Хорин насны босгыг даваад удаагүй надад хайр сэтгэлийн холбоо үүсгэх эхэндээ тун тааламжтай санагдсан юмсан. Үеийн залууг өөрийг нь сонирхдогийг мэдрээд тунчиг хөөрч баярлан, нисэх нь холгүй байсан юм. Үгс бүр нь үнэн санагдаж /гэхдээ худлаа байгаагүй л дээ/, үйлдэл бүрээрээ тэр надад хайр мэдрүүлсэн нэгэн байсан юм. Байсан шүү. Байсан. Одоо яагаад ч юм би түүнийг харах тоолонд уур хүрдэг. Инээдтэй хэрэг. Өөр залуу олдоогүйдээ түүнтэй үерхсэн юм биш л дээ. Өөрт минь таалагдсан болохоор л зөвшөөрсөн юм. Гэвч... Түүний үерхэх саналд зөвшөөрсөн хэрнээ, өөртөө хэн нэгэнтэй хамтдаа цаг хугацаагаа хуваалцах талаар зөвшөөрөл олгоогүй байсан юм. Үүнийг би хожим мэдсэн. Үерхэхийг зөвшөөрсөн хэрнээ цаг хугацаагаа хуваалцах тал дээр... Яагаад? Учир нь би эрх чөлөөтэй амьдрахыг хүсдэг бяцхан охин. Үнэндээ бяцхан биш л дээ. Зүгээр л энэ хэсгийг сонирхолтой байлгах үүднээс бичсэн юм. Би бага байхаасаа л тийм байсан. Гадаа тоглох цагаас минь хулгайч шиг хумсалсан ахдаа уур хүрсэндээ би төрсөн өдрийнх нь бялууг ганцаараа идсэн түүхтэй. Бас л нэг инээдтэй хэрэг. Эрх чөлөөнөөс минь, хэзээ ч хэмжигдэж боломгүй цаг хугацаанаас минь багахан хэсгийг нь авчихсанд би дэндүү их уур хүрдэг байсан. Одоо ч тийм хэвээрээ байжээ. Гэнэтхэн гараад ирсэн түүнийг хором хормоор надаас цаг хугацааг минь булааж байна гэж бодон уур хүрсэн. Салмаар санагдсан. Гэхдээ би энд салалтын талаар ярих гэж ирээгүй. Харин өөртөө боломж олгох тухай ярьж байна. Цаг хугацаагаа алдахаас битгий ай. Дэмий үрэхээс л ай. Хайр сэтгэл гэдэг цаг хугацаагүйгээр бүтэх зүйл яавч биш. Хэн нэгнийг хайрлахаар зориг шулуудсан бол чухал зүйлээ ч золиослож чаддаг байх хэрэгтэй. Цаг хугацааны эрхээр хайр улам дэлбээлдэг гэдэг. Харин харамласан сэтгэлээс үүдсэн хайр хаана төгсөх бол... Урт зүү арван хоёрыг заахад л бүгд нуран унах болно. Урт зүү дахин хэзээ ч нэгийн тоог заахгүй, богино зүү ч хэзээ ч хөдлөхгүй. Бүгд байрандаа хөдөдгөөнгүй үлдэж, эцэст нь хаа нэг газар хаягдан одох болно. Анхнаасаа хэзээ ч байгаагүй юм шиг...
Тийм болохоор өөртөө бас хайр сэтгэлдээ боломж олго. Мөн бүү харамла ❤️