Эцсийн эцэст бүх зүйл өнгөрсөнд үлдэнэ. Чи би бүгдээрээ өнгөрсний нэг хэсэг, түүний хэлтэрхий. Утга учиртай амьдрал, нэг насны хайр, хувь тавилан гээд бүгд ердөө нэг өнгөрсөн болж үлдэнэ шүү дээ. Өдгөө би танд хэн нэгний өнгөрсөн болж орхисон хэн нэгний түүхийг ярьж өгөх гэж байна. Хэн нэгний хувьд хэн нэгэн хэн нэгэн байх нь хэн нэгнийг хэн нэгэн болгож байдаг.Гунигтай зүйлс үргэлж хүмүүсийн анхаарлыг илүү их татдаг. Хэзээнээс ч юм бороо надад гунигтай санагддаг болсон. Хэн нэгэн уйлж байгаа юм шиг болохоор тэр л дээ. Тийм ч учраас түүнийг уйлж байсан болохоор би дэргэдүүр нь зөрж өнгөрч чадаагүй юм аа.
Сөүлээс нүүж ирээд удаагүй байхад болсон явдал юм даг. Ажилаа тараад гэрийн зүг гэлдэрч явтал дэргэдүүр нь явчихаж болдоггүй, чаддаггүй тийм нэгэн явдалтай би учирчихсан юм. Тэр охин уйлж байсан, гунигтайгаар, гаслантайгаар, ганцаараа. Тиймээс л хажуугаар нь зөрж чадаагүй хэрэг. Тэгээд зүгээр л явж очоод хажууд нь суучихсан.
Уйлж байсан хэрнээ л над өөд харсан шүү, үгүй ер энэ эмэгтэйчүүдийг үү. Алингаа алдаад усан нүдэлж байсан ч хажууд нь ямархуу хүн, тодруулбал залуу ирж суусан нь тодруулах шаардлагтай асуудал хэвээр. Нүдэндээ нулимстай охин надруу хялам хийлээ.
Тэр ямар харагдсан гэж санана? Хэлэх ч юм биш, ичиж байсан ч, хэлэх үг олдоогүй ч би босоогүй. Хичнээн хөөрхөн охин байж таарсан гээч, хог гэж. Улаан булцгар уруул, гэнэн харцтай хоёр том нүд бас жигтэй хөөрхөн хамар.
- Би ганцаараа баймаар байна.
Хүмүүс яагаад дандаа хүсээгүй зүйлсээ хэлчихдэг юм бол гэж би их гайхдаг юм. Аав маань ээжийг эзгүйд унтаж чаддаггүй хэрнээ түүнтэй суусандаа харамсдаг хэмээн уцаарладаг нь намайг гайхширхад хүргэдэг байлаа л даа. Ганцаараа байхыг хүсээгүйг нь мэдсээр байж явах хэрэг байгаагүй тул би уйлж дуусахыг нь хүлээв. Эцэст нь бид заавал уйлж дуусна шүү дээ.
- Чамд салфетак байна уу?
Охин хэсэг уйлаад арай л дээрдэж нусаа татан ийн асуухад нь би үүргэвчнээсээ алчуур гаргаж өглөө.
- Баярлалаа.
Хөөрхөн охин нусаа нийснийхээ дараа алчуурыг минь буцааж өгөх гэлгүй атгаж бид хэсэг чимээгүй сууцгаав. Охин хэдийн тайвширч уйлахаа больсон ч нүд нь гомдлоор дүүрэн хэвээр ажээ. Үүнээс цааш миний тусламж хэрэггүйг ухаарсан би модон сандлаас өндийхөд түүний харц нурууг минь дулаацуулж байлаа.
- Би тэндхийн 2 давхарт 201 тоотод ажилладаг юм.
Өндөр шилэн барилгаруу заан хэлэхэд охин оройг нь олж харах гэсэн мэт тэнгэр өөд харна.
- Би чамтай дахиж уулзмааргүй байна.
- Доор хүлээн авах дээр үлдээчихээрэй.
Охин юу бодсоныг мэдэхгүй ч чимээгүй суугаад л байлаа. Бас би юу ч хэлэхгүй зогсоод л байсан. Мэдээж бид хүлээж байсан л даа, санаачилгыг гаргах нэгнийгээ. Залуу ингэж найдаж байсан юм.
- Надад өгчихөж болохгүй юу?
Царайлаг охид дураараа байдаг гэж хэлэхдээ аав тоглоогүй байжээ. Болохгүй гээд хэлчихвэл харамч болчих гээд, болно гэчихвэл шалиг болчих гээд хэцүү юм гээч.
- Өөрөө л мэд дээ. Чи харин дахиж битгий уйлаарай, ядаж л ганцаараа биш.
Ингэж хэлээд би гэртээ харьсан. Тэр шөнө түүний хөөрхөн хамрыг зүүдэндээ үзэж билээ.