"Энэ чинь хэн бэ? Удаан уулзаагүй хүн байна шүү дээ. Чамайг энэ удаад ч бас ирэхгүй л гэж бодож байлаа"
"Хөөе, Сун Хэин. Төгссөнөөсөө хойш нэг ч удаа уулзаагүй юм байна шүү дээ. Уулзалтандаа ирэхэд яадаг юм бэ?"
"Юригээс л чиний талаар сонсдог байлаа"
"Ийм залуудаа албаны дарга болсон гэл үү? Үнэхээр мундаг юм аа"
Дөнгөж орж ирүүтээ л 10 жилийн өмнө л хамгийн сүүлд уулзсан ахлах ангийн хүүхдүүдийнхээ энэ мэтчилэн эцэс төгсгөлгүй асуултанд дарагдаж эхлэв. Зарим нэгтэй нь энд тэнд ганц хоёр удаа хальтхан таарсныг эс тооцвол шүү дээ.
"За, одоо болно оо. Үргэлж завгүй байдаг түүнийг би энд авчрах гэж хичнээн хичээснийг та нар лав мэдэхгүй дээ. Ажлаас өөр юм мэддэггүй болохоор нь би бараг өөрөө ажлыг нь өмнөөс нь төлөвлөсөн байх аа. Элдэв асуултаар залхаахаа болио" хэмээн найз Юри минь хэлснээр тэдний асуулт нэг юм намжлаа.
Юри бол миний ахлах сургуулиасаа хойш найзласан цор ганц найз минь. Угийн даруухан, бүрэг ичимхий надад түүнээс өөр найз байдаггүй байж билээ. Хичээлээс өөр юм мэддэггүй байсан бүрэг надаас тэс ондоо араншинтай хэр нь бид өдийг хүртэл нөхөрлөсөөр л ирсэнд би ч хааяа гайхдаг юм. Гал ус хоёр шиг хэр нь хэрхэн зохицдог юм бүү мэд.
Ахлах сургуулиа төгссөнөөс хойш жил тутам зохион байгуулагддаг ангийнхныхаа уулзалтанд ганц ч удаа ирж байгаагүй би Юригийн цуцашгүй зангийн ачаар энэ жил энд ийн сууж байгаа минь энэ. 10 жил өнгөрсөн байхад энэ удаад заавал ангийнхантайгаа уулзах ёстой гэсэн түүний хэдэн сарын турш үглэх, гуйх, зандрах хосолсон ятгалтаас болж 1 сарын өмнө ажлаа цэгцэлж, төлөвлөгөөндөө энэ өдрийг ээж, аавынхаа төрсөн өдрөөс ч илүү тодоор тэмдэглэсэн байсан юм.
"Ингэхэд Хэин, чи Америкт хэр удаан байсан юм? Их сургуульдаа л тэтгэлэг аваад явсан гэж сонссон" хэмээн нэг охин асуухад саяхныг хүртэл чимээгүй л тэднийг ажиглаж байсан би толгой дохин
"Тиймээ. 1-р курсэд тэнд суралцах боломж олдоод шууд явчихсан юм. 7 жил орчим болсоон" гэхэд Юри
"Мастертайгаа нийлээд 6 жил сураад тэндхийн нэг том компанид ажиллаж байсан юм. Одоо ажиллаж байгаа компанидаа урилгаар ирж ажиллаж байгаа юм шүү дээ" хэмээн илт бардамнасан шинжтэй ярих найзыгаа нудран
"Юри, одоо болно оо" гэхэд Юри
"Яадаг юм. Үнэн л биз дээ" хэмээн тоосон шинжгүй хэлэв.