Гүн аниргүй хөндийд бодолдоо хөтлөгдөн хязгаар нь үл мэдэгдэх хаа нэгэн тийш алгуурхан урагшилна. Хаашаа явж байгаагаа, юу хүлээж байгааг нь, бүр юунд хөтлөгдөн зүглэж буйгаа ч мэдэхгүй атлаа бас ухрах хүсэлгүй. Буцаад явчихвал магадгүй буруудах ч юм шиг.
Үүлнээс үүлэнд дамжин, оддоор эрхи хэлхээд, солонгон гүүрээр гулган нааддагсан. Нар саранд эрхэлж, цасан хөнжилд цэцэгсийг дэрлэн нойрсдогсон. Ганц эвэртхэнтэйгээ дүүлэн нисэж орчлон ертөнцийн хаа нэгтээгээс ирсэн дохионд марс дээр болзох цагаа хариу болгон илгээнэ.
Цонх дагах борооны дуслууд хэн нэгэнд замчлах мэт мурилзан доошилно. Урд минь чи инээмсэглэн тив дэлхийн сайхны тухай, жаргах нарны гоо үзэгслэнгийн талаар яриж суугаа учир өмнө минь ванилтай латте аяга дүүрэн мэлтэлзэж буй. Хэрвээ би гунигтайхан байсан бол гав гашуун американо балган санаашран суух биз. Их хотын чимээ шуугиантайхан энэ хэсгийн энэ жижигхээн кафе чи бид хоёрт бүхнээ зориулав уу гэлтэй нээлттэй цонхоор шаагих бороон дуутай намуухан эгшиглэх аялгууг хоршуулна. Үүнээс илүү амар амгалан гэж юу байх билээдээ. Хэзээ ч билээдээ нэг уншсан номныхоо гол дүрийн талаар ярин суугаа надруу чиний ширтэж буй харцыг бармен охин аль хэдийнээ анзаарчихаад цагаахнаар атаархангуй харж буйг зөн совингоороо мэдэрчихээд аз жаргалдаа улам гүн шигдэнэ. Тэгмэгцээ гэнтхэн "Хоёулаа бороонд норох уу?" гэж дэггүйхэн би сэтгэхэд гайхан харснаа инээмсэглэж тэгье гээд суудлаасаа өндийж кофений анхилам үнэр, моцартын хөнгөн эгшигийг орхин гарна. Зам дээр тогтсон усруу эрчээрээ гүйж очоод үсрэхэд тал талруу цацран үсчих ус гутал норгосон ч ахиж олдохгүй мэдрэмж бас дурсамж учраас агаарт нисэж буй мэт санагдаж улам цаашлан дүүлнэ. Магадгүй өөр нэгэн өдөр автобусанд ч юм уу хэн нэгэн савтай усаа алдан асгаж гутлыг минь норгосон бол дотроо бухимдах л байсан байх. Мөч бүхэн адилгүй юм.
Удалгүй тэнгэр цэлмэж солонго эвшээхтэй зэргэцэн наран авхай ч энэ үдшийн гэрэл гэгээг бидэнд даатгаад дэлхийн харанхуй хэсэгрүү яаравчлан одов. Бид тийм л гэгээлэг байсан байх нь. Тэнгэр цэлмэтэл, наран гудайтал.