Мягмар гараг байсан юм даг. Ажил дээрээ бичиг цаастай зууралдан байтал хүлээн авахаас утасдаж надтай уулзахаар хүн ирсэн байна гэж хэлүүлэв. Түүнийг гэж мэдэж байсан л даа, энэ хотод надтай уулзчих хүн байхгүй дээр мягмар бол миний азын өдөр. Тэр үеэс л бололтой, түүнтэй уулзвал өөрийгөө азтай байсанд тооцож эхлэсэн нь. Юу нь гэдгийг мэдэхгүй ч охин жаахан өөр харагдаж байлаа. Харагдсан гэхээсээ илүү тэгж мэдрэгдсэн хэрэг.- Чи нээрэн байдаг байна шүү.
- Юу гэсэн үг вэ? Тэгээд худлаа байлтай нь биш.
Охин зүрх чичрүүлэн хөхрөөд
- Зүгээр. Эрчүүд зугтах өвчтэй амьтад шүү дээ.
- Харин ч их хүлээдэг байх шүү. Бас их тэвчээртэй гээч.
Өнөөх гэнэн хоёр нүд ичингүйрэх мэт доош, гялтганах гутлынхаа үзүүрийг ширтэн байсан атлаа
- Намайг хүлээгээ юу? гэж асуухдаа шүдэнз зурах шиг гэрэлтэж эгцлэн харахад нь хэлэх үг цээжинд минь саатаад цааш орж билээ.
Хэлгүй болоод харцанд нь цочсон хэвээр зогсоход тэрээр
- Алчуурыг чинь гээчихсэн. Энэ гээд шинэ алчуур сунгаж байв.
- Хэрэггүй л байсан юм. За яахав баярлалаа.
Талархаад алчуурыг авч халаасаллаа. Бидний шалтаг дуусахад дахиад л хэн хэн минь үг үгүй хийцгүйрч зогсоод чимээгүй хормуудын тухгүйг мэдрэнэ.
- Нээрэн надад чамаас асуух нэг юм байна.
- Тийм үү? Тэгвэл чи заавал асуугаарай, гэхдээ өнөөдөр биш маргааш.
- Тэгье.
Охин даруйхан ийн хариулсандаа хацар нь ягаарч би ч ичиж байв.
- Маргааш өнөөх сандал дээр уулзвал болж байна уу?
- Болохгүй ээ. Тэрний дэргэдэх саравчинд уулзья. 6 цагт.
- Болж байна. За тэгвэл маргааш хүртэл баяртай, Жина.
- Миний нэрийг мэддэг юм уу?
- Аа харин мэдэх юм шиг байна.
- Гэхдээ намайг Жисү гэдэг шүү дээ.
- Жисү байхнээ. Баяртай Жисү.
- Баяртай.