Чоно

101 0 0
                                    

... Цаг наашилж, цас цоохортон хаврын урь орсон үеэр их ян тайгын бэл дэх хэсэг ээвэр газарт ид нас бие гүйцэж яваа залуу чоно өдөржин хоолны эрэлд шогшиж ядарсан бололтой зүүрмэглэх аядан хэвтэж байв.

...Өнгөрсөн намрын хүйтэн бороо шивэрсэн хэдэн өдөр ахлаач азарган чоноо даган багахан сүрэг бэлэн хоол олсныг мөр даран хоёр хоног дагав. Үүр хаяарах цагаар зүрх зоригт манлайлагчаар ахлуулсан зоримог хоёр боохой идэш рүүгээ дайрах мөчид тэнгэр нурах мэт сүрт дуу гал цахилгаан манасхийхтэй зэрэгцэн цуурайтаж, харсаар байтал хамгийн эрэлхэг гурван боохойгоо хүн хэмээх хоёр хөлтний өмнө хөсөр унахыг үзээд бяцхан сүрэг бут үсрэн тал тал тийш ойн гүн рүү зугтжээ. Тэрээ өөрийнхөө өмнө цахилах хэдэн чоныг зөнгөөрөө даган харайж явсаар аюулаас нэлээд холдсон хойноо л гэнэт сүргийн ахлагчийн дагуул эрх саарал гичийг дагаж яваагаа ухаармагц азарган чонын хурц соёо гуя цавинд нь шигдэх мэт болж өөрийн мэдэлгүй давхийн гийнаж билээ. Түүний энэ дуунаар гичий чоно эргэн харж хамраараа битүү хуухирдан зогсохуй “дага” гэх шиг захирахуйд үл зөрчин бараадан цогьсоор аюулаас бүрэн холдсон гэж болох үед сая нэг юм зогсцгоон унанги дархины дор борооны ус хүрээгүй хуурай хөвд дээр тэрийн хэвтцгээв.

Тэр цагаас хоёр биенээсээ үл салан хүнд бэрх өвлийг даван хавартай золгох энэ цагт гичий чонын ааш хувирч, хэдэн өдөр бэдрэн явсаар нэгэн том, хуурай агуй олж мухарт нь хэвтэш зассанаас хойш ан гөрөөнд гарахгүй, залуу чоныг идэш олж ирэхийг шаардан давчдуулан шахах болжээ. Эр биеийн зориг чадал заан уулын бэл рүү бууж айлын сүргээс гоочлон барьж өөрөө ам хүрэхээсээ өмнө гичий чонондоо хүргэхээр дахин уул руу мацаж шогшсоор...

Нэг өдөр оройхон эргэн ирэх үед агуйн мухарт сонин авиа олноор гарч, шинэ содон үнэр хамарт нь мэдрэгдэхүйд гайхан зогтусч зуусан ангаа тавин анхааран ширтэхүйд гичий чонын хэвлийн орчимд дөрвөн жижиг амьтан мурилзан атиралдан хөдөлж гийнан дуугарч байв. Гичий чонын ааш урьдынхаас зөөлөн болж ядарсан байдалтай өөрийг нь харж байгааг анзааран олзоо зуун дөхүүлэн өгөх үед “бүү ойрт” гэх шиг заналхийлсэн авиа гарган архирч байвч дайсагнасан харц үгүй ажээ. Залуу боохой агуйн үүдэнд ядарсан биеэ амраан сунан хэвтэж, тэдний байр байдлыг харан үл ойлгогдох ертөнцийг таних гэж оролдон байлаа. Цаг хугацаа өнгөрөн одсоор гичий чоно түүнтэй урьдын адил хамтдаа анд гардаг болсон ч агуйдаа ойртох бүр сортолзон эргэн тойрноо хянан ажих нь ихэсч хурд нэмэн давхидаг болов.

ЧоноWhere stories live. Discover now