Соёлыг гайхав

5 1 0
                                    

Хаврын хурц наранд өвлийн хунгарласан цас хайлж газрын хөрсийг чийгтүүлэн, өсөх төлжих ногоонд шимийг эх нь сайшаалтай боловч, тэрэгч Лувсангийн зуны халуунд хөлсөө урсгаж, өвлийн хүйтэнд хуруугаа хөлдөөж олсон муу гутлыг шавхайдан дүүргэх нь хайрлалтай.

Хасаг тэрэгний хяхнах тутам Лувсангийн сэтгэл уйтгарлаж хүрэн шарыг хашигнах бүр түүний уур хүрнэ. Лувсан хэдийгээр өсөх наснаас үхэр тэргээр нөхөр хийж, эзгүй талаар гэр болгож дадсан боловч хөөрхий зайлуул, хүний үр тул амрах цадах цагийг юунд үл хүснэ. Арван гурван наснаас тавин зургаан насыг хүртэл Шарын гол, Улаанбаатар хоёрын хооронд Дагвын өвсийг зөөж , Балдангийн түлээг тээсээр өдий хүрсэн тул зам дахь уул, давааг ч андахгүй энхэл донхлыг ч эндэхгүй, нүхнээс гарч хошгирох тарвагыг ч барах таних бөгөөд нисэн өнгөрч одох шувууг ч төлөв мэднэ. Хуучин хүний яриаг ихэд сонсож, хэдэн арван жил нилээд юмыг өнгөрүүлсэн тул хөгшин толгой сүрхий хаширжээ.

Хараагийн голд хоноод, Бороогийн голд үлдэхээр явахад бага үдийн үе байв. Лувсан эрт боссондоо гансартал эвшээн, урт замд мацалхийлэн алхах нь хэдийгээр зүдүүртэй боловч, урьхан салхи өмнөөс нь зөөлнөөр үлээж, үдийн нар ууц руу төөнөхөд бас ч нэг жаргал шиг санагдана. Хэдэн үхрээ гараар нэгэнт гуядаж , амаар хэдэнтээ гуугалсаар санамсаргүй явтал, ар талд шуугих чимээ гарна. Цочин гэдрэг ажиглавал, хөтөлсөн хэдэн үхэр хэв хэвээр, дув дуугүй цувралдан явах тул, сэтгэл нь тайтгарч, цааш алхлав. Гэтэл шуугих чимээ нь улмаар ихдэж, хоосон огторгуйд хүрчигнэн хорчигноход Лувсангийн сэтгэл нь сэр хийж, нүдээ сортойн, чихээ сэрвийн, элдэв юм бодогдон, «Хаврын эхэн сард тэнгэр дуугардаггүй юмсан. Галав юүлнэ гэгч нь арай болоогүй юмсан» хэмээн санаж зүрх догдлон, дөрвөн зүг, найман зовхист ажиглавал, үүл ч үгүй, хүн амьтан ч үгүй шороо ч үгүй, тоос ч үгүй аливаа байдал нам гүм, хамаг юм хэв хэвээр байтал, сонсох тутам өнөөх дуу нь улам ойртон, дээгүүр нь хүрчигнэхэд дээш харвал, харин нэг том шувуу мэт юм нисэн явна. Тэрэгч Лувсан тавин хэдэн нас хүртлээ тийм том шувуу үзсэнгүй, хэдийгээр хан гарьд гэдэг нэг том шувуу байдаг юм гэж сонссон боловч, бас энэ тивд байдаггүй гэж ярьдаг тул, адилтгашгүй, дэмий л гайхан дахин сайнаар ажиглая гэтэл, энэхүү нэг эгшинд тэртээ уулын цаана далд оржээ. Энэхэн зуур Лувсан нэг үе жигтэй болоод зүүдэлсэн ба үзсэн хоёрын алин билээ гэж эргэцүүлэн, зүгээр юмуу, хувилгаан юм уу гэж мухар сүсгийн үүднээс гайхсаар юу ч болов Улаанбаатар хотод очсоны хойно чавганц нарт ярьж, цайгий нь уух сонинтой болов гэж бодоод үхэр тэргээ гуугалан урагш явав. Удалгүй Улаанбаатар хотод ирэв. Уржигдрын үзсэнээ авгай хүүхдэд яръя гэтэл харин урдаас нь угтаж аваад «Манай хүрээнд нисдэг тэрэг гэгч нэг сонин тэрэг ирсэн биш үү» гэж хүүхдүүд нь хүр хүр гэж дуурайн бархиралдаж, хөгшид нь « Сүрхий юм, хачин юм» гэж залбиралдан байхад Лувсан хэдийний догь хүн тул дэмий чалчихаа байж даруй нэг таних залуу албаны хүнтэйгээ уулзан асууж, энэхүү нисдэг тэрэг нь хүний арга ухаан эрдэм соёлын үүднээс бүтсэн болох бүхий л учрыг олж сонсоод, ихэд гайхаж, хөдөөгийн байдалд мунхран сууж, хөдөөх заншлаар нэг насыг барахгүй, хөл хүрэх газар явж, ухаан хүрэх юмыг үзвэл эрдэм соёл гэгч их сайхан юм байна гэж мэдэвч, энэ бие хөгширсөн тул ирэх жилээс ажилд орох гэж байсан арван хоёр настай хүүгээ ардын сургуульд хөөн явуулжээ.

Д. НацагдоржWhere stories live. Discover now