"Хонгор минь, бэлэн болсон уу? Охин маань биднийг хүлээгээд байна" хэмээн нөхөр минь намайг дуудсаар орж ирэхэд нь би бараг л дуусч байсан тул инээмсэглэсээр ээмгээ зүүгээд
"Тийм ээ, бэлэн. Явцгаая" гээд түүнийг дагуулан өрөөнөөс гарлаа.
Биднийг хүлээн зогсох охины минь царайнаас бяцхан сандрал үзэгдэх аж. Би ч бас ингэж сандарч байснаа саяхан мэт санаж байна.
Би "Хөгшөөн, чи түрүүлээд гарч байх уу? Би охинтойгоо ганц хоёрхон үг солих хэрэгтэй бололтой" гэж үе үе уртаар санаа алдах охин руугаа хайр дүүрэн харц тодруулсаар хэлэхэд нөхөр минь ч миний санааг ойлгосон бололтой толгой дохин
"Гэхдээ бидэнд хугацаа бага байгаа гэдгийг санаарай. Худуудаа анхныхаа уулзалтан дээр хүлээлгэж болохгүй байх" гээд түрүүлэн гарлаа. Охин минь бидний зүг хараад аавынхаа араас гарах гэхэд нь би
"Еэволаа" гэхэд тэр над руу харан
"За, ээжээ" гэв. Би түүн дээр очин гараас нь атган, нэг гараараа сул тавьсан үсийг нь чихнийх нь араар хийнгээ
"Сандарч байна уу?" гэж асуухад охин минь хошуугаа унжуулан
"Аль хэдийн танилцчихсан байж яагаад сандраад байгаагаа ч би ойлгохгүй байна" гэхэд нь би зөөлөн инээмсэглэлээ.
"Еэволаа, ээж нь ч бас гэр бүлийн уулзалтынхаа үеэр үнэхээр их сандарч байсан. Өвөө, эмээтэй чинь танилцах үедээ би тэгэж их сандарч байгаагүй байж шүү дээ. Санаа зоволгүй, биеэ барилгүй тайван бай, за юу" гэж хэлэхэд охин минь толгой дохин, бид гэрээс гарав.
Үргэлж жаахан байх юм шиг сэтгэж байсан охин минь нэг л мэдэхэд хүний болох болжээ. Худуудтайгаа танилцаж, охиныхоо хуримын талаар ярилцахаар явж байгаа минь энэ.
Цаг хугацаа гэдэг харвасан сум шиг л хурдан өнгөрөх юм. Охиныхоо насан дээр хуримаа хийх гээд явж байсан залуу халуун нас минь саяхан юм шиг л тодхон санагдах атал аль хэдийн гуч гаран жил өнгөрчээ.
*****
Худуудын захиалга өгсөн гэх рестораны тусгай өрөөний хаалгаар ороход У хүргэн ганцаараа сууж байхыг хараад бид гурав бага зэрэг гайхлаа.
У хүргэн "Ааваа, ээжээ. Өдрийн мэнд" гээд өнөө л дулаахан инээмсэглэлээ тодруулсаар асуухад нь нөхөр маань
"Өдрийн мэнд. Аав, ээж нь хараахан ирээгүй бололтой" гэхэд У хүргэн
"Орж ирж байна гэж дөнгөж сая залгасаан. Ийшээ суугаач" хэмээн ширээ рүү заагаад бидний ард явсан охины минь хацар дээр үнсэхийг би анзааран, инээмсэглэв.