Төгөлдөр хуурын даралт бүрээ зөөлөн, эрхэмсэг, яг л хайртай хүндээ зориулан "намайг хараач" гэж хэлж буй мэт.
Нот бүрээ хайрлан бичиж, бичихдээ чинийхээ нүд, уруул, хамар, инээмсэглэл бүрийг чинь үзгэндээ шингээн тэр үзгээрээ чамд зориулан туурвисан миний анхны сонат.
Сайн хар "хайрт минь" тэгээд чамд ямар их хайртайг минь мэдрээч.
Энэ аянд чамд хэлж чадаагүй үгс, эцэс төгсгөлгүй үзэн ядалт, чин сэтгэл, хардалт, гомдол, цөхрөл, гуйлт, хүлээлт бий.
Хуруу минь төгөлдөр хуурыг чиглэж, нүдээ аниад зөвхөн чамайг төсөөлж, нот бүрээ нэг нэгээр нь дарна.
Нэг дэх даралт
-Би эргэлзэж байсан.
Хоёр дахь даралт
-Таныг хайрлаж эхэлсэн мөч.
Гурав дахь даралт
-Таны анхны амлалт.
Дөрөв дэх даралт
-Би танд хайртай.
Тав дахь даралт
-Мартаж чадахгүй нь.
Зургаа дахь даралт
-Хүлээлт яг л хязгаар нь үл дуусах сэтгэлийн тэвчээр.
Долоо дахь даралт
-Намайг хайрлаач.
Найм дахь даралт
-Намайг тавьж явуулаач, гуйя.
Ес дэх даралт
-Хором мөч өнгөрөх бүр догдлол минь өвдөлт болон зүрхэнд минь шивж байна.
Эцсийн даралт
-Эрх чөлөө, эцэст нь бүхнээс ангижирлаа.
Гэвч би хайрласан хэвээр...
Тэр намайг чөлөөлсөн боловч би өөрийгөө чөлөөлсөнгүй. Магадгүй хэзээ нэгэн цагт би өөртөө шинэ эхлэлийг өгч, чамд аз жаргал хүсээд эцсийн удаа уруул дээр чинь үнсээд тавьж явуулж чадах болов уу?Өвдөж байна. Намайг тэврээч. Чи хэрэгтэй байна.
Би чиний үзэг бас бэх чинь болъё,
Чи миний нот болооч
Би чиний зохиолын чинь ганцаардмал гол дүр болъё
Чи миний уйтгартайхан симфони хөгжмийн минь гоцлол болооч
Бүхнээ чамд чамд зориулъя, би чиний үзэг, цаас, бэх чинь болъё.
Шүлгийн чинь туувир, ширээн дээрх лаа чинь болъё
Гартаа атгах гаанс чинь болъё
Дундарч амжаагүй хундаган дахь архи чинь болъё
Уруул чинь илбэж, гар чинь хүрсэн бүх зүйл чинь болъё
Хариуд нь чи надад ганцхан өөрийгөө л өгөөч...