Өдөр болгон өнгөрснийг дурсах чадалтай, зоригтой, завтай хүн цөөхөн шүү дээ. Тийм ой тогтоолттой нэгэн ч ховор. Нэг л мэдэхэд чи хэзээ ч мартахгүй гэсэн тэр хар бараан эсвэл бүр жаргалтай дурсамжуудаа мартаж орхино. Анзаарагддаг л биз дээ? Хайртай дотны хүнээ алдаад хэдхэн жилийг ардаа орхичихоод зөвхөн тэр хүнээ санагдуулах зүйлийг мэдэрчихээд, эсвэл дарсны хүчинд автах тэрхэн үеүддээ л үгүйлэн санагалздагийг. Тийм л өрөвдөлтэй ой тогтоолттой улс бид чинь. Тэгэхээр тэр өнгөрсөнтэйгөө бүү зууралд мэтийн улиг үгс ямар ч утгагүй. Өнгөрсөн тэртэй тэргүй биднийг орхиод л одно. Бид л тархи, мэдрэлийнхээ эд эс бүрийг шавхан байж өнгөрснийг өөртөө дөхүүлдэг. Гэхдээ л хаяж одно.
Тархиндаа гомдох хэмжээний ой тогтоолт муутай над шиг хүн байвал зураг дар. Зураг өөрөө хамгийн их өнгөрснийг одоод ойртуулагч. Аль болох орчин тойронтой нь зураг дар. Тэгээд тэр агшиндаа гүн бодолд дарагд. Яг одоо чи ямар байдалд байна, чиний юу болохгүй байна, яагаад гунигта байна, яагаад жаргалтай байгаа юм, одооноос юу хиймээр байна гэх мэтчилэн олон юм бод тэгээд тэмдэглэлийг зурагтайгаа хослуулаад үлдээ. Чи яг тэндээ оччихсон юм шиг, өнгөрсөндөө өнөөдрийн чи өшиглүүлээд байгаа юм шиг санагдана.