Бороотой нэгэн зуны өдөр. Дотор дулаахан, гадна шиврэх бороон дуслыг цонхон дээр зурагдан буух бүрт хуруугаараа дагуулан зурна. Удахгүй ирэх хуваарьт галт тэргийг хүлээн галт тэрэгний буудлын ойролцоох кафед борооноос хоргодон суухдаа маргааш өглөө хаана байх бол хэмээн төсөөлөн бодно. Энэ урт замыг туулж бараад гишгэсэн анхны газар минь гэр болог. Харин замыг уртыг би үл төвөгшөөнө.
Алсаас дахин галт тэрэг ирэхийг цантсан цонхоор олж үзээд цагаа харан суух ёстой галт тэрэг мөн болохыг мэдэв. Эхлэх нь дээ.
Бороо намдаагүй атал шүхэргүй ирсэн би кафен лангуун дээрээс сэтгүүл аван толгой дээрээ бариад гадна үүдний өмнө хэсэг зогслоо. Бороог дотроос харах нэн дуртай хэрнэ яагаад зориглон шалба норж чаддаггүй юм бол? Учир нь бид оролцох биш үзэх дуртай.
Гэнэтхэн хэн нэгний шүхэр дор орохоо мэдрэн хажуу тийш харвал нэгэн эелдэг эрхэм миний суух галт тэрэг рүү заан намайг тийшээ хүрэх эсэхийг тодруулж байна гэнэ. Би тийм хэмээн толгой дохиж, түүнд шүхрээ хуваалцаж буйд нь талархан инээмсэглэхийн хамт хоёул галт тэрэгний зүг нэгэн хэмээр алхан хүрэв. Хувцас минь хуурай байгаад би дотроо машид талархаад тасалбараа үзүүлэн дотогш нэвтэрлээ. Өглөөний найман цагийн хэрд юм уу даа. Галт тэрэг хөдлөхөөс арван таван минутын өмнө суудлаа эзэлсэн тул зорчигчдын суудал одоо ч хоосон харагдана. Унтлагын тасалгаатай биш суудлын галт тэрэг тул бүгд илхэн. Голдоо ширээтэй, хоёр талд нь өөд өөдөөсөө харан суудаг урт хөндлөн сандалтай энгийн галт тэрэг.
Галт тэрэг хөдлөхийн алдад цонхоор харан сууж байтал өөдөөс харсан суудал дээр өөр зорчигч суухыг мэдрэв. Түүнээс хүйт дааж байлаа. Алгуурхан урдах зорчигчоо хартал түрүүхэн надад шүхрээ зээлдсэн сайхан сэтгэлт хүмүүн байх агаад миний араас орж ирээгүй болтой, одоо ч цувны нь үзүүрээс ус дусалж үзэгдэнэ. Би түүнд дахин талархаж буйгаа илэрхийлээд тасалбараа үзүүллээ. Эрхмийн нүд даруй томорч энгэрийн халааснаасаа өөрийн тасалбарыг гаргаж миний урд тавив. Бидний явах маршрут эгээ ижилхэн байсанд би ч мөн гайхшрахад тэрээр гараа сунгалаа. Судаслаг бахим том хэрнэ ширүүн биш зөөлхөн арьс мэдрэгдсэнийг санаж байна.
Зам зуур тэр хүмүүн удтал чалчих бөгөөд харваас тун яриасаг хүн байлаа. Харин би тун сайн сонсогч байсан тул инээмсэглэлээр хариу барина. Өөрийн дадал зуршлаар би түүний яриаг ширтэн, уруул нь хэрхэн хөдлөхийг ажиглана. Тэр хүн танан цагаан шүдтэй, үл ялиг цорвогор улаан уруултайгаас гадна нүүр дүүрэн сайхан инээмсгэлэлтэй хүн байлаа. Дээд уруул нь доодхоосоо үл мэдэг цорвогор, ямар нэг зүйл нухацтай ярих үед уртаашаа суначихна.

YOU ARE READING
Portrait drawn with words/Oneshot/
Historia CortaСэтгэлдээ татлан үлдээсэн түүний хөргийг бичиж үлдээсэн бодролын далай...