Нэг доллар наян долоон цент. Байгаа нь л энэ. Тэрнээс жаран цент нь дан бутархай зооснууд. Энэ зоос бүрийн төлөө идэш уушны худалдаачин, ногоочин, махны наймаачинтай учир зүггүй наймаалцаж, ийм хорголоо тоолсон харамч харигаасаа ичиж, битүүхэн зовохдоо чих нь хүртэл халуу оргиод ирдэгсэн. Делла мөнгөө гурвантаа тоолов. Яг нэг доллар, наян долоон цент. Гэтэл маргааш Зул сарын баярын өдөр. Одоо хийж чадах ганц юм нь хуучин муу олбогт вандан дээрээ подхийтэл сунаж ойчоод, ингэнэтэл уйлах л байлаа. Делла ч тэгэв. Амьдрал доголон нулимс, сүүрс алдалт, инээд хөөр мэтээс бүтдэг, тэр дундаа санаа алдалт давамгайлдаг гэсэн гүн ухааны дүгнэлт хийсэн ч болохоор байгаа биз.
Энэ гэрийн эзэгтэйг дээрх бүх шат дамжлагыг туулж байх зуурт орон гэрийг нь сайн хараад орхиё. Долоо хоногийн найман долларын үнэтэй, тавилгатай, хөлсний байр. Модоо барьсан гуйлгачин гэхээс илүүтэй таг чимээгүй ядуурал тавил заслаас нь тов тодорхой. Гадаахь гол хаалганых нь доохно шуудангийн хайрцаг байна. Ганц нимгэн захидал багтамгүй нарийхан нүхтэй, бас нэг ч үйлт амьтан ганц дуугаргаж дөнгөөгүй цахилгаан хонхны товх байна. Тэр бүхэн дээр "Ноён Жеймс Диллингхем Юнг" гэсэн бичигтэй бяцхан пайз нэмэгдэнэ. Уг нь уг нэр нь дурайгч энэ эрхэм долоо хоногт гучин доллар авч байсан саяхны элбэг дэлбэг цагт "Диллингхем" гэдэг нэр хамаг уртаараа сунайж байсан. Гэтэл өдгөө мөнөөх орлого нь хорин доллар хүртлээ шалдаа буунгуут "Диллингхем" хэмээх үгийн үсэгнүүд бид эгэл боргил, элдэв чимэггүй "Д" болж охордохноо ч яахав хэмээн зүгээр ч нэг даажин хийе гэж санаагүй бололтой зэвий даан өнгө алджээ. Гэхдээ ноён Жеймс Диллингхем Юнг гэртээ ирж, дээд давхар өөд өгсөнгүүт, түүнийг "Жим" гэсэн цовоо дуун, Делла нэрээр танд түрүүн танилцуулсан хатагтай Жеймс Диллингхем Юнгийн халуун дотно тэврэлт үргэлж тосч байдаг юм. Энэ бол харин үнэхээр сэтгэл догдлом сайхан.
Делла сэтгэлээ онгойтол уйлаад, хацраа өдөн бөмбөлгөөр зөөлхөн цохилов. Одоо тэр цонхныхоо дэргэд зогсоод, орог саарал гудамжны дундуурхи, саарал хашаан дээгүүр зугаалагч саарал муурыг гунигтай харж байлаа. Маргааш Зул сарын баярын өдөр, гэтэл Жимд бэлэг авахад түүнд ердөө ганц доллар наян долоохон цент байгаа! Сар өдрийн уртад цент бүрийг хямгадаж, арай гэж хураасан нөөсөн бүхэн нь энэ. Тэгээд ч долоо хоногийн хорин доллараар хаа явахав. Үрлэг зарлага түүний бодож байснаас их байв. Зарлага гэдэг хэзээний ийм. Жимд бэлэг авахад ердөө л нэг доллар наян долоохон цент байна! Миний Жимд! Зул сарын баяраар түүнд юу бэлэглэхээ бодож, хичнээн олон цагийг баяр баясал дүүрэн өнгөрөөлөө. Юу ч юм бэ, нэг тийм ер бусын, ховор нандин, үнэтэй цайтай, Жимд ногдох өчүүхэн атугай нэртэй цуутай, хувьтай юу ч юм бэ тийм нэг юм.
Хоёр цонхны хооронд босоо толь тавиатай. Та найман долларын тавилгатай байрны босоо толинд өөрийгөө тольдож үзсэн үү? Дэндүү ясархаг туранхай, сав сэвхийсэн шалмаг хүн л ийм толины хавтаснаа ээлжлэн солигдох дүр төрхөө олж харж, өөрийнхөө гадаад байдлын тухай цэгцтэй ойлголт цуглуулж чаддаг юм. Делла туранхай нэгэн болохоор энэ урлагийг эзэмшиж чаджээ.
Тэр гэнэт цонхны дэргэдээс толь руугаа ухасхийв. Түүний нүд нь гялалзавч, будаг шунх нь нүүрнээс нь хорин хормын дотор арилж орхисонд тэр яах ийхийн завдалгүй хатгууруудаа сугачин үсээ задгайлав.
Эр эм хоёр Жеймс Диллингхем Юнгэд тэдний баяр бахдалын дээд болсон хоёр гайхам эрдэнэ байсныг танд хэлэх хэрэгтэй болов уу. Нэг нь эцэг, өвөг эцгээс нь уламжлагдсан Жимийн алтан цаг, нөгөөх нь Деллагийн үс. Хэрэв Савская хатан хаан эсрэг талын байшинд нь амьдарч байсан бол эрхэм дээдэстний хамаг гоёл, чимэгийн өнгө зүсийг дарж давах гэсэндээ Делла толгойгоо угаагаад, бүр тэгэхээс тэгэх гэж цонхон дээрээ үсээ намируулан хатаах байсан. Хэрэв Соломон хаан тэдний байшинд хаалгачийн алба залгуулж, хамаг алт эрдэнэсээ доод хонгилд нь хадгалдагсан бол, хаантан атаархсандаа үс сахлаа яажшуухан үгтээхийг нь харах гэсэндээ Жим хажуугаар нь өнгөрөх бүртээ зориуд цагаа гаргах байсан.
Ийнхүү Деллагийн сайхан үс хүрэн өнгөт хүрхрээн долгио адил гялалзанхан, намиран асгаран задарчээ. Бүр өвдөгнөөс нь доош намираад, түүний бүх биеийг хэвнэг мэт нөмрөв. Гэтэл хүүхэн тэр дороо цухалдаж сандарсаар, үсээ дахиад янзалж гарлаа. Тэгснээ дараа нь эргэлзэж тээнэгэлзэв үү гэлтэй хормын төдий хөдөлгөөнгүй зогсож ахуйд хоёр гурван ширхэг нулимс салбархай улаан хивсэн дээр шүүдрийн дусал шиг бөнжигнөн унав.
Хуучин бор цээживчээ мөрөндөө углаж, хуучин бор бүрхээ духдуулаад басхүү банзлынхаа хормойг хийсгэсээр, хатаж амжаагүй нулимсаа гялалзууланхан тэр нэг мэдэхийн шатаар, гудамжинд гарахаар гүйж явлаа.
Түүний дэргэд нь зогссон хаяган дээр "M-me Sorhronie. Үсээр хийсэн бүх төрлийн бараа" хэмээн бичээтэй байлаа. Делла хоёрдугаар давхарт гүйж гарангуутаа, жаахан зогсож, арайхийн сэхээ оров.
-Та миний үсийг худалдаж авахгүй биз хэмээн тэр хатагтайгаас эг маг асуулаа.
-Би үс авдаг, -гэж хатагтай хэлээд: -Малгайгаа тайл даа, бараагаа харах хэрэгтэй биз дээ гэв.
Дахиад л хүрэн өнгөт хүрхрээ асгаранхан буужээ.
-Хорин доллар хэмээн хатагтай өтгөн сайхан үсийг нь хэзээ язааны алган дээрээ дэнслэнгээ өгүүлэв.
-Шалавлаж үзээрэй гэж Делла хэлэв.
Дараагийн хоёр цаг ягаахан жигүүр дэлгэн ниссэн мэт өнгөрч, иймэрхүү эл дол болчихсон зүйрлэл хэрэглэснийг минь уучилж ажаамуу. Делла Жимд бэлэг хайн дэлгүүр хэслээ.
Эцэс сүүлдээ эрснээ олов. Тэр бол зөвхөн Жимд зориулж бүтээгдсэн, зөвхөн түүнийх гэдэгт эргэлзэх юм байсангүй. Түүнтэй дүйцэхээр юм бусад дэлгүүрээс олдоогүй, тэгээд ч мань хүн бусдынх нь барааг цөмийг нь урвуулж хөрвүүлж орхисон юм чинь. Энэ бол энгийн, эрхэмсэг төв хээтэй, нүд хуурсан гял цал бус, жинхэнэ чанар чансаагаараа сэтгэл булаасан энгэрийн цагны цагаан алтан гинж байлаа. Сайхан эд ийм байх ёстой биз. Түүнийг бараг цагнаасаа илүү үнэтэй ч гэж хэлж болмоор. Делла түүнийг харав уу, үгүй юү энэ гинж Жимийнх байх ёстой гэдгийг эрхгүй ойлгожээ. Жим өөрөө ямар хүн билээ, энэ гинж яг тиймэрхүү. Эгэл энгүүн, эрхэмсэг сайхан энэ чанар нь тэр хоёрыг бусдаас онцгойруулж, тодруулж байдаг билээ. Хорин нэгэн доллар касст төлөхөөс аргагүй болсон агаад Делла халаасандаа наян долоон центтэй гэр рүүгээ яарч явлаа. Ийм гинжтэй байхад ямарч хүмуүсийн хүрээлэн дунд Жимээс цаг асуухад ичих зовох юмгүй. Түүний цаг харц булаам сайхан ч, хааяахан гаргаж хулгайн нүдээр хяламхийнэ, хуучин муу суран оосортой юм чинь аргагүй шүү дээ.
Гэртээ ирэнгүүт Деллагийн цовоо цолгин зан номхорч, хатуу тооцоо, хашир хэрсүү хоёрт байраа тавьж өгөв. Тэр үс буржийлгадаг хавчуураа гаргаж, хийн цоргиураа асаагаад, уужим сэтгэл, хязгааргүй хайрынхаа сүйтгэл эвдрэлийг засч додомдож эхэллээ. Энэ бүхэн ямар хүнд хөдөлмөр билээ, найзууд минь, үнэхээр агуу хөдөлмөр.
Дөчин минут ч өнгөрөөгүй байтал түүний толгой жижигхэн, бөөрөнхий, мушгиа туг үсээр бүрхэгдэж, хичээлээсээ оргосон дүрсгүй жаалтай адилхан болчихов. Тэр удаан анхааралтай, басхүү голонгуй харцаар толинд өөрийгөө баахан харлаа.
"Яахав дээ" гэж тэр өөртөө хэлээд,
-Хэрвээ Жим намайг харангуутаа алчихдаггүй юм бол Кони-Айлендийн найрал дууны хүүхнүүдтэй адилхан болчихож гэж бодно биз. Гэтэл би өөр яах байсан юм бэ, ээх, өөр би яах байсан юм бэ, надад ганц доллар, наян долоохон цент байсан!
Долоон цагт кофе буцалж, хийн зуухан дээр хайруулын таваг халуу дүүгүүлэн хонины махан шанзаа хүлээж байлаа.
Жим хэзээ ч хожимддоггүй. Делла цагаан алтан зүүлтээ гартаа тас атгаад, ширээгээ буландан, гадаахь хаалгандаа ойрхон суулаа. Удалгүй дороос шатаар айсуй түүний алхаа чихийг нь дэлсэж, эгшний дотор царай нь хувхай цайгаад ирэв. Тэрбээр ахуй амьдралын аар саар зүйлээр, богинохон залбиралаар бурханд ханддаг зуршилтай бөгөөд яаруу сандруу:
-Бурхан минь, би түүнд таалагдахаа больчих вий, тусалж хайрлаач! хэмээн шившжээ.
Хаалга онгойж, Жим орж ирэнгүүтээ, хаалгаа хаалаа. Түүний царай эцэнгэр туранхай, цаанаа нэг зовиуртай. Хорин хоёртойдоо айлын ачаа үүрнэ гэдэг яаж амар байхав! Түүнд аль хэзээний шинэ пальто хэрэгтэй, бас бээлийгүй гар нь бээрч хоцорч.
Жим хаалганы наахна бөднө шувууны үнэр авсан сеттер нохой шиг таг гөлөрчихөв. Тэр ойлгохын аргагүй харцаар Деллаг эг маггүй гөлөрч, бүсгүй гэнэт дотроо хүйт оргитол айжээ. Энэ бол уур хилэн ч биш, гайхал эргэлзээ ч биш, айдас хүйдэс ч биш, зэмлэл ч биш, төсөөлж таамаглаж болох тэр олон мэдрэхүйн аль нь ч биш. Тэр харцаа салгаж чадалгүй зүгээр л түүн рүү гөлөрч байсан агаад хачин гайхмаар царайныхаа өнгийг ч өөрчилсөнгүй.
Делла ширээний араас босон харайж, түүн рүү ухасхийн тэмүүлэв.
-Жим, хонгор минь, гээд тэр орилчихов,
-Намайг ингэж битгий хараач дээ! Би үсээ тайраад зарчихсан, яаж би Зул сарын баяраар чамд өгөх бэлэггүй, сарвайх юмгүй хоосон суух юм бэ. Хувхайрчихсан биш ахиад ургана л биз. Чи нээрээ над уурлаагүй биз дээ? Би өөр яах юм бэ. Миний үс хачин хурдан ургадаг. Жим, чи Зул сарын мэнд хүргэхгүй юм уу, хоёулаа сайхан баярлая. Би чамд ямар бэлэг авсныг чи мэдсэн ч болоосой, ямар гайхмаар, ямар сайхан бэлэг гэж санана!
-Чи үсээ тайруулчихсан юм уу? гэж уураг тархи нь учир зүггүй ажиллаад буй хэр нь энэ барим тавим явдлыг одоо хэр ухаж ойлгоогүй аятай тэр түгшүүр дүүрэн асуув.
-Тийм ээ, тайраад зарчихсан -гэж Делла хэлээд:
-Чи тэртэй тэргүй намайг хайрладгаараа хайрлаж энхрийлнэ, тийм биз дээ? Үс минь богинохон ч би байдгаараа, хэвээрээ шүү дээ гэлээ.
Жим ойлгоогүй янзтай өрөөгөө нүд гүйлгэн харав.
-Тэгэхээр чиний намирсан урт гэзэг чинь бүр байхгүй болчихсон гэсэн үг үү? гэж тэр утга учиргүй зөрүүдлэн шалгаав.
-Хайгаад хэрэггүй ээ, чи тэрнийг заяа нь олохгүй -гээд Делла:
-Би чамд хэлеэн шүү дээ. Би тэрнийг зарчихсан, тайраад зарчихсан.
Өнөөдөр Зул сарын баярын битүүн, Жим. Надтай энхрий дотнохон байгаарай, яагаад гэвэл энэ бүхнийг би чиний төлөө хийсэн, хэмээн ярьж байснаа, түүний энхрий зөөлөн дуу яах ийхийн завдалгүй төв сүрлэг болж, -Чамайг хайрласан миний сэтгэлийг энэ хорвоо дээр хэн ч, бүр хэн ч хэмжиж чадахгүй! Шанз махаа шарах уу, Жим? - гэв.
Тийнхүү Жим сая ухаан орлоо. Тэр хамаг бүхнээ умарттал Деллагаа чанга тэврэв. Томоотой, төлөвхөн байж, хэдэн хором ямар нэгэн хөндлөнгийн юм харсан шиг байцгаахаас... Ер нь долоо хоногийн найман доллар их үү, эсвэл жилийн сая доллар их үү? Математикч, төгс ухаантан хоёр танд буруу хариулт өгнө. Ид шидтэн хязгааргүй үнэ цэнэтэй бэлэг авчирч өгдөг л дөө, гэхдээ тэр дунд нэг зүйл байдаггүй. Энэ мэт учир битүүлэг үгийн утгыг хожим тайлъя.
Жим пальтоныхоо халааснаас боодолтой юм гаргаад, ширээн дээр чулуудчихав.
-Намайг бүү буруу ойлгоорой, Делла гээд тэр:
-Үсний ямар ч засалт, тайралт энэ тэр миний хүүхэндээ өгсөн хайрыг минь надаас булааж чадахгүй. Гэхдээ чи энэ боодолтойг задал, тэгээд чи, яагаад би орж ирээд мэлэрч орхисныг ойлгоно.
Цагаахан, уран шалмаг хуруунууд цаасан боодол, гоё бүчийг дор нь задлав. Гайхаж биширсэн дуун хадаад явчихсанаа, тэр дороо хүүхэн хүний гашуун нулимс, сэтгэлийн орь дуунаар яах ийхийн завдгүй солигдож, гэрийн эзэн мэддэг чаддаг, сэтгэл засч тайтгаруулах хамаг арга чаргаа хэрэглэхээс аргагүйдэв.
Ширээн дээр үсний хавчаарууд хэвтэж байлаа, яг нөгөө хавчаарын цуглуулга, арын нэг, шанхны хоёр, Бродвейн шилэн лангуунаа Деллагийн аль эртнээс бишрэн харж байсан тэр хавчаарууд. Ямар гоё хавчаар гээч, яст мэлхийн хуягаар хийсэн, хүрээгээр нь гялалзсан олон чулуу шигтгэсэн, бүр элгэн хүрэн үснийх нь өнгөтэй адилхан өнгөтэй чулуунуудтай. Энэ их үнэтэй, Делла үүнийг мэднэ. Түүний эзэн болох биелэшгүй мөрөөдлөөр зүрх нь хичнээн удаан шимширч, зовж, тарчилсан билээ дээ. Гэтэл энэ бүхэн түүнийх болсон ч, шунал хүслийг нь булаасан эдээр гоёх сайхан гэзэг нь даанч байхгүй болжээ.
Бүсгүй хавчааруудаа цээжиндээ тас атгаад, тэргүүнээ өргөж, нулимстай нүдээрээ инээмсэглэн арайхийн сэхээ оров уу яав,
-Миний үс хачин хурдан ургадаг юм, Жим! хэмээн дуу алдав. Тэгснээ бүсгүй хариугүй шалзрахаа шахсан муур шиг бондгосхийн босон харайж,
-Ээ, бурхан минь хэмээн дуу алджээ.
Нээрээ түүний гоё бэлгийгЖим хараагүй шүүдээ. Бүсгүй алган дээрээ нөгөө гинжээ тавиад түүн рүү гараа сунгажээ. Бүүдгэр цайвар өнгөт үнэт төмөр түүний чин сэтгэлийн, оволзсон их баяр баясгалангийн гэрэл гэгээнд өнгө орон гялалзаад явчих шиг болов.
-Сайхан байгаа биз, Жим. Би хотоор нэг гүйж байж арай гэж олсон юм. Одоо цаг хэд болж байгааг өдөрт зуун удаа харсан ч болно. Алив цагаа над өг дөө. Эд нийлээд яаж харагдах нь вэ, би хармаар байна.
Гэтэл Жим түүний үгийг сонсохын оронд олбогт вандан дээрээ хэвтээд хоёр гараа салаавчлан дэрлэж, бүр нэг сэтгэл нь онгойсон янзтай мишилзэв.
-Делла минь, чи бид хоёр өөрсдийнхөө бэлгийг одоохондоо нууцгай байлгалгүй горьгүй нь, яахав жаахан хэвтэнэ л биз. Эд одоохондоо бид хоёрт арай гоёдоод байна. Би чамд хавчаар авах гээд цагаа зарчихсан. Одоо яг шанз махаа шардаг цаг даа.
Яслийн багачуулд бэлэг сэлт авчирч өгдөг шидтэнүүд бидний мэдэхээр ухаан төгс, гайхмаар цэцэн улс байж. Тэд л Зул сарын баяраар бэлэг өгдөг ёсыг үүсгэж дэлгэрүүлсэн. Тэд өөрсдөө ухаан билэг төгс хойно өгдөг бэлэг сэлт нь хүртэл дориун, хэрэв хэрэггүй юм таарах аваас солих эрхтэй гээд хэлцчихсэн бололтой байдаг нь бүр ч олзуурхмаар. Гэтэл би энд бие биеийнхээтөлөө, өөрсдийнхөө хязгааргүй үнэтэй цайтай эрдэнийг хамгийн мунхгаар, бүр гасалж ганирмаар гарздаж буй, найман долларын өрөөний хоёр тэнэгхэн жаалын тухай ямар ч гайхуулж гийгүүлэм юмгүй жирийн нэгэн түүхийг өгүүлэв. Бас өглөгч, өр нимгэн бүхнээс хамгийн ухаалаг нь энэ хоёр байсныг манай үеийн ухаан билиг төгс хүн бүхэнд өөрийн эрхгүй захиж хэлмээр санагднам. Бэлэг өргөн барьж, алга тосон авагч нараас үнэнхүү хамгийн ухаалаг нь ийм л хүмүүс байдаг билээ. Хаа ч адилхан ийм байдаг. Ийм хүмүүс л ёстой жинхэнэ ид шидтэнүүд шүү дээ.
YOU ARE READING
Ид шидтэнүүдийн бэлэг/The Gift of the Magi
Nouvelles[О. Генри] "The Gift of the Magi" is a short story by O. Henry first published in 1905. translated by http://www.biirbeh.mn/