрсөөр
Дөл нь бөхөж нар жаргана
YOU ARE READING
Ах дүү хоёр
PoésieАймшигтай их сөрөг мэдээлэл дунд амьдарч байгаа бид үнэн гэдэг зүйлийг хайж олж мэдэж авах нь үлгэрт гардаг мөнхийн усыг олж амсахаас бэрх болж. Учиргүй олон төөрөгдөл дунд төөрөөд утсаа ширтээд өдрийг барна. Танил нэгэнтэйгээ танихгүй юм шиг зөрөлд...