..... дугаар оны хуучин улирлын арван хоёр сарын гучны өдөр тэнгэр цэлмэг, нар шарлан туссан үнэхээр нэг сайхан өдөр байв. Хойд уулын энгэрээр дун цагаан цас гилтэгнэн, түүний зах сэжүүр нь сэмэрч орж ядсан эцэнхий туранхай үхэр малууд хөл дээр гарч, үүгээр түүгээр сүүлээ ширвэн явцгаадаг нь санагдаж, тэсгэм хүйтний илч хариад, хаврын сайхан улирал ирж байгаа нь мэдэгдэн, хэдийгээр тааламжтай сайхан авч, малчин ардын бүсгүй Цэрмаа, Дагдангийн хаяанд зогсож, сэтгэлд их л гунихралтайгаар элдэв зүйлийг бодмоглон урт урт шүүрс алдана. Юу гэвэл, Цэрмаагийн нутаг Гурван сайханы өвөрт бөлгөө. Гэр ядуу тул, эцэг эх нь түүнийг хотод илгээж, Дагдангийнд зарцлуулан суулгасаар, гурван жилийн нүүр үзэж байгаа нь энэ.
Дагдангийн ажлын ихийг хэлэх үү, түүний эхнэрийн чангыг хэлэх үү, ирснээс хойш хэдэн жилийн дотор ер ч амарсангүй, бие сэтгэлийн зовлонг цадтал үзжээ. Энэ завсар Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан хоёр яг тэнцэнэ. Ялангуяа ойрноос цагаан сар болно хэмээн анхны хэдэн шөнө банш хийж нойргүй хонов. Дараах хэдэн шөнө юм оёж үүр цайлгав. Өнөө өдөр үүргэлэн нойрмоглож, бүхий бие зүдрэн галиравч, урьд нутагт байхдаа ийм нэг сайхан нар тусаж, уул талын цас хайлсан хаврын сайхан өдөр гэрийн хаяандаа сууж, сая төрсөн хэдэн хурга, ишигтэйгээ наадан тоглож байсан нь гэнэт санагдаж, гэр орон эцэг эх, хөдөө нутаг юугаан мөрөөдөн уйтгарлаж, сэтгэл нь хөдлөн байгаа нь энэ ажгуу.
Гэтэл Дагдангийн эхнэр зургаан ханатай том гэгчийн цагаан гэрээс гарч ирээд, их л хүйтнээр хялайн харж, аягүйгээр зандран« Чи яасан хар золиг вэ? Олбог хивсний шороо, тоосыг гүвээд ир гэхэд энд юугаа хийсэн муу монди вэ? Хашааны хог арилгасан чинь энэ үү? Маргааш цагаан сарын шинийн нэгэн гэгчийг мэдэж байна уу, үгүй байна уу мал чи» гээд туужуугаар нуруун дунд нэг цохиж аваад, уурлан зогсоход Цэрмаа эсэргүүцэх аргагүй тул, «Толгой өвдөөд салхинд зогссон билээ, авгай минь» гээд хажууд бүхий том хивсийг авч, дааж ядан, цасан дээр сэгсэрнэ. Энэ үед ноднин жилийн бариулсан таван жангийн орос байшингийн цонхоор Дагдангийн охин Мядагмаа гэзэг үсээ самнан, нүүртээ оо энгэсэг түрхэн басхүү шинэ хийсэн бор ногоон торгон дээлээ тааруулан өмсөж байх нь үзэгдэнэ. Байшингийн дотор исгэрэн дуулж ийш тийш сэлгүүцэх бөгөөд цонхны бяцхан салхивчийг нээж, Цэрмааг дуудан: «Залуу айлчин эрчүүд ирвэл зүүн тасалгаанд оруул» хэмээн бас тушаал гаргана. Цэрмаа, Мядагмаагийн торгон дээлийн өнгөнд гялбахдаа өөрийн муу уранхай даавуу дээл уруугаа нэг хараад, Мядагмаагийн танхилзуур байдлыг өөрийн энэлэлт байдалтайгаар харшуулан бодож, нүднийхээ нулимсыг гилтэгнүүлсээр гэдрэг одож бас олбог журмын тоос шороог гүвж шүүрдэхийн хамт цагаан сарын өдөр манай гэрийн эзэд цөм сайхан торго дурдан дээл, буга минжин малгай хийж өмсөцгөөнө. Элдэв зүйлийн амтат идээ ба архи дарсыг төхөөрөн идэж ууцгаах нь ямар их жаргал вэ? Тийн атал би юунд ингэж нойр дутуу, уранхай дээлтэй, энэлэн шаналан явна гэж бодовч, нарийн учрыг олж эс мэдэн гагцхүү Мядагмаа хуучин дээлнээсээ нэгийг надад өмсүүлэх биз горьдоно. Дэвсгэрүүдийг цэвэрлэж дуусаад, байшингийн өмнөх хогийг арагт агуулж үүрэн, хашааны хаалганд хүртэл, гаднаас пүүсний хятадууд цагаан ваадантай боов болон бэлгийн зүйлсийг ирнэ. Зөрж гарахад нь тэдгээр хятадууд: «Ай танай сохорсон, нарийн юман дээр юунд хог буртаг гоожуулсан байна! Ай мангуу золиг аа» гэж бас зандран хараана. Аяа, Цэрмааг ноёлох хүн яасан олон билээ. Хогийг гадна асгаад ирвэл, Мядагмаа бас дуудаж: « Нүүрний ус асга» гэнэ.